богино мэдээ New

Гавъяатуудыг үлдээж, залуу тамирчдадаа итгэл хүлээлгэлээ

“Рио”-гийн олимпод оролцох тамирчдын нэрсийг зарлахаар Удирдах зөвлөл, багш нарын дунд хурал хийж шийдвэрээ гаргалаа” гэв. .
-Багийн ахлагчаар Н.Түвшинбаяр сонгогдлоо-

      Монголын жүдо бөхийн холбоо өчигдөр Спортын төв ордны Б зааланд “РИО-2016”-д оролцох шигшээ багийнхны нэрсийг зарлав. Энэхүү хүндхэн үүргийг холбооны ерөнхийлөгч Х.Баттулга хүлээсэн юм. Тэрээр “Олимпын наадам эхлэхэд 100 хоног үлджээ. Энэ бол тамирчин хүмүүсийн хувьд бага хугацаа. Лондонгийн олимпоос хойш бид дөрвөн жил сунгаанд явсан. Эн тэнцүү гурван бөхийг хооронд нь барилдуулж сорилго хийгээд өөрсдөө шүүж, тэмцээнд явуулдаг байсан. Сүүлийн үед Дэлхийн жүдо бөхийн холбооноос тивийн, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зарим жинг давхцуулж оруулдаг болсон. Энэ нь хоёр номерын тамирчдыг хохироохгүй гэсэн боломжийг нээж өгсөн. Жүдо бөх бол эмэгтэй долоо, эрэгтэй долоо гээд нийтдээ 14 жингээр сорилт, олимпын тэмцээн, дэлхийн аваргуудыг явуулдаг. Бүх жинд нэг, хоёр номерын тамирчин бэлтгэнэ гэдэг нь аль ч улсад зовлонтой асуудал байдаг. 

Манай улс олимпын анхны алтан медалиа жүдо бөхөөр авсан учир хичээллэгсэд олширсон. Олон хүний хамтын бүтээлээр тамирчид бэлтгэгдэж гардаг. Тийм учраас манай холбооны уриа “Хамтын хүч амжилт” байдаг юм. Бид хамтын хүчээрээ олимпын эрх авах тамирчдыг бэлтгэсэн. Монгол Улсаас жүдо бөхийг төлөөлж “Рио”-гийн олимпод оролцох тамирчдын нэрсийг зарлахаар Удирдах зөвлөл, багш нарын дунд хурал хийж шийдвэрээ гаргалаа” гэв. 
Түүнчлэн жүдочдын багийн ахлагчаар анхны олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг томилсноо дуулгасан юм. 
Ингээд олимпын наадамд оролцохоор сонгогдсон тамирчдын нэрсийг сонирхуулъя. 

-60 кг-д Ц.Цогтбаатар
-66 кг Д.Төмөрхүлэг
-73 кг Г.Одбаяр
-81 кг О.Ууганбаатар
-90 кг Л.Отгонбаатар
-100кг Н.Түвшинбаяр 
+100 кг Б.Тэмүүлэн 

-48 кг М.Уранцэцэг
-52 кг А.Цолмон
-57 кг Д.Сумъяа 
-63 кг Ц.Мөнхзаяа 
-70 кг Ц.Наранжаргал 
-78 кг П.Лхамдэгд 
+78 кг О.Жавзмаа нар олимпын наадамд оролцох эрхтэй болов. 


Н.Түвшинбаяр: Их хүнд өдөр болж өнгөрлөө

/Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар/

-“Рио”-гийн олимп эхлэхэд яг 99 хоног үлдсэн байна. Энэ олимпод оролцох шигшээ багийнхныг сая зарлалаа. Багийн ахлагчаар сонгогдсоны хувьд юу хэлмээр байна?
-Их хүнд өдөр болж өнгөрч байх шиг байна. Яагаад гэхээр олон тамирчны дундаас сонголт хийж, олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр дүнг үзлээ. Гэхдээ олимпод явах эрхээ авсан тамирчдын маань хувьд баярлаад байх асуудал биш. Их өндөр хариуцлага ирж байна гэж ойлгох ёстой. Бусад тамирчныхаа итгэлийг дааж олимпод амжилт гаргахыг нийт багийнхаа хамт олонд хүсье. Мөн хичээгээрэй гэж хэлмээр байна. 


Х.Баттулга: 60 кг-ын жинд сонголт хийх хамгийн хэцүү байлаа

/УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч/  

-Дөнгөж сая та олон хүн хүлээж байсан шигшээ багаа зарлалаа. Сонгон шалгаруулалт хийхэд их хүнд байсан байх?
-Эрх авахгүй байх нэг хэцүү. Бас олон эрх авах их хэцүү юм байна. Хоёр өдөр хуралдаж байж шийдвэрээ гаргасан. Эрэгтэй 60, 73, 81, эмэгтэй 52, 63 кг-ын жин давхацсан байсан л даа. Давхцах гэдэг маань нэг жинд хоёроос гурван бөх олимпын эрх зэрэг авчихаад байгаа юм. Тиймээс сонгон шалгаруулалт хийхгүй бол эргээд тамирчдын тусгайлан бэлтгэл, сэтгэлзүйн бэлтгэлийг нь эртнээс хийхгүй бол болохгүй гэж үзээд тамирчдынхаа нэрсийг зарлалаа. Гэхдээ бид сугалаа сугалж шийдвэрээ гаргадаггүй. Бүтэн дөрвөн жилийн циклиэр судалгаа хийдэг. Жишээлбэл, Ням-Очир дэлхийн чансаанд 10, олимпын чансаанд 10, олон улсын тэмцээнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 115 ялалт байгуулж 86 ялагдал хүлээсэн байна гэдэг ч юм уу. Мөн чансаагаараа дэлхийн эхний наймд эрэмбэлэгдсэн тамирчидтай яаж барилдсан байна вэ гээд тамирчин тус бүр дээр судалгаа гаргаж, барилдсан бичлэгийг нь үзэж анализ хийдэг. Ингэсний үндсэн дээр шийдвэрээ гаргасан. Үндсэндээ 14 жинд барилдах байх. Ямар ч гэсэн өмнө нь үзүүлсэн амжилтаа давтахыг хичээж бэлтгэл хийнэ.

-60 кг-ын жинд хэн нь явах бол гэсэн асуудал нэлээд эртнээс яригдсан. Цогтбаатарыг сонгох сонголтод юу нөлөөлөв?
-Сая Азийн аваргад залуу тамирчин Цогтбаатар амжилттай барилдаж хүрэл медаль хүртсэн. Дэлхийн аваргын мөнгөн медальтай тамирчныг өчих мэхээр ялсан шүү дээ. Энэ нь том үзүүлэлт. Мөн улсын аваргад ч гэсэн хоёр ахыгаа нэлээд өндөр үнэлгээтэйгээр ялсан. Энэ нь сонголтод нөлөөлсөн байгаа. Гэхдээ энэ жинд сонголт хийхэд хамгийн хэцүү байсныг хэлэх нь зүйтэй байх. 
Эх сурвалж: www.assa.mn