богино мэдээ New

Ах намууд жагсаалтаас татгалзаж улс төрийн хөгжил 10 жилээр ухарлаа

Ах намуудын дарга амьдаа нар намын жагсаалтаар сонгох пропорциональ системээс татгазалзах нууцхан тохироо хийсэн нь өнөөдөр биеллээ олж УИХ эцэслэн шийдлээ..

Тоймч Л.Баатархүү

     Улстөрчид, улс төрийн намууд сүүлийн бүтэн нэг сар ганц л зүйлийг хүлээж байв. Тэр нь ирэх зургаадугаар сарын 29-нд болох УИХ-ын сонгуульд 28 гишүүн жагсаалтаар орох уу үгүй юу гэдэгт. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар жагсаалтаар сонгогдож парламтентад суувал Үндсэн хуулийн нэлээд хэдэн заалтыг зөрчиж байгааг үндэслэлүүдээр гаргасан. Ах намуудын дарга амьдаа нар намын жагсаалтаар сонгох пропорциональ системээс татгазалзах нууцхан тохироо хийсэн нь өнөөдөр биеллээ олж УИХ эцэслэн шийдлээ.

Товчхондоо 1996-2004 он хүртэл явуулсан 76 жижиг тойрогт хувааж өрсөлдүүлэх арга. Өөрөөр хэлбэл, улс төр судлаачдын үзэж буйгаар "Монголын улс төрийн хөгжил 10 жилээр ухарчихлаа" гэж энэ шийдвэрийг үзэв. Үндсэн хууль зөрчсөн гол зүйл нь 21 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно" гэсэн заалт байлаа. 

  Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж улстөрчдийн түр цанталт сарын хугацаанд үргэлжиллээ. Нөгөөтэйгүүр намын жагсаалтыг хамгийн их эсэргүүцсэн нь МАХН. Сүүлийн тав хоног энэ намынхан чуулганаас засварлага авч пропорциональ системийг нухацтай хэлэлцэж, хэвлэлээр байр сууриа багагүй илэрхийлсэн ч хүчээ авсангүй. Товчхондоо мажоритар системээр ирэх сонгуулийг явуулбал жижиг намуудад халгаатай МАН, АН хоёрт л тоглоомын дүрэм голчлон үйлчилнэ гэсэн үг. Түүнчлэн "Би жагсаалтаар орчихно. Асуудалгүй" хэмээн намдаа ахиухан хандив өргөчихсөн нөхдүүдийн нүүр бараантаж эхэлсэн нь лавтай. Мөн намууд жагсаалтаар сонгохоор төлөвлөөд байсан 28 хүнээ тойрогт дахин хуваарилж асуудал нэлээд хэдэн хоног өрнөнө. 

  Уг нь пропорционал буюу намын жагсаалтаар тодорхой тооны гишүүдийг УИХ-д оруулах нь нэг талаараа сайн. Учир нь тойрогт өрсөлдөхөд халаас нимгэн, мэдлэг, боловсол, чадвартай хүнээ намын бодлогоор парламентад суулгах нь улсын хөгжилд нэмэр болно. Харин сөрөг зүйл нь хөрөнгө чинээтэй, төрийг хувийн компанитайгаа адилхан үздэг, УИХ-ын гишүүн гэх халхавчаар хувьдаа ашигтай зүйл сэддэг, шийддэг нөхдүүдээр парламент дүүрчихвэл асуудлыг бүр хүндрүүлнэ гэсэн үг. 

    Мажоритар системээр ирэх сонгууль явахад хэд хэдэн эрсдэл, сөрөг үзэгдлүүд бий болно. Тодруулбал, богино хугацаанд нэр дэвшигчийн сурталчилгаа хийгдэх учраас аль мөнгөтэй, зальтай нь гишүүн болох магадлал бүрдэнэ. Гэхдээ үнэхээр төрд хэрэгтэйгээ харуулчихсан хүмүүсийг сонгогчдын нүд сохор биш учраас эрх биш дэмжих нь тодорхой.