богино мэдээ New

Оросын тал “Эрдэнэт”-ийн хувийг Үнэ хүргэсэндээ олзуурхаж байна

-Монголын тал төслийг бүрэн хянахыг эртнээс хүсч байсан. 500 сая ам.доллар бол хангалттай сайн үнэ. Ашиг сайтай жилүүдэд “Эрдэнэт”-ээс Оросын талын хүртэх ашиг 20 сая ам.доллараас хэтэрдэггүй байсан” гэж тус салбар дахь “КоммерсантЪ” сонины эх сурвалж мэдээлжээ-.

-Монголын тал төслийг бүрэн хянахыг эртнээс хүсч байсан. 500 сая ам.доллар бол хангалттай сайн үнэ. Ашиг сайтай жилүүдэд “Эрдэнэт”-ээс Оросын талын хүртэх ашиг 20 сая ам.доллараас хэтэрдэггүй байсан” гэж тус салбар дахь “КоммерсантЪ” сонины эх сурвалж мэдээлжээ-


“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” компани уг хувиа Монголын талд 500 сая ам.доллараар худалдсан үйл явдлыг Оросын хэвлэлүүд өөрсдийн байр сууриас тайлбарлан бичиж эхэлжээ.
Юун түрүүнд “КоммерсантЪ” энэ талаар мэдээлсэн нийтлэлээ “Ростех Зөвлөлтийн үлдэгдлээс саллаа” хэмээн гарчигласан байна. Уг нийтлэлд дурдсанаар бол “Монголын талын хяналт, “Эрдэнэт”-ийн татварын хатуу дэглэм хувьцааг сонирхол татахааргүй болгосон... Монголын тал төслийг бүрэн хянахыг эртнээс хүсч байсан. 500 сая ам.доллар бол хангалттай сайн үнэ. Ашиг сайтай жилүүдэд “Эрдэнэт”-ээс Оросын талын хүртэх ашиг 20 сая ам.доллараас хэтэрдэггүй байсан” гэж тус салбар дахь “КоммерсантЪ”-гийн эх сурвалж мэдээлжээ.
“Ростех”-ийн мэдээлснээр төрийн корпорацийн 2025 оны хөгжлийн стратегийн түвшинд хийгдэх төслүүдийн санхүүгийн нөөц бололцоо, хэрэгцээнд тулгуурлан хувиа худалдахаар шийдвэрлэсэн гэнэ. Гэрээний үнийг нийтэд ил болгоогүй ч “Ростех”-ийн хувьд энэ бол бодит сектор дахь томоохон гэрээ болжээ” хэмээн “КоммерсантЪ” дээрх нийтлэлдээ дурдсан байна. Тэгэхээр Оросын тал “Эрдэнэт” үйлдвэрийн хувиа цагийг нь олж “үнэ хүргэн” зарсан гэж олзуурхаж байгаа бололтой. 
Харин Монголын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд шилжүүлэн авч, улмаар 100 хувь эзэмшихээр болсноо зарласны дараагаар монголчуудын хувьд хэрүүлийн шинэ сэдэв эхэллээ.Иргэдийн дунд дээрх “наймааг” зөв, буруу гэхээсээ урьтаад Худалдаа, хөгжлийн банк 49 хувийг авах болсонд эгдүүцэж байгаа нь сошиал хэрэглэгчдийн сэтгэгдлээс харагдаж байна. 
Тэгвэл энэ асуудлаар Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон мэдэгдэл хийж, тайлбар өгөхдөө “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон “Монголын зэс” компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна. ОХУ-ын “Ростех” компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа, хөгжлийн банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно” гэжээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед гарч буй дээрх шийдвэрийг түүхэн үйл явдал гэж нэрлэж болох байх. Учир нь өмнөх зууны голлох бүтээн байгуулалтууд болох төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр зэргийг бид өнөөдрийг хүртэл ОХУ-тай хамтран эзэмшиж, тэдгээртэй холбоотой олон асуудлаар хараат байж ирсэн юм. Эхний алхам ийнхүү тавигдаж, “Эрдэнэт” үйлдвэрийн эзэмшлийг Монголын талд 100 хувь шилжүүлэн авав. 
Гэхдээ энэ шийдвэрийг сонгуулийн санал хураалтын өмнө гэнэт зарласанд иргэд цочирдож, нөгөө л “тамын тогооны үлгэр” рүү чирч орхилоо. Улсын төсөвт ихээхэн хэмжээний орлого төвлөрүүлдэг “Эрдэнэт” үйлдвэр ашгаа Оросын талтай хувааж ирсэн бол өнөөдрөөс эхлээд дотооддоо 100 хувь шингээх нөхцөл байдал үүсч байгаад олзуурхахаасаа илүүтэй 49 хувийг худалдан авсан компанийг хардаж байгаа бололтой. Оросын талын хувийг худалдан авсан “Монголын зэс” хэмээх компани болон түүнд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн Худалдаа, хөгжлийн банкийг харлуулах “ажиллагаа” олон нийтийн сэтгэл зүйд дөрөөлсөн төдийгүй улс төрийн зорилготой нь тодорхой харагдаж байна. 
“Эрдэнэт”-ийн 49 хувийг аль нэг компани биш төр авах ёстой байсан, эсвэл иргэдэд эзэмшүүлэх ёстой байсан гэх зэрэг “популист” хүсэл мөрөөдөлд олон нийт нэлээдгүй автаж байгааг улс төрийн зарим хүчнүүд дөрөөлөн өдөөж буйг харж байна. 
Үнэндээ бол асуудал бизнесийн зарчмаар шийдэгдсэн юм. Хувь эзэмшигч тал үүнийгээ хэнд ямар үнэ хүргэж зарах вэ гэдэг цэвэр арилжааны зарчмаар асуудалд хандаж, улс төрийн нөлөөллөөс зориуд тойрохыг хичээсэн нь илэрхий биз ээ. 
Үүнийг эсэргүүцэж байгаа улс төрийн нам, хүчин, тэдгээрийг даган дэмжиж байгаа иргэдийн хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг иргэддээ хувааж өгөх ёстой байсан бололтой. Оросууд хувиа улс төрийн нөлөөллөөс холуур цэвэр бизнесийн зарчмаар үнэ хүргэн худалдахаа урьтал болгоно уу гэхээс биш монголчуудын популизмыг дагаж маньд үнэгүй өгөхгүй нь уг нь ямар ч эрүүл саруул хүнд ойлгомжтой тодорхой зүйл юм. 
Өнөөдөр 500 сая ам.долларын арилжаанд оролцож чадах, энэ хэмжээний санхүүгийн үйлчилгээ үзүүлэх оролцогчийг нээлттэй сонгон шалгаруулах ёстой байсан гэх асуудлаар Засгийн газрыг буруутгагчид олон байна. 
Тэгэхдээ өнөөдрийн хувьд асуудлын гол нь Эрдэнэтийн 49 хувийг “хэн авсан” биш монголчууд авсан нь л илүү чухал юм. Иргэдийн нэрээр төр бүхнийг эзэмших ёстой гэдэг зарчим уг нь хаана ч байхгүй. Харин ийм популист маягийн сэтгэлзүй нийгэмд хүчтэй байдаг, үүнд л дөрөөлж улстөр хийгчид нь олон байдаг.
Цаашид Монгол Улс хөгжье гэвэл томоохон мега төслүүд рүү хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа чиглүүлж, тэдгээрээс эдийн засгийн үр ашиг хүртэж баймааж л хөгжинө гэдэг чиг баримжааг бүхий л улстөрийн хүчнүүд хэлдэг, санал нэгддэг. Харин тэдгээр төслүүдэд төр өөрөө биш харин үндэсний гэгддэг томоохон компаниуд л хөрөнгө оруулалт хийж эрсдлийг үүрэх нь тодорхой бөгөөд зөв зам биз ээ. 
Энэчлэн улс орны хөгжилд зүтгүүрийн үүрэг гүйцэтгэх ёстой томоохон компаниудаа, хөрөнгө оруулалт татах гэсэн санхүүгийн арга хэрэгслүүдээ бид хардсаар байвал хамтдаа л унах болно. Улс орны хөгжлийг хүссэн хүсээгүй тэдгээр томоохон компаниуд л чирж, бусад араас нь дагах болно гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон байна.

Эх сурвалж: