богино мэдээ New

Ц.Анандбазараас зай барихын учир

Нийслэлийн прокурорын газраас яагаад түүний хэргийг гэнэт ийн хэрэгсэхгүй болгов гэдгийг АТГ-ыхан хүртэл өөрсдөө гайхалд орсон байв. .

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

     “Сод Монгол групп” ХХК-ийн нэр, энэ компанийн захирал Ц.Анандбазартай холбоотой асуудал бараг 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл бүтэн 12 жил дамнан үргэлжиллээ. Хүчтэй нь хүчгүйгээ иддэг болж, хууль, шүүх гэж шалбааг устай адил ширгэж алга болдог болсон өнөө үед аль залийн ухаантай, мөнгөний бяртай нь ялж байна. Байсхийгээд л Ц.Анандбазар, түүний багийн нөхдүүдтэй холбоотой том, жижиг асуудал гарах нь чухам ямар учиртай юм бэ. Өнгөрсөн 2012 оны сонгуулийн үеэр түүнийг Дорноговь, Говьсүмбэр аймагт нэр дэвших гэж байхад нь Авлигатай тэмцэх газраас баривчлан шалгасан.

Гэвч удалгүй түүний хэргийг Нийслэлийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон байдаг. Түүнийг ийн баривчилахад олон нийт “АН-ыхны хийж буй улс төр” хэмжээж байсан ч зарим эх сурвалжуудын амнаас өөрийн намынх нь нөхдүүдийн хийсэн “завьнаас түлхэх оролдого” ч гэж байв. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат 2012 оны наймдугаар сард энэ эрхмийн хэргийн талаар “Ц.Анандбазарыг 2012 оны тавдугаар сард хээл хахуулийн хэргээр баривчилсан. Шалгалтын явцад тэрбээр нэр дэвших гэж буй Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг хадгалж байсан нь илэрсэн. Ийм учраас Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн юм. Харин бидний шалгаж байсан асуудлыг Нийслэлийн прокурорын газраас татаж, хэрэгсэхгүй болголоо” хэмээж байлаа. Нийслэлийн прокурорын газраас яагаад түүний хэргийг гэнэт ийн хэрэгсэхгүй болгов гэдгийг АТГ-ыхан хүртэл өөрсдөө гайхалд орсон байв. Нөгөөтэйгүүр Тагнуулын Ерөнхий газарт шилжсэн дээрх хэргийнх нь хариу хүртэл өдгөө яасан нь тодорхойгүй хэвээр намжлаа. Хувь хүн, аж ахуй нэгжийн мэдээлэл яаж яваад хувийн нэг компанийн захирлын гарт орчихов гэдэг нь эргээд том асуудал дагуулна.

Ц.Анандбазараас зай барихын учир юу вэ

     Ц.Анандбазар яагаад компанийн нэр давхардуулж авав. “Сод монгол” ХХК гэх компанийн захирал Д.Чинзориг гэж нөхөр одоо хүртэл Ц.Анандтайгаа ав цав үзэлцсээр байна. Түүний хэлж буй үг, баримтууд нь эцэстээ үнэн гэлтэй бодол төрүүлэх аж. Уг нь Д.Чинзориг 1995 онд “Сод монгол” нэртэй компани байгуулан ажиллуулж байжээ. Гэтэл дөрвөн жилийн дараа буюу 1999 оноос Ц.Анандбазар “Сод Монгол групп” гэх компани байгуулж улмаар Д.Чинзоригийн компанийн нэр ашиглан нэлээд их хэмжээний мөнгө “дугтарсан” талаар тэрбээр хэвлэлээр хэдэнтээ хэлээд авсан. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам”-аас 20 сая, “Багануур” компаниас 40 сая, “Эрэл” компаниас 50 сая, нийтдээ 110 сая төгрөгийг “Сод Монгол” ХХК-ийн нэрээр залилж авсан. Бас Д.Чинзоригоос зээлээр авсан шатахууныхаа үнийг төлөлгүй 272 сая төгрөгөөр хохироосон гэх мэт гомдол бий.

Нийгэмд энэ хоёрын асуудлыг хоёр талаас нь хардаг. Д.Чинзориг хэмээх тэр эрийг улстөрчдийн явуулгаар Ц.Ананбазар руу дайрч байгаа гэх. Үүнийг Д.Чинзориг тайлбарлахдаа “Би тэгж хохирчихоод байхад хэн нэгний шахалт, түлхээсээр явах боломжгүй шүү дээ. Ингэж яриад, бичүүлээд байгаагийн цаад учир нь тодорхой. Хүн хохироосноо булзааруулж, аргалах гэсэн л заль” хэмээсэн.

Харин нөгөө өнцөг нь монгол хэлний үг дуусчихсан байгаа биш Ц.Анандбазар яагаад арын үгнээс бусад нь адилхан нэртэй компани байгуулав гэдэг нь эргэлзээ төрүүлнэ. Эцэстээ Д.Чинзориг нь үнэхээр хүчгүйдэв үү гэх хардалт төрж байна. Энэ хоёр бизнесмен залуусын шүүхдэлцсэн асуудал аль 2003 оноос хүчээ авсан. Хэрэг нь явсаар 2010 оны аравдугаар сарын 25-нд нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит төлөөлөгч Ш.Сүхбат Д.Чинзоригт хариу өгсөн байдаг. Хариуд “...УЕПГ-т таны гомдлын дагуу эрүүгийн 346128 дугаартай хэргийг хянаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359.2-т зааснаар шинэ нөхцөл байдал илэрснээс хэрэг үүсгэж гомдолд бичигдсэн асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичсэн болохыг мэдэгдье” гэжээ.

Ингээд Ц.Анандбазарыг шалгаж эхлэх гэтэл Улсын ерөнхий прокурорын туслах, УЕПГ- ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших 2010 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр “Шинээр нөхцөл байдал илэрснээс үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоох тухай” тогтоол гаргачихсан байна. Ингэхдээ Д.Чинзоригийн гаргасан гомдолд дурдсан асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд шалгаж, шүүх нотлох баримтуудаа үнэлэлт дүгнэлт хийх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй байх тул 360.2 дахь заалтыг удирдлага болгон үүсгэсэн хэргийн ажиллагааг зогсоосугай” гэжээ. Уг нь Ш.Сүхбат прокурор “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 359 дүгээр зүйлийг удирдлага болгон хэргийг шалгуулъя” гэсэн. Гэтэл Б.Бат-Орших “Энэ хуулийн 357 дугаар зүйлээр шалгах үндэслэлгүй байна” гэсэн байдаг. Чухамдаа Б.Бат-Орших хэмээх эл дарга бас хэний талд үргэлж үйлчилсээр ирэв гэдэг нь мөн асуултын тэмдэг хэвээр.

Нөгөөтэйгүүр Ц.Анандбазар захирал өнөөдрийг хүртэл энэ гомдол, хэргийн талаар олон нийтэд өөрийн байр сууриа илэрхийлээгүй байгаа. Бизнес эрхлэгчдийн дунд түүнтэй нэг их нялуурахгүй байсан нь дээр гэх яриа хүртэл гарсан байдаг. Түүнчлэн энэ эрхэм 2008 оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдож, мөн тус дүүргийн ТҮК-ийг удирдаж байсан цаг саяхан. Гэвч харамсалтай нь эл дүүрэг Улаанбаатарын хамгийн их хогтой дүүрэг болсныг амтай болгон нь хэлдэг, мэддэг.

Мөн түүнтэй холбоотой Өргөө кино театрийн хувьчлал, Мэдээлэл технологийн үндэсний паркийн түрээсийн төлбөр төлөөгүй асуудал, Чингэлтэй дүүргийн X хороонд иргэн Н.Даваадоржийн дугуй засвар ажиллуулж байсан 12 ам метр газрыг тус дүүргийн Газрын албаныхнаар шийдүүлэн булааж авсан /гэх олны дунд өрнөсөн мэдээлэл/, 2013 оны эхээр эхнэр рүүгээ дайрч улмаар хуулийн зөвлөхөө зодсон, онгоцны шатахуун нийлүүлэгчээр монополь, Баянхошууны тойрог, 21 дүгээр хорооны шатахуун түгээх салбарууд нь бензинээ дутуу шахдаг зэрэг олон гомдол, олны дундах хэл ам түүний тойргоос тасрааргүй хэвээр. Тун удахгүй манай сэтгүүлчдийн баг “Нууц хэрэг” эрэн сурвалжлах сэдвээр эдгээр хэргүүдийн талаар сурвалжлан хүргэх болно.