богино мэдээ New

Авлигатай тэмцэх газар бол айсан хүнд хөдөлдөг аргал юм

Ингэснээр УИХ-ын дэргэдэх төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо илүү нягтарч, бидний харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. .

Саяхны нэгэн өдөр УИХ-ын дэргэдэх байгууллагуудын дарга нар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын дэргэдэх байгууллагын нэг юм. Тус газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын хэлснээр энэ уулзалт “үйлдвэрлэл дээр нь үзэж харах” зорилготой байв. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсад харьцангуй шинэ тулгар байгуулагдсан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцах боломжийг та бүхэнд олгож байна. Ингэснээр УИХ-ын дэргэдэх төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо илүү нягтарч, бидний харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцах уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Буянцогтоо, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, дэд дарга Р.Содхүү, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, тус комиссын гишүүн П.Оюунчимэг, Н.Ганбаяр, Монголбанкны Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэн, Санхүүгийн зохицуулах хорооны Эрх зүйн хэлтсийн ахлах хянан шалгагч Д.Гэрэлчулуун нар оролцов. 

Танилцах уулзалт Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс эхэллээ. Энэ хэлтэс авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэднийг авлигатай тэмцэх арга барилд сургахаар ажилладаг юм. Улсын хэмжээнд төрийн гэх данстай бүх байгууллагад авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх ажлыг АТГ анх байгуулагдсан цагаасаа хийж ирсэн. Төлөвлөгөөг яаж хэрэгжүүлснээ төрийн байгууллагууд оны төгсгөлд тусгай шин жээчдээр үнэлүүлдэг байна. Уулзалтад оролцогчид энэ үнэлгээний талаар ихэд сонирхож байв. Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан “Манай байгууллага өнгөрсөн жил хангалтгүй үнэлгээ авсан. Энэ жил авлигаас урьдчилан сэргийлэх ажлаа сайжруулахын төлөө анхаарч ажиллана” гэж хэлэв. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах чиглэлээр тус хэлтсээс олон төрлийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулдаг байна. Тэр дундаа шүүхээр шийдвэрлэсэн албан тушаалын гэмт хэргийг кейсийн хэлбэрээр телевизийн нэвтрүүлэг болгох, нийгмийн зорилтот бүлгүүдэд ном, гарын авлага бэлтгэн түгээх зэрэгт түлхүү анхаардаг гэж Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон танилцуулав. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Кейс жишээгээ бэлтгэхдээ хүний эрхийн талаар гойд анхаарах хэрэгтэй. Хэдийгээр гэмт хэрэг хийсэн ч тэр хүний эрхийн асуудал бас байгааг бодолцоорой” гэж хэллээ. 

УИХ-ын дэргэдэх байгууллагуудын удирдлагад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр байцаалтын болон серверийн өрөөг үзүүлж, ажил байдлаа танилцуулав. Мөрдөн шалгах хэлтэс өнөөдрийн байдлаар 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, түүнд холбогдогч нь өндөр боловсрол мэдлэгтэй, тодорхой албан тушаал хашдаг, улс төр, эдийн засгийн нөлөөлөл ихтэй, эрсдлээ урьдчилан тооцож хууль бус үйлдлээ хууль ёсны мэт халхавчилсан байдаг зэрэг нь хэргийг ихээхэн ээдрээ, төвөгтэй болгож байдаг тул мөрдөн байцаалтын ажилд боломжит бүхий л арга хэрэгсэл, техник технологийг ашиглах нь энэ хэлтсийн ажлын хэрэгцээ шаардлага юм. Байцаалтын өрөө орчин үеийн техник төхөөрөмжөөр тоноглогдсоныг уулзалтад оролцогчид хараад ихэд олзуурхаж байлаа. Ялангуяа Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Ийм л өрөөтэй байвал хүний эрхийг зөрчихгүй байх боломжтой” гэж хэлэв. Тэрээр “Авлигатай тэмцэх газартай холбоотой гэрчийг дарамталсан гомдол гараагүй” гэж мөн онцоллоо. Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Албан тушаалын гэмт хэрэгт олон өмгөөлөгч оролцдог, ажилладаг. Тэр хэрээр мөрдөн байцаах ажиллагаанд хяналт өндөр байдаг юм” гэв. Хоригдож байгаа хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хандсан ажил зохион байгуулах хэрэгтэй юм байна. Гарсан алдаа зөрчил бүхнийг АТГ руу чихээд, тохоод байх нь зохисгүй юм гэдгийг УИХ-ын дэргэдэх байгууллагуудын дарга нар санал нэгтэй тэмдэглэн хэлж байлаа. 

Дараа нь уулзалтад оролцогчдыг Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан хүлээн авч, ажлаа танилцуулав. Улсын хэмжээнд 33 гаруй мянган төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж, мэдээлж, хянаж, дүн шинжилгээ хийдэг энэ хэлтсийн ажлын ачаалал их байдаг юм байна гэж УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа онцлон хэлэв. Харьцангуй шинээр батлагдсан хуулийн дагуу төрийн албан хаагчдын хөрөнгө, орлого дээр нэмээд хувийн ашиг сонирхлын нь мэдүүлгийг бүртгэж авдаг болсон юм. Ингэснээр энэ ажил улсын хэмжээнд тогтолцооны шинжтэй болж нэгэнт төлөвшөөд байгаа ажээ. Тус хэлтсээс хэрэгжүүлдэг бас нэгэн чиг үүрэг нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах ажил билээ. “Энэ бичиг тун хэрэгтэй байдаг юм. Хэн нэгэн хүн тухайн албан тушаалд томилогдохоос өмнө тэр ажилтай харшилдах сонирхлын зөрчил байна уу үгүй юу гэдгийг мэдэх, энэ эрсдэлээс сэргийлэх бололцоо олгодгоороо ихээхэн ач холбогдолтой” хэмээн Монголбанкны Тамгын газрын захирал Д.Чимэд-Юндэн хэлэв. 

УИХ-ын дэргэдэх байгууллагуудын удирдлага танилцах уулзалтыг дүгнэж үг хэллээ. 

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж: -Нүдээр үзсэн бүхэн үнэн гэж манай монголчууд ярьдаг. Юу гэж хэлүүлэх нь чухал биш. Өнөөдөр хүнд хэцүү байж мэднэ. Та нар төрийн хамгийн хүнд хэцүү албыг гйцэтгэж байгаа шүү. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг үг бий. Авлигатай тэмцэх газраас айх учир хэнд байна вэ? Тэр хүнд асуудал байна гэсэн үг. Танай газрыг Үндсэн хуулийн бус байгууллага гэх мэтээр элдэв нэр хоч их өгдөг. Хийж байгаа ажил үйлс, үйл ажиллагаагаа ингэж нүдээр үзүүлж, харуулж байгаа нь тун зөв юм. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: -Би өнөөдөр танайхаас туршлага судаллаа. Танай, манай ажлын ерөнхий онцлог адилхан. Ялагдсан, яллагдсан нь гомдол гаргадгаараа ижил. Авлигатай тэмцэх газарт итгэж болох юм байна гэдгийг би нүдээрээ үзлээ. Та нарын ажлын зовлон жаргалыг аавынхаа туршлагаар мэднэ. Та нар сайн хэлэгддэггүй. Гэвч бид төрдөө тангараг өргөсөн учир няцахгүй, зүтгэнэ. 

Үндэсний Статистикийн хорооны дарга С.Мэндсайхан: -Энэ удаагийн уулзалтыг Авлигатай тэмцэх газар шинэлэг арга хэлбэрээр зохион байгууллаа. УИХ-ын дэргэдэх байгууллагууд нэг нэгийнхээ ажил байдалтай газар дээр нь үзэж харж танилцах нь зөв юм байна. Хувь хүнийхээ хувьд танай байгууллага надад айдастай санагддаг байсан. Гэтэл тийм биш юм байна. Миний зайнаас төсөөлж явсан тэр төсөөлөл өөр байна. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү бэрх ажил. Шинэ байгууллага, шинэ тогтолцоог бий болгосон. Одоо энэ ажлаа олон нийтэд бодитоор ойлгуулах шаардлагатай. Та бүхний ажилд улам их амжилт хүсье. УИХ-ын дэргэдэх байгууллагууд бие биеийнхээ ажилд дэм тус болж, цаашид ч хамтран ажиллая. 

Авлигатай тэмцэх газрын нэгэн өдрийн ажилтай танилцсан УИХ-ын дэргэдэх байгууллагуудын удирдлагууд дараагийн уулзалтыг Сонгуулийн ерөнхий хороонд зохион байгуулахаар тохирлоо.

Т.МӨНХТУНГАЛАГ