богино мэдээ New

Тавантолгойг хаврын чуулганаар хэлэлцэх гэж яарахгүй

Засгийн газраас “Тендерийн шалгуур үзүүлэлтүүдийг баталсан 2014 оны 268-р тогтоол”, “Энержи ресурс болон Шинхуа компанийн хооронд байгуулсан Хамтарсан компани байгуулах гэрээ”, “Сумитомо компанитай байгуулсан худалдан авах гэрээ”, “Энержи ресурс болон Эрдэнэс таван толгой хоорондын эрх шилжүүлэх гэрээ” зэрэг дөрвөн гэрээг шаардсан ч өдийг болтол гаргаж өгөөгүй байна. .

         Төрийн ордонд өнөөдөр Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн мэдээлэл хийлээ. Уг ажлын хэсэг томилогдоод гурван долоо хоног өнгөрч байгаа бөгөөд өэнэ хугацаанд гурван удаа хуралдаж, ажлын дэд хэсэг нийт 10 гаруй удаа хуралдсан байна. Нийт 14 заалтаар дүгнэлт гаргах ёстой ба одоогоор 50 гаруй хуудас дүгнэлт бэлэн болоод байгаа аж. Гэрээний англи эхийг хүсэж хоёр долоо хоног хүлээсэн ба англи эхийг хүлээн авсан даруйдаа монгол орчуулгатай нь тулгахад 10 гаурй хуудас зөрүү гараад буй юм байна.

Тэд Засгийн газраас “Тендерийн шалгуур үзүүлэлтүүдийг баталсан 2014 оны 268-р тогтоол”, “Энержи ресурс болон Шинхуа компанийн хооронд байгуулсан Хамтарсан компани байгуулах гэрээ”, “Сумитомо компанитай байгуулсан худалдан авах гэрээ”, “Энержи ресурс болон Эрдэнэс таван толгой хоорондын эрх шилжүүлэх гэрээ” зэрэг дөрвөн гэрээг шаардсан ч өдийг болтол гаргаж өгөөгүй байна. Эдгээр материалыг ирүүлсний дараа ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ гаргаж өгнө гэж мэдэгдлээ.

Харин энэ тал дээр Засгийн газар байгууллага хоорондын нууцад хамаарах зүйл тайлбарыг өгчээ. Ажлын хэсгийн ахлагч хэлэхдээ “Монгол улс уул уурхайн ил тод байдлын дэлхийн сүлжээнд орж үүрэг хүлээсэн учир уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаанд нууцлалд хамаарах зүйл заалт байх ёсгүй” гэсэн юм.

Мөн ажлын хэсэг Эрдэнэс ТТ дээр энэ сарын 14-15-ны хооронд ажиллаад иржээ. Өнөөдрийн байдлаар ЭТТ компанийн агуулахад 2.3 сая тонн, хөрс хуулж олборлоход бэлэн болсон 2 сая тонн нүүрс байгаа юм байна. Үүнийг зах зээлийн үнээр үнэлэхэд 140 сая ам.долларын нүүрс байгаа аж.

Одоогоор төрийн өмчит компани Чалкод 142 сая ам.долларын өртэй. Өнөөдрийн бэлэн болсон нүүрсийг боруулснаар өрийг бүрэн дарах боломжтой байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ингээд ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдийн зарим асуултад хариулт өгсөн юм.

-Англи болон монгол хэл дээрх зөрүүтэй байгаа гэрээний тал дээр ажлын хэсэг

-Энэ асуудлыг одоогоор ажлын хэсэг дээр танилцуулагдаагүй байгаа. Тиймээс энэ долоо хоногт англи, монгол хэлний зөрүүтэй байгаа гэрээний асуудлыг ажлын хэсэг хэлэлцэнэ. Анх англи хэл дээр боловсруулагдсан. Үүнээс монгол хэл рүү орчуулга хийгдсэн. Тиймээс хэн боловсруулсан, ямар алдаа гарсан эсэхийг судалж үзнэ.

-Дөнгөж сая болсон Эдийн засгийн хороогоор Тавантолгойн асуудлыг хэлэлцэх байсан ч хойшилсон байна. Энэ талаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Дүгнэлт гараагүй учраас хэлэлцэх боломжгүй.

-Ажлын хэсэг болон дэд ажлын хэсгийг УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн. Тиймээс та бүгдийн гаргасан дүгнэлтийг хууль бус гэж үзнэ гэх яриаг зарим гишүүд өгүүлж байсан?

-Уг асуудлыг УИХ-ын тамгын газраас тодруулах нь зүйтэй. Бидэнд өгсөн мэдээллээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг хууль, журамын дагуу бий болсон гэх мэдээллийг өгч байгаа.

-Хэрвээ ажлын хэсэг уг гэрээг алдаатай гэж үзвэл яах вэ, Компаниудтай байгуулсан гэрээг цуцлах уу. Тийм эрх бий юу?

-Ажлын хэс эг алдаатай гэсэн дүгнэлтийг гаргасан тохиолдолд шинээр зүйл заалтыг нь өөрчлөх эсвэл нэмнэ гэдэг шаардлагыг Засгийн газарт өгнө. Засгийн газарт буцаагдсаны дараа дахин өргөн барих боломжтой.

-Тавантолгойн гэрээг өргөн барьсан болон ажлын хэсэг байгуулагдсан цагаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Нийгэмд хүлээлт үүсгээд байгаа ажлын хэсэг хэзээ дүгнэлтээ эцсийн байдлаар гаргах вэ?

-Монголчуудыг олон жилийн турш тэжээх томоохон баялагын талаар ярьж байна. Асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй. Ер нь ажлын хэсэг дүгнэлт гаргах гэж яарахгүй байгаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдахдаа ч ямар нэгэн хугацаа зааж өгөөгүй.

-Энэ хаврын чуулганаар амжиж хэлэлцэхгүй гэсэн үг үү?

-Заавал хаврын чуулганаар багтааж хэлэлцэх гэх шаардлагагүй. Сайтар судлах хэрэгтэй.

Г.Бат