богино мэдээ New

Нүүрст хотгорын нулимс буюу хоёр тэрбум тонн нөөцийн сураг

Гэвч ач тус нь юу байна вэ, эдийн засагт хэр хэмжээний мөнгө оруулах вэ, бидэнд юу үлдээх юм гээд олон асуулт ургаж байна. .

 

-Дэлхийн хэмжээний уурхайгаас бид юу хожих вэ-

Тоймч Л.Баатархүү

Баруун бүс дэх стратегийн ач холбогдол бүхий гэх нэгэн ордын нөөц огцом нэмэгдэх нь. Тодруулбал, 1956 оноос өдгөөг хүртэл Баян-Өлгий, Увс аймгийн нүүрсний хэрэглээг хангаж ирсэн Нүүрст хотгорын орд гадныхны мэдэлд очоод даруй гурав гаруй жилийн нүүр үзэж байна.

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах 127,8 км газар нутгийг хамрах энэ ордын ил уурхайн нөөц өмнө нь 109 сая тонн гэж байсан бол Уул уурхайн яамны албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хоёр тэрбум тоннд хүрэх боломжтой болжээ.

Зөвхөн ил уурхайн хэмжээгээрээ Монголын стратегийн ордуудын жагсаалтад хамаарч, цаашлаад нөөц нь нарийвчлагдан тогтоогдвол дэлхийн хэмжээний орд болно гэх үг өнөөдөр ийнхүү биеллээ олох нь. Бид Оюутолгой, Тавантолгой гэж хошуурч байх хойгуур баруун бүсийн энэ ордод чухам юу өрнөөд байна вэ гэдгийг хэлэх, мэдээлэх төрийн мяндагтан өдгөө тун ч ховор. Түүнчлэн тэнд Өмнөд Солонгос, Хятад, Канадын эзэрхийлэл оршин тогтнов.

Өмнөд Солонгосын “баярхал”

Өнгөрсөн 2010 оны 12 дугаар сарын сүүлээр Өмнөд Солонгосын төрийн мэдлийн “Korea coal”  гэх корпораци энэ уурхайн 51 хувийг худалдаж авсан гэдэг. Тус корпорацийн мэдэгдэлд “Нүүрст хотгорын уурхайн нийт хувьцааны 51 хувийг 10 сая ам.доллараар худалдан авлаа.

 Уурхайн нөөц их учир жилийн олборлолтын хэмжээ илт нэмэгдлээ ч 30-40 жил ашиглах боломжтой. 2011 онд уурхайг нээж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн” талаар дурьдсан байна. 2012 оноос 300.000 тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа бөгөөд цаашдаа жилд олборлох хэмжээгээ 1-2 сая тоннд хүргэх зорилттой гэнэ билээ.

Хотгорын уурхайгаас олборлосон нүүрсээ хөрш зэргэлдээх Оросын Тува, Алтай, Хятадын  Шинжаан руу борлуулахаар нүүрс нийлүүлэх гэрээний ажил хийгдэж байгаа аж. Эл компанийн хувьд хилийн чинадад орд газар авсан анхны эзэмшил нь. Тийм учраас тухайн үед магнай тэнэгэр байгаагаа дэлхийн нөлөө бүхий цахим хуудсаар зарласан байх юм. 

Түүнчлэн уурхайн орчим дахин нэг олборлолтын эрх авсан нь мөнөөх л Канад ах нар монголчуудтай хамтарч “Mongolia-Minerals” гэх компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл бүхий орд худалдаж авчээ. Тэд Нүүрст хотгороос ухаж авсан нүүрсээ Хятадын Шинжаан уйгарын өөртөө засах оронд аваачиж “нөөнө”.  

Нөөхийн тулд Баян-Өлгий аймгийн Даянгийн боомт хүртэл 325 километр сайжруулсан даацын зам барина гээд буй. Компанийн зарим мэдэгдэлд “Шинжаанд манай нүүрснээс цахилгаан гаргаж авахаас гадна үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдана” гэжээ. 

Ямартай ч солонгос, канадчуудын ачаар уурхайн нөөц нэмэгдэж Монголын нэг орд дэлхийн энтэй болох нь.

Гэвч ач тус нь юу байна вэ, эдийн засагт хэр хэмжээний мөнгө оруулах вэ, бидэнд юу үлдээх юм гээд олон асуулт ургаж байна. Харамсалтай нь энэ хэдхэн асуултыг хариулчихмаар ядаж цаасан дээрх хэдэн тоог нутгийн иргэд болон олон нийтийн өмнө ил гаргаагүй. Нууцын зэрэглэлтэй. Нууц байх тусам бүр ч их хардлага төрүүлэх нь дамжиггүй биз. 

Бидэнд юу ч үлдэхгүй нь

Одоогоос таван жилийн өмнө Нүүрст хотгорын ордод нэлээд аятайхан төсөл хэрэгжих сураг дуулдаж байв. Хотгорын нүүрсний ордын гүнд 12 мВт-аас доошгүй хүчин чадалтай цахилгааны эх үүсвэр барихыг тухайн үед УИХ баталсан байдаг.

Ингэснээр  Баян-Өлгий, Ховд, Увс гурван аймгийн эрчим хүчийг хангах, цаашлаад Говь-Алтай, Завхан гээд баруун таван аймгийг цахилгаанаар өлхөн хангачих станцын төсөл цаасан дээр буусан нь тэр. Төслийг Энэтхэг, Хятадын мэргэжилтнүүдтэй хамтран “Грин ресурс” гэх компани хийж байв.

Гэтэл өнөөдөр энэ төсөл цаастайгаа цуг салхинд хийсчихэв үү гэмээр сураггүй болжээ. Хэрэв наанадаж хоёр жилийн өмнө ч юмуу уг далд станцыг барьчихсан бол оросуудын халаас руу хийсэн 52 сая /гурван жилийн/ ам.доллар Монголдоо шингэх байлаа. 

 

Төсөлд дурьдсанаар тус станцаас баруун аймгуудын төв рүү хоолой татна. Тэрхүү хоолойгоор нүүрснээс ялгаруулж авсан хий дамжиж цахилгаан, дулаанаар айл, өрхийг хангана. Нөгөөтэйгүүр хэрэглэгчдэд хүрэх нэг киловатт цахилгаан эрчим хүчний үнэ 50 төгрөгөөс хэтрэхгүй байхаар төсөлд тусгасан байна. Харин нэг шоо метр дулааны үнэ 200 төгрөгөөс дээш гарахгүй байжээ.

Тэгэхээр энэ үнэ бензин, шатахууны үнийн өсөлтөөс хамаарахгүйгээр ойрын 50 жилдээ тогтвортой байх боломжтой байсан аж. Станц барих судалгааны ажил явж байхад хөрөнгө оруулагчид хүртэл нэлээд байсан ч тухайн үед судалгаа бүрэн дууссаны дараа дотоодынхоо хөрөнгөөр хийх нь зүйтэй гэдгийг холбогдох яам, төрийн эрх бүхий байгууллагуудаас хэлж байсан гэнэ.

 

Уг гүний станцыг 20 сая ам.доллараар барих тоо ч бий. Энэ тоо бол баруун гурван аймгийн ОХУ-д өгдөг тогны хэрэглээнийх нь нэг жилийн үнэтэй дүйцэнэ. Гэвч харамсалтай нь одоо эл төсөл ямар ч сураггүй, яасан нь тодорхойгүй хэвээр байна. Ядаж далд станц учраас байгаль орчин, эргэн тойрондоо элдвийн сөрөг нөлөө багатай гэдгийг төсөл боловсруулагчид тухайн үед хэлж байсан санагдана. 

Харин станц ч үгүй, эдийн засагт ямар байдлаар яаж ашиг тусаа өгөх нь тодорхойгүй зөвхөн ухаад Хятад руу зөөх төдий үйл ажиллагаагаа нэрлэж байгаа Өмнөд Солонгос, Канадын компаниудаас бид юу авч үлдэх вэ. 

Үргэлжлэл бий.