богино мэдээ New

Цусны эргэлтгүй болсон зах зээлд бартерын наймаанаас өөр зүйл алга

Манай уншигч-сурвалжлагч Б.Лакшми бизнесийн орчин, эдийн засгийн байдлын талаар байр сууриа олонтаа илэрхийлж ирсэн. Тэгвэл энэ удаа бусдын байр суурийг “шалгаах” үүрэг хүлээв. Түүний зочин “Хера холдинг” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Х.Ганхуяг байлаа..

Манай уншигч-сурвалжлагч Б.Лакшми бизнесийн орчин, эдийн засгийн байдлын талаар байр сууриа олонтаа илэрхийлж ирсэн. Тэгвэл энэ удаа бусдын байр суурийг “шалгаах” үүрэг хүлээв. Түүний зочин “Хера холдинг” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Х.Ганхуяг байлаа.

 -Урилгыг минь хүлээж авсанд талархал илэрхийлье. Монголын томоохон группийн нэгд “Хера холдинг” зүй ёсоор ордог. Та бизнесийн амжилтын нууцаасаа хуваалцаач. Хүн бүрийн гарт амжилтын түлхүүр байдаг шүү дээ.

- Нууц гэх зүйл юу байх вэ дээ. Миний сонгосон амьдралын зам бизнес юм. Бизнес эрхлэхэд хувь хүний зан, ёс суртахуунаас их зүйл шалтгаалдаг гэж боддог. Хийж буй ажлаа мэдэх, мэдрэх, ажилтнуудаа удирдан чиглүүлэх ур чадвар гээд олон зүйлээс бизнесийн амжилт шалтгаална.

Жижиг компанийн удирдагчид манлайлал чухал. Бизнес өргөжихөөр компанийг тогтсон соёл нь аваад явчихдаг. Харин том компанийн удирдагч нь өдөр тутмын үйл ажиллагаанаас илүү хүмүүсээ чиглүүлэх, сургахад анхаарна.

Бизнес бол амьд организмтай адил байнга өөрчлөгдөж, хөгжиж байдаг зүйл.

-Бизнесийн гараагаа хэзээ, хэрхэн эхэлж байсан бэ?

- Их сургуульд сурч байх үедээ л бизнес эрхлэх сонирхолд хөтлөгдсөн. Найзуудтайгаа хамтраад баар, ресторан ажиллуулах гэж оролдож байлаа. Бас аялал жуулчлалын компани ч байгуулж үзсэн. Олон удаа бүтэлгүйтсэн дээ.

Ул суурьтайгаар эхэлсэн үе гэвэл 2003 он юм. Их сургуулиа төгсөөд 4-5 жил болж байсан юм уу даа. Би Солонгост хэсэг хугацаанд сурсан юм. Тэндээс ирээд хоёр жил болж байсан санагдана.

Анх “Hite” шар айргийг оруулж ирж байлаа. Ер нь чөлөөтэй өрсөлдөх боломжтой, улс төрөөс хамаарал багатай, томоохон салбарыг сонгож бизнес эрхлэхийг боддог.

- Эхэндээ нэлээд бүтэлгүйтэж байжээ.

- Хүн 35 нас хүртлээ тэнэг зоригтой байдаг шүү дээ. Эрсдэл хүлээхэд ч бэлэн. Ийм байхад буруудахааргүй санагддаг шүү.

- Олон хүн бизнес хийгээд амьдралаа төвхнүүлчихнэ гэж боддог. Бизнес хийх бол бас өндөр хариуцлагатай байхыг шаарддаг.

Тиймээс юуны түрүүнд хариуцлагыг нь ухамсарлах хэрэгтэй гэж би боддог юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Бизнес хийх орчныг нь бүрдүүлээд хүмүүсийн сонирхлыг байнга дэмжих хэрэгтэй. Улс орон бизнест тулгуурлаж хөгждөг. Унах, дампуурах, ганц хоёр удаа шатах бол энгийн л үзэгдэл.

Компаниудын 95 хувь нь эхний гурван жилдээ дампуурдаг гэдэг. Эхний гурван жилээ давбал “амьд үлдэх” магадлал нь өндөрсөнө.

-“Хера холдинг” компани ямар салбарт үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Хоёр салбарт төвлөрч ажиллаж байна. Нэг нь барилгын салбар. Үүн дотроо материалын үйлдвэрлэл, барилга барих, төсөл хэрэгжүүлэхэд илүү анхаарч байгаа. Тухайлбал, гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрт оролцож байна.

Мөн уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлж байна. 2003-2008 онд бизнесийн өрсөлдөөн сул байлаа.

Бизнесээ өргөжүүлэх боломж ч их байсан. Энэ үед нэлээд хэдэн салбарт хөлөө дүрсэн шүү.

-Танай групп дотоодын зах зээлээс хөрөнгө босгож, “Ремикон” бетон зуурмагийн үйлдвэр байгуулсан.

Ер нь дотоодоосоо хөрөнгө босгосон цөөн компанийн нэг. Яагаад дотоодын зах зээлээс хөрөнгө босгохоор шийдсэн бэ?

- Та дотоодын зах зээлээс хөрөнгө босгосон цөөн бизнесмэний нэг гэж онцолж байна. Ийм байгаа нь харамсалтай. Уг нь маш олон компани дотоодоосоо хөрөнгө босгох ёстой юм.

Бид санхүүжилтийн өртгөө хямдруулах зорилгоор дотоодын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор шийдсэн. 2008 оны үед банкны зээлийн хүү 18-22 хувь байлаа.

Шинэ бизнесийг ийм өндөр хүүтэй санхүүжилтээр бүтээн босгоод, зээл эргэн төлөөд, урт хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй. Монголын хөрөнгийн бирж шинэ хувьцаа гаргахыг бодлогоор дэмждэг ч компаниуд ханддаггүй байсан үед хувьцаагаа гаргаж байлаа.

Банкны хадгаламжийн хүү өндөр тул иргэд тэнд найдвартай хадгалуулаад өндөр өгөөж хүртэхийг боддог. Хөрөнгө оруулах сонирхолгүй байдаг. Монголд хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаа нэг шалтгаан энэ.

Дотоодын барилгын салбар өсөх төлөвтэй байсан. Ингээд барилгын материалын үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн юм.

Яг эдийн засаг хүндэрсэн үе таарсан. Жижигхэн төслийн танилцуулгаа дэлхийн том том хөрөнгө оруулагч руу хүртэл явуулж байж л хөрөнгөө босгосон.

- Тэгвэл гадаадын зах зээлээс мөнгө босгосон туршлага байна уу?

- Байхгүй. Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, уул уурхайн бус, Монголын нэг ч компани байхгүй. Манай уул уурхайн компаниуд л гадаадын зах зээлээс хөрөнгө босгосон байдаг.

- Бизнес эрхлэхэд тулгардаг бэрхшээлийн нэгдүгээрт төрийн хүнд суртал, дараа нь санхүүжилт бичигддэг.

Уул уурхайн бус компани гадаадын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход ямар бэрхшээл тулгардаг юм бол. Олон нийтэд хувьцаа худалдах нь санхүүжилт олох нэг арга шүү дээ.

- Гадаадын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоё гэхээр хэдэн жил дараалан ашигтай ажилласан байх шалгуур тухай компанид тавьдаг. Үүнээс гадна үйл ажиллагаа явуулдаг салбар нь тогтвортой байх уу, үгүй юү гэдэг чиг хандлагыг нь харна.

Энэ шалгуур маш хүнд. Ялангуяа Монгол шиг зах зээл нь тогтворгүй оронд ажилладаг компани уг шаардлагыг хангахад хэцүү. Манай зах зээл маш их хэлбэлзэлтэй байдаг. Компанийн баланс төгрөгөөр ашигтай гардаг.

Гэвч валютын ханшийн өсөлтөд цохиулаад уначихдаг. Энгийнээр хэлбэл, байгалийн шалгарал нь маш их хэцүү.

 

- Таны бизнес эрхэлж буй барилга, уул уурхайн салбар их өсөлттэй байсан. Харин одоо хүнд байдал орчихлоо.

Эхлээд барилгын салбарыг онцлоё. Барилгын салбарыг хүндрэлээс гаргахад юу хийх шаардлагатай гэж бодож байна вэ?

- Орон сууцны борлуулалттай холбогдуулан энэ асуултыг тавьж байна гэж ойлголоо. Ажлын байр маш чухал. Хувь хүний орлогоос хамаарч, моргэйжийн зээл авч чадах, эсэх нь шийдвэрлэгдэж байна.

Иймээс ажлын байрыг нэмэх хэрэгтэй. Яг одоо найман хувийн хүүтэй, орон сууцны зээлийг зогсоочихоод байна. Моргэйжийн зээлийг үргэлжлүүлэхгүй бол барилгын салбар асар хүнд байдалд орно.

Үргэлжлүүлэх гэхээр банкуудад эх үүсвэр дутаж байх шиг байна. Хүүг нь бодлогын хүүтэй тэнцүүлэх ч юм уу, ямар нэг байдлаар дундын хувилбар олж үргэлжлүүлэх хэрэгтэй. Барилгын салбарт төрийн оролцоог хязгаарлах хэрэгтэй гэж боддог.

Төр орон сууц барьж, хувийн хэвшилтэй өрсөлдөж байна. Ингэхдээ санхүүжилт, газраа үнэгүй авч, инженерийн шугам сүлжээгээ төсвийн хөрөнгөөр татаж байгаа. Үүгээр зогсохгүй моргэйжийн зээлийн шалгуур хангах боломжтой төрийн албан хаагчдыг шигшиж аваад орон сууцаа хөнгөлөлттэй үнээр зарчихаж байна.

Ийм тэгш бус нөхцөлтэй өрсөлдөөнд хувийн хэвшил ялагдана. Гэтэл зах зээл өдөр ирэх тутам хумигдаад л байна. Салбарыг унагаах бодлого баримтлаад байна уу даа гэж эргэлзэх юм.

- Дэлхийн зах зээлд эрдэс түүхий эдийн үнэ нэлээд уналаа. Уул уурхайн төслүүдийг тойрсон маргаан “Оюутолгой”-г зогсооно, хөдөлгөнө, гэрээ нь буруу, зөв гэх мэтээр өрнөсөөр л байна.

Түүхий эдийн үнийн өсөлтийн цикл дууссан ч том төслүүдээ эхлүүлбэл яасан юм бэ. Дараагийн өсөлтийн мөчлөг эхлэх хүртэл бид юу хийх шаардлагатай вэ?

- Улс нэг бодлоготой байж, лиценз олгосон бол хайгуул хийх, олборлох үйл ажиллагааг нь чөлөөтэй тавих ёстой. Орд олоод ашиглах гэхээр дахиад л зөвшөөрөл авдаг. Байгаль орчин, мэргэжлийн хяналт, цагдаагийн шалгалт ихтэй.

Орлого олж буй гол салбараа боомилох хэрэггүй. Төрийн хяналтыг орон нутгийн иргэдэд нь шилжүүлэх хэрэгтэй.

Иргэд нь нөхөн сэргээлтийн хөрөнгийг тухай компаниас гаргуулж дундын санд байршуулаад байгаль орчны хяналтаа тавьчихдаг, нутаг орондоо хийлгэх нийгмийн хариуцлагын ажлыг нь тохирчихдог бол дээр.

Төрийн институт бий болгоод, улаан үнэмлэхтэй хүмүүст дансыг нь хаах, захирлыг нь хорих эрх өгчихөөр энэ салбарын хөгжих боломжийг хязгаарлаж байна. Чөлөөтэй тавьснаар хөрөнгө оруулалт ч орж ирнэ.

Дагаад уул уурхайн ханган нийлүүлэлтийн бизнес хөгжинө. Стратегийн ордоос Засгийн газар хувь эзэмшдэгээ болих хэрэгтэй.

Өөрт ногдох үр ашгаа татвараар авах нь зөв. Лиценз олгосон л бол зууралдаад, үйл ажиллагааг нь саатуулаад байх хэрэггүй гэж бодогддог.

- “Улаанбаатар” сонины хэвлэх үйлдвэрийн байр дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгт хүрэв. Гэтэл хамгийн өндөр үнийн санал хэлсэн хүн нь Абдул Карим гэж араб гаралтай Монгол Улсын иргэн байж таарлаа.

Үүнээс үүдээд гадаад цустай хүн хотын төвд газар авлаа гэсэн эгдүүцэл газар авсан. Уул уурхайгаас сургамж аваад, гадаадын хөрөнгө оруулалтыг хавчихаа болих болов уу гэтэл үгүй байж. Улам даамжрах хандлагатай юм байна.

- Уг нь бид Үндсэн хуульдаа яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэгээр нь ялгаварлахгүй гэж заасан. Гэтэл УИХ-ын зарим гишүүн, төрийн сайд, бизнесийн хүрээнийхэн Үндсэн хуулиа уландаа гишгэж байгааг бид хардаг.

Тэд хар бор, эрлийз хурлийзаар нь ангилж ялгаад, нэвтрүүлэг хийгээд түүнийгээ цацаад байхаар нийгэмд ийм зүйлийг хүлээж авах хөрс бий болж байна.

Одоо уул уурхайд ч, барилгад ч хөрөнгө оруулах сонирхолтой хүнийг террорист, эрлийз, хужаа гээд алхуулахгүй бололтой. Ийм хэцүү үед ч газрыг өндөр үнэд хүргэж болдгийг харууллаа шүү дээ.

- Гадаадынханд халтай гэж олон улсад биднийг дүгнэдэг болсон. Абдул Карим руу дайрч, нэр хүндээ бага боловч сэргээх боломжоо алдлаа.

- Монголчууд баларчихаагүй, гадаадын хөрөнгө оруулагчид итгэж байна гэсэн дүр зураг харагдахаар байлаа. 24 тэрбум төгрөгөөр авсан газар дээр өндөр өртөгтэй барилга барих байсан болов уу.

Сүхбаатарын талбайг тойрсон барилгуудын үнэ ч өсөх боломжтой байлаа. Эдгээр барилгын ихэнх нь банкны барьцаанд байх магадлалтай. Бизнесмэнүүд гадаадын банкнаас зээл авдаг болчихсон үе шүү дээ.

Манай эдийн засаг муудаж байгаа учраас барьцааных нь үнэлгээг бууруулаад “Танай барьцаа хүрэхгүй байна” гээд шаналгаж байгаа байх.

- Ярилцаж буй сэдвээ өөрчилье. Сүүлийн үеийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг бол яахын аргагуй бонд юм.

Бондын зарцуулалтын талаар та ямар бодолтой байдаг вэ?

- Бонд авах нь буруу гэж хэлэхгүй. Энэ бол улс орон, компани цаашдын стратегиа хэрэгжүүлэхийн тулд ашиглаж л байдаг санхүүгийн хэрэгсэл. Харин зарцуулахдаа сахилга баттай, ил тод байх ёстой.

Хувь хүн ч зээл аваад зориулалтын дагуу ашиглаагүй бол эргэн төлөхөд хүндрэл үүснэ. Ямар нэг хэрэгтэй зүйлээ зарж байж л зээлээ төлөх болно. Засгийн газрын бондын зарцуулалтыг харахад ийм дүр зураг харагдаж байгаа.

Зам барьснаас өөрөөр бондын хөрөнгийг юунд зарцуулсныг хүмүүс мэдэхгүй байна. Алсын хараа, урт хугацааны хөгжлийн стратегиа хэрэгжүүлэхийн тулд зарцуулсан уу, ямар ч хамаагүй төсөл санхүүжүүлсэн үү гэдгийг тодруулахаар үр өгөөжтэй ашигласан, эсэх нь харагдана.

Бонд гаргасан зориулалт нь маш зөв байсан. Уул уурхайн төслүүдээ төмөр замаар холбоод бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулъя гэсэн бодлого байсан. Мөн эрчим хүчний асуудлаа шийдье гэж байлаа.

Экспортын төмөр замаа одоо ч тавиагүй байна. Эрчим хүчний дутагдлаа нөхөж ч чадсангүй. Тэгэхээр зээлсэн мөнгөө зориулалтын бусаар үрчихсэн гэсэн үг.

- Нэгэнт бондоо зарцуулаад дууслаа. Төрд ойр хүмүүс чи ч, тэр ч авсан гээд хэрэлдээд л байна. Нэгэнт зарцуулаад дууссан юм чинь уг нь одоо суугаад гарцаа хэлэлцэх нь зөв болов уу.

Бид нэг завинд сууж байгаа хүмүүс. 2017 онд бондын эхний эргэн төлөлтөө хийх нь гарцаагүй. Түүнээс өмнө юу хийх шаардлагатай вэ?

- Төсвөө танах уу, том төслүүдээ явуулах уу гэсэн санал асуулга явуулж байсан. Аль алийг нь л хийх ёстой. Ашигтай төсөв батлах ёстой. Бондынхоо тодорхой хэсгийг төлөх мөнгөө төсвөөсөө гаргах хэрэгтэй.

Энэ бол Засгийн газар, УИХ-ын гишүүдийн сахилга батаас хамаарна. Төрийн үйлчилгээний хүрээг цомхон болгох хэрэгтэй гэж боддог. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал гэсэн байнга асуудал дагуулдаг гурван салбар бий.

Эдгээрийг менежментийн хувьчлал хийдэг юм уу, ямар нэг байдлаар хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй. Боловсролын салбарын тухайд ярья. Эцэг эх нь хүүхдийнхээ сургуулийг сонгог, төр сонгосон сургууль руу нь төлбөрийг шилжүүлэг, ийм менежмент хийж яагаад болохгүй гэж.

Угаасаа багш нарын цалин хөлс, урсгал зардлыг нь улсаас дааж байгаа шүү дээ. Ингэвэл олон хүүхэд татахын тулд багш нараа чадваржуулна, сургалтын чанартаа анхаарна. Сайн менежменттэй сургууль шигшигдэж, бусдадаа үлгэр жишээ болно. Эмнэлгийг ч ялгаагүй ингэж өөрчлөх хэрэгтэй.

Сонгууль болгоны дараа сургууль, эмнэлгийн захирлыг ажлаас нь халдаг. Шинэ захирал ажилтнуудаа хална. Ингэхээр мэргэжлийн үйлчилгээ сул дорой байхаас яах вэ. Үнэгүй зүйл чанаргүй гэсэн хандлага л үргэлжлээд байна.

Төр хэмээх 300 мянган хүнтэй организм бидний дээр оршиж байна. Заримдаа нийгмийн хавдар шиг санагдах үе ч бий.

- Эдийн засаг хүндрэх нь тодорхой болж байна. Танд эдийн засгийг сэргээх төлөвлөгөө боловсруул гэсэн даалгавар өгвөл эхний ээлжинд хийх таван алхмаа нэрлээч.

- Хэцүү асуулт байна даа (Инээв). Хамгийн түрүүнд богино хугацаанд хэрэгжих алхам хийх байх. Төсвөө танана. Ингэхдээ төрийн данхар бүтцийг цомхтгоно. Уул уурхайн том төслүүдээ хөдөлгөнө.

Зөвхөн “Тавантолгой”-г хэлж байна гэж бүү ойлгоорой. Эрчим хүчний төслүүдийг нь ч хэрэгжүүлэх ёстой. Жишээ нь, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл эрчим хүчний салбарын хөгжилд маш чухал.

Манай эрдэс түүхий эдийн өрсөлдөх чадвар өдрөөс өдөрт унаж байгаа энэ үед төмөр замаа яаралтай барих хэрэгтэй. Манай гол зах зээл Хятад гэж харж байгаа бол түүнийг сайн судлах ёстой.

Хятад руу экспортлох барааныхаа өрсөлдөх чадварыг сайжруулах алхам хийнэ. Манайх үнэн хэрэгтээ хоёр хөршөө сайн танихгүй л яваад байгаа. Сайн судалж байж ялгарах зүйлээ гаргаж ирэх хэрэгтэй.

- Өнөөгийн энэ нөхцөлд бизнесийг дэмжихэд ямар алхам хийвэл зохистой вэ?

- 1-2 жилдээ татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх дэмжлэг байж болно. Том компаниуд гадаадаас ам.долларын зээл авчихсан байгаа. Улстөрч эзэнтэй компаниудын зээлийг төгрөг рүү хөрвүүлээд өглөө. Бусдынх нь зээлийг төгрөг рүү хөрвүүлж өгөхгүй байна.

Компаниудын үйл ажиллагаа нь дажгүй байгаа ч валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж алдагдал хүлээж байгаа. Долларын зээлийг нь төгрөг рүү хөрвүүлбэл “амь тариа” хийж, татварын баазаа өргөсгөх боломж бий.

Мөн бизнесийг хязгаарласан журмыг цөөлөх хэрэгтэй. Банк санхүүгийн салбарыг либералчлах шаардлагатай. Банкууд хөрөнгө оруулалтаа танахгүй, асар өндөр зардалтай ажиллаж байна.

Өөрийн хөрөнгийнхөө 20 хувиас бага мөнгийг нэг хүнд зээлүүлэх ёстой. Гэтэл банк активынхаа 10-20 хувийг нэг хүнд зээлчихэж байна. Тэр нь Засгийн газар эсвэл тухайн банкны хувьцаа эзэмшигч байдаг.

Энэ бол анхаарахгүй өнгөрч болохгүй асуудал. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зохисгүй ашиглаж байна гэсэн үг. Засгийн газар дотоодын зах зээлд их хэмжээний бонд гаргаж байгаа.

Банкууд Засгийн газрын өндөр хүүтэй бондыг худалдаж аваад, ямар ч эрсдэлгүйгээр мөнгө хүүлж байна. Гэтэл зах зээлд мөнгө алга. Цусны эргэлтгүй болсон зах зээл бартерын наймаанаас өөр юмгүй боллоо.

- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль баталлаа. Эдийн засгийн форумын үеэр ч хөгжлийн бодлогогүй байна гэж нэлээд шүүмжилсэн. Улс бүр л мөрөөдөлтэй байдаг. Монголын мөрөөдөл юу байх вэ?

- Хятадуудын мөрөөдөл улс төвтэй. Иргэн рүүгээ чиглэсэн зүйл маш бага. Хөгжлийн ихэнх томъёолол улс руугаа чиглэсэн байдаг. Орос ч ялгаагүй улс төвтэй. Хүчирхэг гүрэн бий болгоно гэж зорьж байна.

Крымийг эзэлж аваад, Украинтай байлдаад, Турктэй хэрэлдэж байхад ард түмэн нь Путинийг дэмжиж байна. Манайх хүнлэг, энэрэнгүй, эрх чөлөөтэй, шударга ёсыг эрхэмлэсэн нийгэм байгуулна гэж Үндсэн хуульдаа алсын хараагаа тодорхойлсон.

Хуульд заасан зорилт хэрэгжихээ болихоор бухимдал гарч байх шиг санагддаг. Эхлээд монгол мөрөөдөл хүн үү, улс төвтэй байх уу гэдгийг томъёолох ёстой. Хоёр хүчирхэг гүрний дунд улс төвтэй байх үзэл газар авахгүй болов уу.

Тиймээс хүн рүүгээ чиглэсэн бодлоготой, чадварлаг, боловсролтой, чинээлэг, эрх чөлөөтэй иргэнтэй нийгэм байгуулахыг зорих ёстой гэж боддог. Мөрөөдлөө тодорхойлоод, хэмжүүрээ тогтоох хэрэгтэй болов уу.

Иргэд нь жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг байна, боловсролын түвшин ийм байна гэх мэтээр хэмжүүрээ тогтоох шаардлагатай байх. Ингэж байж урт хугацааны төлөвлөлтөө гаргах хэрэгтэй.

Манай улс Үндсэн хуульдаа мал төрийн хамгаалалтад байна гээд заачихсан байдаг. Ингэхээр л бүх зүйл урвуугаа харчихаж байгаа юм. Мал аж ахуйгаар хөгжөөд мөрөөдөлдөө хүрэхгүй. Олон мянган жил мал аж ахуй эрхэлсэн.

Гэвч амь зогоох төдий л явж ирлээ. Хүмүүсийн бусад өмчийг яагаад төр хамгаалахгүй байна вэ. Хэн дуртай нь өмч шалгаж, дансыг нь хаадаг нийгмийг бид хүсээгүй.

- За, хувь хүнтэй тань холбоотой асуулт тавиад ярилцлагаа өндөрлөхийг хүсэж байна. Таныг саяхан Харвардын их сургуулийг төгссөн гэж сонслоо. Ямар мэргэжлээр сурсан бэ?

- Харвардын их сургуульд захирлуудад зориулсан бизнесийн удирдлагын чиглэлээр сурсан.

- Өөрийгөө хөгжүүлээд л байгаа юм байна.

- Харин тийм. Нэг түвшиндээ гацчихаад... (инээв)

-Сүүлийн үед манай залуусын дунд Харвардад сурах моод дэлгэрээд байна. Тэнд сурсны давуу тал юу байна вэ?

-Аливаа зүйлийг цогцоор нь, том зургаар нь харах дадлыг суулгасан. Үнэт зүйлс, алсын хараанаасаа хазайхгүй явж зорилгодоо хүрэх итгэл үнэмшилийг өглөө. Харвард бизнесийн жишээг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн анхны сургууль.

Ийм хөтөлбөрийн дагуу суралцахаар компани удирдсан туршлагыг мэдсэн захирлуудыг төрүүлэх боломжтой. Харвардын их сургууль “Шударга үнэний төлөө” гэсэн уриатай.

Бүх төгсөгчдөдөө манай үнэт зүйлсийг дэлхий даяар түгээгээрэй гэж захидаг юм байна лээ. Харвардыг төгсөгч 100 мянган гишүүнтэй төгсөгчдийн холбоонд нэгддэг.

Түүгээрээ дамжуулаад олон оронд бизнесийн сүлжээтэй болох нь давуу талтай. Ихэнх улсад Харвард төгсөгчдийн клуб байдаг. Клубийнхээ улирал тутмын уулзалтад оролцох нь бас л бизнесийн сүлжээгээ хөгжүүлэх боломж олгоно.

Төгсөгчдийн холбооны цахим хуудаст бизнесийн сүүлийн үеийн шинэ жишээ, “Harvard business review” сэтгүүлийн нийтлэлүүдийг байнга тавьдаг.

Төгсөөд явсан ч насан туршид нь холбоотой байж, боловсролыг нь байнга өндөр түвшинд байлгах боломжийг бүрдүүлдэг сургууль. Дотоод соёл нь бол мундаг, мундаг.

-Ярилцсанд баярлалаа.

Тэмдэглэсэн Т.Энхбат

Эх сурвалж: www.mongolnews.mn