богино мэдээ New

Чөлөөтийн эрэгтэй шигшээ бүтэн багаараа Риод зодоглоно

Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг олимпийн эрх олгох болсон цагаас хойш анх удаа бүтэн багаараа оролцохоор боллоо..

У.Бадамцэцэг  | www.GoGo.mn

Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг олимпийн эрх олгох болсон цагаас хойш анх удаа бүтэн багаараа оролцохоор боллоо.

Шигшээ багийн дасгалжуулагч нар энэ олимпийн цикльд Риог бүтэн багаараа зорих зорилго тээсэн талаараа ярьж байсан бол зургаан жинд тийзээ захиаллаа.

39 орон эрх хүртснээс Монгол, Азербайжан, Гүрж, Иран, ОХУ, Турк гэсэн зургаан орон бүтэн багаараа Рио-2016-д оролцохоор болжээ.

2015 оны Лас Вегасын ДАШТ-д өндөр амжилт гаргаж олимпийн дөрвөн эрхтэй эх орондоо ирцгээсэн.

  • 57кг-Э.Бэхбаяр

  • 65кг-Г.Мандахнаран

  • 74кг-П.Өнөрбат

  • 125кг-Ж.Чулуунбат

Хоёр дахь тэмцээн болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээр олимпийн тав дахь эрхээ нэмсэн.

  • 86кг О.Үйтүмэн

2016 оны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах сүүлчийн тэмцээний эрэгтэйчүүдийн 97кг-д зодоглосон Д.Хүдэрбулга олимпийн эрхийг мөнгөн медалийн хамт эх орондоо авчирлаа.

Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэдгээр олимпийн эрхийг хоёронтаа алдсан Д.Хүдэрбулга отгон тэмцээнээр Риог зорих эрхтэй боллоо.

Ийнхүү эрэгтэй баг тамирчид 1992 оны Барселоны олимпоос хойш 24 жилийн дараа анх удаа бүтэн багаараа оролцохоор боллоо.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр гавьяат болон О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Б.Баяраа болон эрх авсан тамирчдын анхны багш нарт баяр хүргэе.

Чөлөөтийн эрэгтэй шигшээ багийн олимпийн түүхэн амжилтыг эргээд сануулахад:

1968 оны Мехико

  • Ж.Мөнхбат-мөнгөн медаль-87кг
  • Ч.Дамдиншарав-хүрэл медаль-52кг
  • Д.Сэрээтэр-хүрэл медаль-70кг
  • Т.Артаг-хүрэл медаль-78кг

1972 оны Мюнхен

  • Х.Баянмөнх-мөнгөн медаль-100кг

1976 оны Монреаль

  • З.Ойдов-мөнгөн медаль-62кг

1980 оны Москвагийн олимп

  • Ж.Даваажав-мөнгөн медаль-78кг
  • Д.Оюунболд-хүрэл медаль-57кг

36 жил тасарсан эрэгтэй шигшээ багийн олимпийн медалийн буухиаг энэ цагийн шигшээ багийн залуус үргэлжүүлэн буухиалах болтугай.

Риогийн олимп эхлэхэд 88 өдөр үлдлээ.