богино мэдээ New

Б.Лхагважав: НӨАТ-ыг орлогын эх үүсвэр гэж ойлгож ирсэн нь хамгийн том гажуудал

АН, МАН хоёулаа хамтарч баталсан хууль. Хүний өөрийн нам гээд байх юм байхгүй. Энэ асуудлыг шүүмжлээд улстөрийн акц хийгээд байгаа МАН олонх болж Засгийн эрх авбал энэ хуулийг хэрэгжүүлэхгүй гээд зогсч байхгүй л байх..
Хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрч байгаа  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  эргэн тойрон дахь асуудлаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. 
 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжээд  гурван сарын хугацаа өнгөрлөө.  Хууль батлагдаад хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг нэлээд хангасан ч эерэг сөрөг хандлагууд их гарч байна. Татварын шинэчлэл  хийх  зайлшгүй шаардлагатай юмаа гэж дуугарч байсны хувьд та юу хэлэх вэ? 
 
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өнгөрсөн 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан.  Энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үндсэндээ хууль амьдрал дээр хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрч байна. Цоо шинэ хууль биш. 1997 онд Монгол Улс энэ хуулийг  баталж, хэрэгжүүлсэн. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд  Нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тухай хууль үндсэн филисофиороо яваагүй.  Уг нь анхнаасаа ажил үйлчилгээ, хөрөнгийн системийн хөдөлгөөнийг бүртгэдэг хууль байхгүй юу. Нөгөө талаас аж ахуй нэгж, иргэнд үйлчилнэ. Иргэний төлсөн төлбөрөөс орох ёстой татвар яг төрд очиж байгаа эсэхийг хүн төрөлхтөн хайгаад олохгүй  байсан. Ингээд  1928 онд Герман улс, 1957 онд Франц улс татварын жинхэнэ филисофийг нээж,  амьдралд хэрэгжүүлсэн байдаг.  
 
Өөрөөр хэлбэл, хэрэглэгч, компани, төр гурвыг яаж холбох вэ гэдгийг олсон гэсэн үг. Хамгийн их луйвар явагддаг, нууц, хуурамч тайлан гаргадаг, татвараас зугтдаг хэсэг  компани, төр хоёрын хооронд явагддаг. Эндээс  компани, төр хоёрыг яаж иргэнтэй холбох вэ гэдэг асуулт гарч ирнэ. НӨАТ-ын хууль бол  үүнийг  л  тодорхойлсон хууль.  Бүр энгийнээр хэлбэл иргэн  хоёр хувийн  буцаан авалт авах замаар  компанийн орлогын мэдээллийг төрд  мэдээлэх мэдээлэгч болж байна гэсэн  үг. Энэ систем рүү 17 жилийн дараа орж   байна. Харин 1997 онд НӨАТ-ын тухай хуулийг батлахдаа энэ агуулгыг олж хараагүй. Өмнө нь таван жил хэрэглэсэн  Худалдааны татварын нэрийг л сольсон. 2006 онд хуульдаа шинэчлэл хийхдээ бас л дээрх гаргалгааг олж хараагүй, зөвхөн хувь процейнт өөрчилсөн.
 
Би 2005 оноос хойш НӨАТ-ын тухай хуулийн филисофийг өөрчлөх  ёстой гэдгийг  ярьж явсан. НӨАТ-ыг бүртгэлийн систем гэхээс илүүтэй төсөвт оруулдаг  орлогын эх үүсвэр гэж ойлгож ирсэн нь хамгийн том гажуудал. Анхнаасаа гүн ухааныг нь, филисофийг нь ойлгоогүй хууль заазуур болдог.  Өмнө нь байсан 10 саяын босго монголын компаниудыг дандаа жижиг байлгасан,  бутаргасан.  Нийт компаниудын 70-80 хувь нь 10 саяын босгыг давдаггүй байлаа. Энэ нь Монголын компаниуд төвлөрөх, харилцаагаа сайжруулах, томрох бололцоог хааж байсан.  Энэ байдлаас гарах гарц нь одоо хэрэгжиж байгаа шинэчилсэн хууль. 
 
-Хууль хэрэгжсэн 3 сарын хугацаанд ямар эерэг өөрчлөлт мэдрэгдэж байна? 
 
-Ийм бүртгэлийн систем явагдахаас өмнө Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн нь  аж ахуй нэгж   иргэндээ  боломж олгосон.  Ямар ч байсан санхүү, татварын тайлангаа зөв цэгээс эхэл, байгаа орлого үйлчилгээгээ албан ёсны  тайландаа тусгаад ав, дараа нь  таны аливаа орлого үйлчилгээ эцсийн хэрэглэгч иргэнээр дамжаад бүх мэдээлэл чинь төрд ирнэ гэдгийг ойлгуулсан. 2008 онд НӨАТ-ын 30 хувийг буцаан олгоё гэдэг санаа  дэвшүүлж байсан. Тэр үед  шилэн  кабель хангалттай   тавигдаагүй, гар утасны систем хуучнаараа байсан учраас  технологийн хувьд боломжгүй  байсан. Харин өнөөдөр IT-ийн салбарт явагдаж буй технологийн дэвшил  шинэчилсэн хуулийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх бололцоог авчирсан.
 
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 35 их наяд төгрөгтэй тэнцэх ажил үйлчилгээ, хөрөнгө бүртгэгдсэн. Эндээс манай ДНБ 23 их наяд биш юм байна, 45-50 их наядын том  эдийн засагтай гэдгийг харж болно. Цаад утгаараа 40 гаруй их наядын зах  зээл байгааг гаргаад ирлээ гэсэн  үг.  Өнөөдрийн байдлаар 35 сая баримт хэвлэгдэж, 34 мянган цэгт НӨАТ-ын баримт өгч байна.  Оны эхэнд манай үйлчилгээний  байгууллагуудын кассын машин 18 хувь байсан бол өнөөдөр 70 хувь руу очсон байна. Бизнес эрхлэгчид хэдийн  асуудлаа ойлгоод кассын машинаа аваад хэрэглээд явчихсан. IT-ийн компаниуд 3000  компанид үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдөр 30 мянган компанид үйлчилгээ үзүүлдэг боллоо. Манай банкны системийн пост машинууд 15 мянга. Үүнээс хоёр дахин их буюу  35 мянган цэгт талоны систем үйлчилж байна. Энэ бол хууль амьдрал дээр бодитоор хэрэгжиж буйн тод жишээ. Яагаад ийм  гайхалтай үр  дүнг олж харахгүй байгаа юм.
 
-Гэтэл өнөөдөр  хууль  дагасан эсэргүүцэл, шүүмжлэл гарсаар байна. Жишээ нь  өндөр  үнэтэй кассын машин шахлаа, дарамталлаа л гэж байна? 
-Энэ хуулийн мөн чанарыг үгүйсгэсэн, улс төр болгоод байгаа нэг зүйл бол кассын машин.  Кассын машин бол НӨАТ-ын тухай хуульд байхгүй, Татварын ерөнхий  хуульд хамаарах асуудал. Татварын ерөнхий хуульд өнгөрөгч долдугаар сард орсон өөрчлөлтөөр 18.1.8-т худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж кассын машинтай байна  гэдэг заалт байгаа. Тухайн үед УИХ  энэ хууль дээр дутуу ажилласан. Хэрэв  кассын машин хэрэглэж байгаа тохиолдолд  цахим хэлбэрээр давхар хадгалагдах ёстой. Энэ хүндрэлийг 1 хувийн татварын дараа 63 мянган аж ахуй нэгж худалдааны эрх олж авсны дараа олж харсан. Улаанбаатарт гэхэд нийт үйлчилгээний 60 гаруй хувь  төвлөрдөг. Үүний 17 хувь нь касстай байсан. Ингээд нийслэлийн татвар үндсэндээ хэрэгжихэд хүндрэл үүсээд зогссон.
 
 Энэ хүндрэлийг шийдэхийн тулд E BARIMT.MN  нэртэй сайт нээж, улсын хэмжээний кассын машин болгосон.  Энэ сайт ажиллаад эхлэхээр  зарим кассын машин жагсаалтаас гарч эхэлсэн. Энэ давуу талыг  олж харахгүйгээр  жижиг аж ахуй нэгжүүдэд үнэтэй кассын машин   шахах байдал нэгддүгээр сард ажиглагдсан. Одоо  бол энэ байдал засарсан. НӨАТ бол 50 саяас дээш орлоготой аж ахуй нэгжүүдэд хамаатай. Түүнээс доош орлоготой бол сайн дураараа суутган төлөгч болно.
 
Ер нь бол  үйлчилгээ  авчихаад баримт авахгүй байна гэдэг бүдүүлэг зүйл шүү дээ. 2001 онд  Засгийн газар кассын машин хэрэгжүүлэх  гэж үзээд дуулиан тарьж байсан даа. Төрийн талаас  нэг удаа ингэж хийж үзээд унтарсан юм. 2000 оноос хойш худалдаа, үйлчилгээ эрхлэгчид кассын машинд суурилсан программ хангамжгүйгээр өөрийн бизнесээ  явуулах ямар ч нөхцөлгүй болсон.  Тэгэхээр төрийн оролцоогүйгээр хийгдээд явж байгаа ажил гэсэн үг.  Хэвшил болчихсон зүйлийг л нэг системд оруулж, мэдээллийг нь нэгтгэдэг болж байна гэж  ойлгож болно. 
 
-Үүнээс гадна үнэ нэмэгдэж байна, жижиг аж ахуй нэгжүүдийг  татвараар дарамталж байна гэж  улстөрчид төдийгүй   зарим эдийн засагчид яриад эхлэхээр  эргэлзээ төрөөд байна л даа? 
 
-35  их наядын   хөрөнгө ил болно гэдэг бага тоо биш. Асар их мөнгийг хэн нууж байсан бэ. Буруу татварын систем, буруу хууль. Одоо зөв систем рүүгээ ороод нууж байсан хөрөнгөө ил болгоод, үнэн зөвөөр  тайлан балансаа гаргаад ирэхээр   эхэндээ мэдээж хүндрэл гарна.  Задгай явж ирсэн,  тайлан балансаа хуурамчаар гаргаж байсан аж ахуй нэгжүүд  зөв голдрилдоо ороход эхлээд асуудал гардаг юм.  Энэ аяндаа засагдаад явчихна. 
 
-Хуулийн хүрээн дэх шинэчлэл  хангалттай хийгдэж чадаагүй. Татварын шинэчлэлийн багц хуулиудаас зөвхөн НӨАТ-ын хууль л батлагдлаа. Тэгэхээр цаашдаа хүндрэл гарахгүй гэх баталгаа байна уу? 
 
-Тэр үнэн. Сая Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиа батлахаасаа өмнө  татварын гэх тодотголтой дөрвөн том хуулиа цогцоор нь өөрчлөх шаардлагатай байсан ч чадсангүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын  тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан  татварын тухай хууль,  Хувь хүний  орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хууль.  Уг нь эдгээр хуулиуд багцаараа явж байсан ч Нэмэгдсэн өртгийн  албан татварын тухай хууль  нь батлагдаад нөгөө гурвыг нь хойноо хийчихсэн.  Намрын чуулганаар орох байсан ч хойшилсон.  УИХ эдгээр хуулиудаа баталж өгөөд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаасай гэж  хүсч байна.  Бидний зорилго бол хар эдийн засгаас салах. Бид дундад зуунд амьдраагүй биз дээ. 
 
-Татварын системийг шинэчлэх нь зөв гэж  манай улстөрчид  их ярьдаг. Гэтэл өнөөдөр МАН-ынхан  энэ өөрчлөлтийнхөө эсрэг зүйл ярьж  яваа нь ямар учиртай юм бол?
 
-Сонгуульд зориулсан өдөөн хатгалга бий. Нөгөө талаар сүүлийн 25 жил татварын хуулиудыг баталж байсан, татварын системийг  бий болгоод ажиллаж байсан үе үеийн улстөрчдийн алдаа. Хүний өөрийн гэж нялзаах юм байхгүй. Нэгэнт систем  буруу гэдгийг олж хараад засах зорилго нь зөв байсан. Өнгөрсөн хугацаанд татварын системийн өөрчлөлтийг хийж байж эдийн засгийн хямралаас  гарна гэдгээ ойлгож хамтраад,  багц хуулиудаа оруулж ирсэн гэж найдаж байлаа. Гэтэл өөрсдийнх нь Засгийн газарт байх үед  оруулж  ирсэн хууль нь батлагдаад хэрэгжээд эхлэхээр эсэргүүцээд, шүүмжлээд, улстөржөөд эхэлсэнд би харамсч байгаа.  
 
Сонгууль яахав болдгоороо болно. Системийн өөрчлөлт хийх нь чухал. Улстөрчид  хөдөө орон нутгийнхныг энэ системийг ойлгож  хэрэглэж чадахгүй гэж их доромжилдог. Уучлаарай өнөөдөр  бүх сум шилэн кабельд холбогдсон, 3G бүх газар очсон, 4 сая гар утасны бараг 2.4 сая нь смарт болсон.  Технологи, дэд бүтэц бүгд байна. Харин улстөрчид  гаргасан бодлогодоо зарчимтай хандмаар байна. Цаад утгаараа Монгол Улсын Үндсэн хуультай холбоотой асуудал. Үндсэн хуулинд  татвар төлөх нь иргэний онцгой  үүрэг гэж заасан. Яагаад Үндсэн хуулийн эсрэг юм яриад байна вэ гэж  эсэргүүцээд байгаа нөхдөөс асуумаар байна.
 
Хялбаршуулсан татвар өгдөг,  50 саяас доош орлоготой компаниудад эрх өгөх асуудал чинь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд  шинээр ороод ирчихсэн яваа. Уйлан дуугараад байгаа нөхдүүд бүрэн эрхийнхээ хугацаанд  энэ хуулиа батлаач.   Ингэвэл хуулиудын хоорондын систем зөв ажиллаад эхэлнэ. Манай дарга нарт том дутагдал байна. Технологийн  дэвшлийг зөвхөн өөрөө бэлэглэх юм шиг ойлгодог.  Жишээ нь коммунизмын үед утас  маш үнэ цэнэтэй зүйл байсан. Нэг айл утастай байхад бараг л сайдын зиндаанд очно. Тэгээд мэдээлэл авах бүх эрхийг  зөвхөн тэр утастай  хүн л атгадаг байсан. Үүнтэй адил иргэдийн мэдээлэл, үйлчилгээ авах эрхийг дарга нар өөрсдөө атгах гэж  оролддог. Гэвч технологийн хурдацтай хөгжил ийм боломжийг дарга нарт олгосонгүй.  Тэгэхээр технологийн өөрчлөлтийг ашиглаад явах нь чухал болохоос ухрах алхам хийж болохгүй. 
 
-Тэгвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуулийн талаар сөрөг зүйл  ярьж байгаа хэсгийг нийгмийн багахан хэсэг гэж ойлгож болох уу? 
 
-Тэгэж ойлгож болно. Өнгөрсөн хугацаанд ил тодын хууль, өршөөлийн хуулийг батлахаас өмнө  бизнес эрхлэгчидтэй уулзахад нэг нь ч эсэргүүцэж байгаагүй. Би өөрөө манлайлаад явж байсны хувьд үүнийг баттай хэлнэ. Бүгд зөв зүйтэй гэж байсан. Тухайн үед  “Миний ярьж байгаа хууль эрхзүйн шинэчлэл батлагдаад хэрэгжээд эхлэхээр  бизнес эрхлэгчид маш том хяналтад орно шүү” гэж сануулж, анхааруулж явсан.  Хууль хэрэгжээд бүх орлого нь бүртгэгдээд эхлэхээр магадгүй намайг хараана. Гэтэл өнөөдөр 95 мянган аж ахуй нэгжүүд бүгдээрээ  хөрөнгө оруулагч болохыг хүсч байна. Дандаа л хуурамч тайлан гаргачихаад нягтлангаа манаад суудаг баймааргүй  байна шүү дээ.
 
Компанийн зөв засаглал нь хөрөнгийг нь өсгөдөг хэлбэр рүү орох ёстой. Ний нуугүй хэлэхэд хуурамч тайлан гаргаад, татвараа нуугаад дараа нь татварын  байцаагч, цагдаа хоёроор амь амьсгаагаа тасдуулахыг хүсдэг нэг ч бизнес эрхлэгч байхгүй. Хууль хэрэгжиж эхэлсэн эхний гурван сарын НӨАТ-ын орлогыг хар л даа. Нийт орлогын хэмжээ  нэгдүгээр сард 1.7 их наяд байсан. Гэхдээ орж ирсэн НӨАТ-ын орлого нь 15 тэрбумаар нэмэгдсэн байна. Энэ нь хуурамч тайлан гаргаж, бүх амьтдын хэрэгцээг хангадаг адгийн  шаар болохоосоо бизнес эрхлэгчид татгалзаж байгаагийн илрэл. Энэ мэт учрыг нь гаргаад, хуулиа сурталчлаад явах ёстой хүмүүс нь УИХ-ын гишүүд өөрсдөө. 
 
-Эдийн засаг хүнд байхад хууль баталсан нь буруу гэх шүүмжлэл явж байгаа. Энэ цаг үед хуулийг баталсныг сонгуультай  холбож тайлбарлах нь ч бий. Та  энэ асуудалд ямар бодолтой байна вэ? 
 
-Уучлаарай. Бид  17  жил буруу системээр явлаа. Одоо хангалттай. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль бол зөөлөн бодлого.  Цаг хугацаа яриад байгаад би гайхаж байгаа. Өмнөх 17 жилд  тэгвэл энэ гажуудлаа засахгүй  яасан юм. Харин ч эдийн засаг сааралтай байгаа үед  бид мотороо засах ёстой. Аливаа компанийн мотор нь санхүү, тайлан баланс. НӨАТ бол баримт өгч байгаа л нэг хэлбэр. Татварын системийг  зөв чиглэлд оруулах ажлыг гардан хийж байсан зарим хүмүүс  эсэргүүцээд байгаад би их гайхаж л сууна. 
 
-Урамшуулал нэртэй сугалаагаар хуурч иргэдийнхээ халаас руу гар дүрлээ гэж байна? 
 
-Эдийн засгийн онцгой эрх  чинь иргэний эрх юм шүү дээ. Энэ эрхийнхээ дагуу үйлчилгээгээ аваад  төлбөрөө төлөөд баримтаа авахад юунд нь дургүйцээд байгаа юм. Өнөөдөр 35 сая баримт хэвлэгдээд 12 сая талон шивчихсэн байна. Компютер анх гарч байхад  хулганыг амьд хулгана гэж   год үсэрч байсан манай хэд хэдэн төрийн томчууд бий шүү. Технологио ойлгоогүй учраас тэр л дээ. Тийм л сэтгэлтэй улсуудын хандлага одоо ч байсаар байна. Нөгөө талаас иргэдийнхээ эрхийг  яагаад эдлүүлэхийг хүсэхгүй байна. Гурван сая иргэн найман хувийн татвар төлмөөр байна. Сугалаагаар азтан тодруулах хөрөнгийг урамшуулал гэдгээр 24 тэрбум төгрөг төсөвт суучихсан юм.  
 
АН, МАН хоёулаа хамтарч баталсан хууль.  Хүний өөрийн нам гээд байх юм байхгүй. Энэ асуудлыг шүүмжлээд улстөрийн акц хийгээд байгаа МАН  олонх болж Засгийн эрх авбал энэ хуулийг хэрэгжүүлэхгүй гээд зогсч байхгүй л байх. Битатварын хуулийн ухуулагчийн ажлыг  хэдэн сар хийлээ. Өөрсдөө хуулиа зөвөөр сурталчлаад явахын оронд  улстөржөөд байгаа нь үнэндээ утгагүй л санагдаж байна.  Хууль баталчихаад тэрийгээ таниулдаггүй, би эсрэг санал өгсөн гээд таг нуугдчихдаг. Нийгмийг хамарсан хамгийн том систем бол татварын систем. Ийм чухал асуудлаас тойрч  зугтана гэвэл УИХ-ын гишүүн байгаад яах вэ. 
 
-Ярилцсанд баярлалаа.