богино мэдээ New

Д.Батцогт, Г.Уянга нараас амлалт нэхье

Өмнө нь байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж, иргэдэд амласан мөнгөө өгөхийг төрийн өндөрлөгүүдээс шаардаж албан бичиг хүргүүлдэг байв. Гэтэл одоо эрх баригчдаас, төрийн түшээдээс амлалт нэхэх шаардлагагүй болчихов уу. .

Сэтгүүлч Ц.Оюунтунгалаг

     Амлалт нэхэх ард түмний холбооны Д.Батцогт, Г.Уянга тэргүүтэй гишүүд ядарсан иргэдийнхээ нэрийг түрий барьж шоудсаар төв талбайгаас  Төрийн ордонд заларсан. Ордны гадна байхдаа эрх баригчдаас амлалт нэхэж сандаргасан шигээ дотор нь ороод шахаж шаардана хэмээн иргэд итгэл үзүүлсэн. Гэтэл тэд таг чимээгүй. Танхимын нөхдөөсөө ялгагдах юм огт алга. Төрийн ордонд зөөлөн суудалд тухлахаараа өмнө нь хэн байснаа мартчихдаг бололтой. Ер нь Амлалт нэхэх ард түмний холбооны эцсийн зорилго юу байв. 

Д.Батцогт, Г.Уянга нар парламентийн гишүүн болонгуут энэ холбоо сураг чимээ алдарч нэрийг нь ч мартахаа дөхлөө. Өмнө нь байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж, иргэдэд амласан мөнгөө өгөхийг төрийн өндөрлөгүүдээс шаардаж албан бичиг хүргүүлдэг байв. Гэтэл одоо эрх баригчдаас, төрийн түшээдээс амлалт нэхэх шаардлагагүй болчихов уу. Тэгвэл энэ холбооны  тэмцлийг хэсэг бүлэг хүнийг Төрийн ордонд залах зорилготой улстөрийн шоу байж хэмээн ойлгохоос өөр арга алга. Яагаад ч юм ард түмний нэрийг барьж, шударга ёс хэмээн чангаас чанга хашгирч  эрх мэдэлд хүрчихээд иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй байгаад бухимдал төрөөд байх юм. Бусад нь яах вэ, мөнгөтэй нь мөнгөөрөө,  нэр хүндтэй нь нэр нүүрээрээ гишүүний суудалд суугаа биз. Харин ард түмэнд учиргүй хайртай хүний дүр эсгэж улстөрийн суудалд оччихоод сандал ширээндээ хайртайгаа харуулж байгаад нь иргэд хамгийн их бухимдаж байна.  Д.Батцогт,  Г.Уянга нарыг юм болвол шударга нөгөө л тэмцэгчийн дүрээр хараад байдаг гэм бидэнд бий. 

 Бодит байдалд тэд эрх баригчидтайгаа нийлээд кноп  дарж суух жишээтэй. УИХ-ын гишүүн Д.Батцогтын улстөрийн карьер жилээс жилд  ахиж байгаа. Саяхан Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргын суудлыг З.Баянсэлэнгэ гишүүнээс хүлээж авсан.  Шинэхэн дарга гэхэд  сайн үнэлгээтэй яваа. Учир нь ажлаа авангуутаа эрүүл мэндийн салбарынхантай уулзаж зовлон бэрхшээлийг сонслоо. Уржигдархан эмийн салбарт төрөөс баримтлах бодлогын тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Байнгын хорооны даргын албаа сайн гүйцэтгэж байгааг хэлэх нь зүйн хэрэг. Гэвч цалин, тэтгэвэр, тэтгэмжийг  нэмэгдүүлэхэд дуу хоолойгоо өргөх, иргэдийн амьдралыг сайжруулах, эрх баригчдад хяналт тавих гээд иргэдийн хүсээд байгааг тийм ч сайн гүйцэлдүүлэхгүй л байгаа. 

Анх тэмцэгчийн дүрээр гарч ирсэн болохоор иргэд тийм л зүйлийг хүсч, хүлээгээд байдаг бололтой юм. Зөвхөн бид ч биш л дээ.  Байнгын хороо, чуулганы хуралдаан дээр “Одоо амлалт нэхэх ард түмний холбооныхоо ажлыг хий л дээ”  гэж Д.Батцогт Г.Уянга нарт  сөрөг хүчнийхэн сануулж байгаа нь тод харагддаг. Энд нэг л жишээ татая. Эдийн засгийн байнгын хорооны уржигдрийн хуралдаанаар Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Нөгөө Оюутолгойд хөнгөлөлт үзүүлэх нь гэж сөрөг хүчнийхэн,  бие даагчдын хардаад байгаа хуулийн төсөл л дөө. Иргэн аж ахуйн нэгж Монголбанкинд алтаа тушаавал нөөц ашигласны төлбөрийг таван жилийн хугацаанд 10 хувиас 2.5 хувь болгон бууруулах агуулгатай төсөл. Үүнд  Д.Батцогтыг ямар байр суурь илэрхийлэхийг олон хүн тандаж байв.

Ямар сайндаа л Б.Бат-Эрдэнэ гишүүн “Д.Батцогтоо чи Амлалт нэхэх ард түмний холбооны хүн шүү” гэж хуралдааны үеэр  сануулаад авах билээ. Гэвч  Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн туршид Д.Батцогт гишүүн АН-ынхантай  цуг гараа өргөж дэмжсээр байгаад л  хурлаа дуусгав. Тэгэхээр эрх ашгийн хувьд АН-ынхантай нэг байр  сууринд байна гэсэн үг.  Маргаан дагуулсан энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар  хэлэлцэхэд кноп дараад суух хүний тоо Д.Батцогт гишүүнээр нэмэгдэв. Харин Г.Уянга гишүүнд  иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхан итгэнэ гэж жигтэйхэн.  Мундаг тэмцэгч эмэгтэй л гэнэ. Тиймээс ч Төрийн ордонд буун дуу гаргасан хэргээр анхан шатны шүүхээс 21 жилийн ял сонссон Ц.Мөнхбаярыг хамгаалахад  тусална хэмээн түүнд хандсан. 

 Г.Уянга гишүүн Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж, иргэний нийгмийн нэг эд эс болсон хүний хувьд Ц.Мөнхбаярыг хамгаална гэдгээ  мэдэгдсэн. Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн оны аравдугаар сард  “Би Ц.Мөнхбаярын төлөө тууштай тэмцэнэ. Түүнд өмгөөлөгч хэрэгтэй байна.  Одоохондоо өмгөөлөгч хөлслөх мөнгөгүй байна.  Би Ц.Мөнхбаярыг өмгөөлж хамгаалах, түүнийгээ илэрхийлэх эрхтэй хүн гэж өөрийгөө бодож байгаа”  хэмээн ярьжээ. Түүний үг үйлдлийн үнэ цэнийг өнөөдөр хөвөрч буй үйл явдлууд бэлхнээ харуулна. Улстөрчдийн үнэн, худлын алийг нь ярьж байгааг ялгахад тун бэрх болжээ.  Бусдын төлөө зүрхээ сугалж өгөхөөс ч буцахгүй тэмцэгчийн дүр эсгэсэн улстөрчдийн үнэн төрхийг ард түмэн энэ сонгуулиар мэдэж авав  бололтой.Тиймээс  Амлалт нэхэх ард түмний холбооны нэрээр олонд танигдсан зөөлөн суудалд заларсан Г.Уянга, Д.Батцогт нараас иргэд  амлалт нэхэх цаг нь болжээ. 

www.info.mn