богино мэдээ New

400 грам цус 3-4 хүний амь аварна

Цусны өвчнөөр ихэвчлэн залуу хүмүүс өвчилж байгаа. Цус багадалтаас болж хавдар болох тохиолдол ч байдаг..

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг /www.tugeene.mn/

    Сүүлийн үед манай улсад цусны өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай өсч байна. Бүх төрлийн хавдар өсч байгаа ч тэр дундаас “Цусны хавдар сүүлийн 20 жилийн дотор эрс өсч байна” гэсэн судалгаа гарчээ.

Уг өвчний талаар Улсын клиникийн Нэгдүгээр эмнэлгийн Цусны тасгын сувилагч Х.Сосорбурам ийн ярилаа. Тэрбээр “Цусны өвчнөөр ихэвчлэн залуу хүмүүс өвчилж байгаа. Цус багадалтаас болж хавдар болох тохиолдол ч байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эмчид тогтмол үзүүлэх эсвэл жилд нэг удаа юм уу, хагас жилд нэг удаа үзлэгт хамрагдаж байх ёстой юм. Хэрэв шалтгаан нь тодорхойгүй халуурч, ядарч, сульдах, шалтгаангүйгээр хамраас цус гарвал заавал шинжилгээ өгч оношоо тодруулах хэрэгтэй” гэлээ. Дашрамд дурьдахад 400 грам цус 3-4 хүний амь авардаг талаар мэргэжилтнүүд онцолж байна.

Цусны өвчин гэдэг нь хүнд байх ёстой цусны эрүүл эсүүд хавдрын эсээр солигдож байна гэсэн үг. Тодруулбал, эрүүл хүний биед байх ёсгүй залуу хавдрын эсүүд цусанд орж, нас бие гүйцсэн эсийн үүргийг гүйцэтгэж чадахгүй, эмгэгээр олширсны улмаас үүсдэг өвчин аж.