богино мэдээ New

Диваажинд очихоосоо өмнө хийх ёстой 10 зүйл

Хүн төрөлхтний энэ хорвоо ертөнц дээр ирээд буцах он жил урт мэт боловч дэндүү ахархан. Гэвч бурхнаас бидэнд илгээсэн тэр л цаг хором мөч бүрийг сайн сайхнаар өнгөрүүлэхийг хүн бүр хүснэ. Танд ч гэсэн хийхийг хүсдэг зүйл, очихыг хүсдэг газар, мэдрэхийг хүсдэг таашаал гэж байдаг л байх. Энэ өгүүллийн гарчгаа эвгүйхэн өгсөнд бүү эмзэглээрэй. .

Хүн гэдэг амьдралын хуулиар диваажинд очдог жамтай. Харин жам ёсоо хий дэмий хүлээх бус залуу байгаа дээрээ, хийж бүтээх чадвартай дээрээ өөрийгөө энэ хорвоогийн нэгэн эд эс нь гэдгээ мэдрэх тэр л бүхэнд өөрийгөө, цаг хугацаагаа харамгүй зориулаарай. Бид нэг л амьдарна.

  

1. Хүмүүнлэг үйл бүтээх

 

Хүнлэг сэтгэл гаргаж, хүмүүнлэг үйлс бүтээнэ гэдэг өөрийнхөө доторх хүнтэйгээ тэрсэлдэхийн нэр биш. Өөрөөр хэлбэл, таны үзэл бодол энэ талаар боддоггүй байтлаа бусдын нүдэнд сайн нэгэн болж харагдах гэж байгаа бол бүтэхгүй л хэрэг болов уу. Хүмүүнлэг үйлс бүтээхэд хүнээс чинхүү хүсэл тэмүүлэл өөрийн эрхгүй бадамладаг. Тиймээс бусдын шаардлага, хэн нэгний ятгалгад автаж бус сэтгэлээсээ хийгээд үзээрэй. Танд сайхан мэдрэмж өгөх болно. Харин хүмүүнлэг үйлс гэхээр хэт томоор бодох хэрэггүй. Халуунд цанган, өлсөн суугаа ядарсан нэгэнд ганц ус, жигнэмэг ч их тус болох юм шүү. Сайхан сэтгэлийн үрээр бүтсэн энгийн жижиг үйл ч сайн энерги дагуулж байдаг. Энэ бол таны хүн болон төрсний бас нэгэн сайхан мэдрэмжийг өгөх үйл юм шүү. Урагшаа хүмүүнлэг үйлстэн минь.

2. Дахин "төрөх"

 

Энэ бол энэ ертөнцийн хүн бүрийн хүсэл мөрөөдлийн жагсаалтын дээгүүр бичигддэг зүйл биз ээ. Та ч гэсэн аль хэдийн өөрийнхөө очихыг хүссэн газруудаа бодоод төлөвлөчихсөн үү? Дэлхийгээр нэг хэрэн хэснэ гэдэг шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ үзэл бодол, шинэ хандлага, мэдлэг, амьдралын туршлага, дурсамж, дахин давтагдашгүй мөчүүд гээд танд дахин төрсөн мэт мэдрэмжийг өгөх гайхалтай бас зугаатай “ажил”. Тиймээ, заавал аялнаа.

3. Түүнтэй хамт сэл

 

Хийж үзэх бас нэгэн адал явдал бол далайн гахай буюу дельфинтэй нөхөрлөх. Дэлхийгээр аялж зугаалж байхдаа үүнийг хамтатгаж болно шүү дээ. Хөгжилтэй, эелдэг найрсаг энэ өхөөрдөм амьтантай өнгөрүүлэх хэсэгхэн хором ч танд гайхалтай мэдрэмжийг өгнө.


4. Тэнгэрт дүүлэн нис

 

Би л лав үүнийг хийж үзэхийг хамгийн ихээр хүсдэг. Учир нь яаж тэнгэрт тэгж тогтож, элдэв дүрс гарган “тоглож”, орчин тойрныг торох зүйлгүйгээр хардаг байнаа? гэж бодохоор л өөрийгөө тэнд байх ёстой хүн гэдгийг мэдэрдэг. Шүхрээс зөөлөн “буулт” хийх энэ үед таны бие хэдхэн минутын дотор хэрхэн чөлөөт уналт хийхийг мэдрэх галзуу спорт. Гэхдээ заавал мэдрэх мэдрэмж тээр дээр тэнгэрт бий.

5. А-Я…

 

Хий дэмий цуурхагч, чалчигч бус яг л мэддэг бол мэддэг, мэддэггүй бол мэддэггүй нэгэн байхын нэр. Харин мэддэггүй атлаа мэддэг мэт дүр эсгэж болохгүй шүү. Тиймээс хэнтэй ч, юуны тухай ярилцсан тодорхой мэдлэгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой байна гэдэг чухал зүйл. Тиймээс чухал хэдэн сэдвийн хүрээн дэх ерөнхий мэдлэгээ үргэлж тордож, хөгжүүлж, арвижуулж байгаарай. 

6. Таны жин хэд вэ?

 

Энэ бол олон бүсгүйчүүдийн толгойны өвчин. Ер нь хүн илүүдэл жинтэй байна гэдэг ямар нэг өвчний суурь болж байдаг эрсдэлтэй зүйл. Тиймээс өөрийнхөө жинг хэвийн хэмжээнд барьж байх нь чухал. Тиймээс зөв зохистой хооллох, хөдөлгөөн хийх гээд үүнд эрүүл байхын утга учир багтана. Хэвийн жиндээ, эрүүл байгаа эсэх, үгүй бол өөрийгөө зоригжуулж, өөртөө амлалт өгөн, яг л энэ бүсгүй шиг “Ура” гэж баярлан дэвхцэх өдөрт тэмүүлээрэй.

7. Өөрийн бизнесээ эхлүүл

 

 “Хэзээ ч битгий орлогын нэг эх үүсвэртэй бай” гэж алдарт бизнесмэн Уоррен Баффет хэлсэн байдаг даа. Та өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа ч өөрийнхөө болон гэр бүлийнхээ хоёр дахь орлогын эх үүсвэр болгож дахин нэг зүйлийг сэдэж хийх хэрэгтэй. Таны сайн мэддэг, чаддаг хобби ч байж болно. Ямар ч зүйл толгойгоо сайн хөгжүүлж чадвал мөнгө олох боломжтой байдаг.

8. Зугаатай шоо

Рубикэн шооны мастер болох зорилт өөртөө тавиарай. Энэ бас л нэгэн авьяас, чадвар шүү. Уг нь бол тоглоом, гэхдээ одоо бол оюуны бас нэгэн спорт болсон энэ шоо нь хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, оюуны чадамжийг сайжруулах чадвартай нь батлагдсан. Үргэлжийн сэргэг толгойтой байхын бас нэгэн нууц юм даа.

9. Айдсаа даван туул

 

Харанхуй, ганцаардал, уйтгарлал, сүнс сүг, аалз, жоом гээд та юунаас айж, сандардаг вэ? Тэр бүгдээс өөрийгөө чөлөөлж, айдсаа даван туулаарай. Өөрийгөө хий дэмий айдаст автуулах нь таныг өөртөө итгэх итгэлийг эвдэх, сул дорой нэгэн болгоно. Өндрөөс айдаг бол ганц удаа ч болох өндөр уулын орой дээр гараад бүхнийг дээрээс хараад үзээрэй. Танд цоо шинэ мэдрэмж бэлэглэнэ. Хамгийн гол нь та өөрөө өөрийгөө ялан дийлсэн шинэ нээлттэй нэгэн болно.

10. Наран мандах, жаргах

Энэ хорвоод хүн байхын нэгэн сайхан үнэ өртөггүй хэрнээ гайхамшигтай мэдрэмжийг өгөх зүйл бол байгалийн гоо сайхныг харж, мэдрэх явдал. Тэр дундаа нарны мандах, жаргах тэр мөч таны сэтгэлд ч байгаль эхийг сэргээдэг мэт мэдрэмжийг өгнө гээд бод доо. Сайхан байгаа биз.

Та өөр юуг хийж үзэхийг хүсдэг вэ? Эдгээр 10 дээр тэр бүхнийгээ нэмээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ жирийтэл нь жагсаагаад биччих. Ингээд хийснийгээ, хийхийгээ бүгдийг нь тэмдэглээд дугуйлаад л, хүслүүдээ биелүүлээд байгаарай. 

everyday.mn