богино мэдээ New

GoGo мэдээний агентлаг Asia News Network-д нэгдлээ

ANN-ий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд "Монгол Контент" ХХК-н гүйцэтгэх захирал Г.Гантуяа болон "Конрад-Аденауэр" сангийн Азийн хэвлэл хариуцсан захирал Торбен Степан нар оролцлоо..

GoGo мэдээний агентлаг Asia News Network (ANN) буюу Азийн хамгийн том хэвлэлийн байгууллагуудын эвсэлтэй хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр Монгол Улсад болж буй үйл явдлыг үнэн бодит, шуурхай байдлаар дэлхийн уншигчдад хүргэх боломж нээгдэж байна.

ANN-ий хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд "Монгол Контент" ХХК-н гүйцэтгэх захирал Г.Гантуяа болон "Конрад-Аденауэр" сангийн Азийн хэвлэл хариуцсан захирал Торбен Степан нар оролцлоо.

ANN нь 1999 онд долоон гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан бол өдгөө Зүүн болон Зүүн Өмнөд, Хойд Азийн 21 улс орны тэргүүлэгч хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладаг дэлхийн хэмжээний эвсэл болжээ.

ANN нь Азийн оронд болж буй өдөр тутмын мэдээллийг англи хэлээр гэрээт хэвлэлийн байгууллагуудаас авч уншигчдад хүргэхээс гадна бусад олон төрлийн хамтын ажиллагаа зохион байгуулдаг.

Өнөөдрийн байдлаар тус байгууллага нь Бангладеш улсын "The Daily Star", Хятадын "China Daily", Индонезийн "The Jakarta Post", Японы "Japan News", Тайландын "The Nation" гэх мэт Өмнөд, Зүүн Өмнөд болон Зүүн Хойд Азийн орны 21 тэргүүлэх өдөр тутмын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

GoGo мэдээний агентлаг нь 2007 онд байгуулагдсан бөгөөд gogo.mn сайт нь өдөр тутмын мэдээ мэдээллийг шуурхай хүргэн ажиллахаас гадна нийгэм, улстөр, эдийн засгийн томоохон нийтлэл сурвалжлагуудыг бэлтгэн хүргэдэг хэвлэл мэдээллийн байгууллага юм.

GoGo мэдээний агентлаг gogo.mn мэдээллийн сайтаас гадна англи хэлтнүүдэд зориулсанmongolia.gogo.mn болон өсвөр насныханд зориулсан yolo.mn сайтуудыг эрхлэн гаргаж байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улстөрийн бодит мэдээллийг дэлхий дахинд түгээх зорилготой англи хэл дээр мэдээлэл түгээдэг mongolia.gogo.mn сайтыг 2015 онд үүсгэн байгуулсан. Бид өнөөдөр англи хэлтнүүдийн өдөр тутмын мэдээлэл авдаг гол эх сурвалж болоод байгаадаа бахархалтай байна.

Тиймээс шалгуур өндөртэй Азийн хамгийн том хэвлэлийн байгууллагуудын эвслээс манай агентлагт санал тавьж, бидэнтэй хамтран ажиллах болсонд таатай байна. 

Эх сурвалж: www.gogo.mn