богино мэдээ New

Бурхантай бүү наймаалц

Ухаарал өгсөн их гоё нийтлэл байна. Та ч бас тайван суугаад, эсвэл хадгалж аваад дараа нь тухтай суугаад ухаараад нэг уншаад үзээрэй. Гомдол гэдэг зүйлийг өөрөөс холдуулж уучилж мартах гэдэг хүнд өөрт нь ямар хэрэгтэй зүйл болох, бусдын ба өөрийн аминч үзлийн талаар дахин нэг бодох хэрэгтэй болов уу. .

Ухаарал өгсөн их гоё нийтлэл байна. Та ч бас тайван суугаад, эсвэл хадгалж аваад дараа нь тухтай суугаад ухаараад нэг уншаад үзээрэй. Гомдол гэдэг зүйлийг өөрөөс холдуулж уучилж мартах гэдэг хүнд өөрт нь ямар хэрэгтэй зүйл болох, бусдын ба өөрийн аминч үзлийн талаар дахин нэг бодох хэрэгтэй болов уу. 
 

Ажил бүтээгээд өгчих, өвчин эдгээгээд өгчих гэж бурхантай наймаа ярина. Залбирах нь хүртэл хариу нэхэлт, тахих нь хүртэл үр дүн горилолт, мөргөх нь хүртэл ашиг сонирхол хүсэлт. Бурхантай бүү наймаалц. Бурхан эгогин зарц биш. Тэр бол хайр. Тэр бол өглөг. Хариу бүү хүс. Ингэвэл бурхан чамтай нэгдэх болно. Зүгээр л цав цагаан цаас бай. Зүгээр л хов хоосон сав бол. Хэдий хоосрох тусам чамд их зүйл багтах болно. Хэдий дүүрэн байх тусам чамд бага зүйл орох болно. Ухаарал орох зайгүй буруу мэдлэгээр чигжсэн тархи. Хайр цэцэглэх хөрсгүй хөлдүү цэвдэг зүрх байхаа боль. Ухаарлын сав нь болохсон, хайрын хөрс нь болохсон. Бурхантай бүү наймаалц. Зүгээр л бурханлагийг хүлээн авахад бэлэн бай. Зүгээр л хайрлахад бэлэн бай. Зүгээр л талархахад бэлэн бай. Бусдыг гэх тусам чи хөгжиж буйн шинж. Өөрийгөө гэх тусам чи хөлдөж буйн шинж.

ЧАМАЙГ ЭЭЖИД ХЭЛНЭ ДЭЭ

Ээж минь миний хувьд хүслийг биелүүлэгч чандмань эрдэнэ байж дээ. Ээждээ хэлэхэд л миний бүх хүсэл минь биелдэг гэдэгт бат итгэлтэй байсан тэр үед би Диваажинд амьдардаг байсан юм байна даа. Болохгүй бол ээжид хэлчхэд л бүх юм болчихдог байж дээ. "Чамайг ээжид хэлнэ дээ" гэдэг үгийг би хэлэлгүй ямар их удсан юм бэ. Хүнд хэцүү цаг мөчид энэ үгийг дахин дахин хэлж тайвшрах юмсан. Хорвоо заримдаа ямар хэцүү юм бэ. Гэхдээ энэ үгийг хэлэхээр жаахан ч гэсэн яг тэр гэнэн цайлган үедээ очсон юм шиг мэдрэмж төрж би инээж байна. Жаахан ч гэсэн тайвшрал авч байна. Яадаг юм би энэ үгийг чанга чанга дуугаар дахин дахин хэлнэ. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн би хүүхэд насандаа эргээд очдог юм. Ээжий минь сайхан үнэр сэнгэнэх шиг болдог юм. "Чамайг ээжид хэлнэ дээ"

ТА АЛИЙГ НЬ СОНГОДОГ ВЭ?

Өөрийнхөөрөө байх гэхээр бусдыг гомдоочих гээд. Бусдынхаар байх гэхээр өөрийгөө хохироочих гээд байдаг уу? Та алийг нь сонгодог вэ? Өөрийгөө сонгоод бусадтай тангараг тасардаг уу? Бусдыг сонгоод өөрөө сэтгэл дундуур явдаг уу? Хоёуланг нь сонгоод хуурамч дүр үзүүлдэг үү? Эсвэл хольцыг нь тааруулан найгадаг уу? Энэ бүхэнтэй зохицож амьдрах үнэхээр хэцүү. Үүний гол буруутан нь та биш эго юм. Энэ дэлхий дээр долоон тэрбум эго байна. Хүн бүхэн өөр өөрийнхөө хүслийг биелүүлэхийг хүсдэг учраас маш олон эрх ашгууд хоорондоо зөрчилддөг. Үүнээс л хагарал мөргөлдөөн, хэрүүл тэмцэл бүхэн үүддэг. Уг нь өөрийн аминч хүслийг биелүүлэхийн тулд бусдыг хохироохгүй. Бусдын аминч үзлийг тэтгэж муу зан сургалгүй аминч үзэл биш бол өөрийнхөө эрх ашгийг түүний төлөө зольж чаддаг байх нь зөв юм. Болж өгвөл хоёр нүүр гаргахыг битгий сонгоорой. Эсвэл бүгдийг орхиод Бурханд бүхнийг даатгаад нэг үзээрэй.

УУЧЛАЛТ

Уучилна гэдэг нь гомдлоо тайлахын нэр юм. Уг нь зүгээр л сэтгэлдээ уучилж болдог. Гэтэл бид заавал гуйлгаж байж ялж байж уучлах гээд байдаг. Нэгэнт гомдчихсон бол уучлах нь л хамгийн зөв шийдвэр юм. Уучлахгүй бол та өөрөө л удаан шаналах болно. Та хичнээн түүнийг бодохгүй өөр зүйлээр сатаарсан ч далд ухамсарт чинь гомдол хадгалагдаад үлдчихдэг. Үүнээс болж амархан сэтгэлээр унадаг болчихдог. Гомдлоо тайлж байхгүй бол сэтгэлзүйн байдалд чинь танд мэдэгдэхгүй нарийн өөрчлөлт орж байдаг гэсэн үг. Уг нь гомдол танаас уучлахыг байнга хүсэж байдаг. Тэр гадагшлахыг хүсэж тэмүүлж байдаг. Гомдож эхлэхдээ хүртэл уйлж хагас нь гардаг. Дараа нь хэн нэгэнд түүнийгээ муулж бас нэг хэсэг нь гадагшилдаг. Түүний дараа тэр хүн рүүгээ харж чадахгүй тунирхаж зугтаалгадаг. Үлдсэн хэсэг нь нүүр тулж хэлэх үгээ хэлж нэг гарч гүйлцдэг. Та гомдлоо тээн шаналж баймаар байна уу? Уучилж дотроосоо гаргаж хаяад санаа амармаар байна уу? Өөрөө л мэд. Таны л сонголт.

ГОМДЛЫН ГУРВАН ТҮВШИН

Та хэнд хамгийн амархан гомдох гээд байна. Тэр хүндээ л хамгийн хайртай байдаг. Бусдын ямар ч ааш авирыг тоодоггүй мөртлөө тэр хүнийхээ хэдхэн үгэнд жаахан хүүхэд шиг амархан гомдчихдог. Энэ нь түүнд эрхэлж байгаа нэг хэлбэр юм. Ийм ГЭНЭН ГОМДОЛ байдаг. Үүнд нэг их буруу байхгүй. Гэнэн гомдлын түвшинд гомдохгүй байна гэдэг нь хөндийрч байгаагийн илрэл байх нь ч бий. Гомдлын дараагийн хэлбэр бол айлгаж бусдыг эрхэндээ байлгах гэсэн ХАРАЛГАН ГОМДОЛ юм. Юм л бол нулимсаараа түрий барьж өөрийн хүссэнээрээ бусдыг байлгах гэсэн атгаг бодолд автдаг. Ийм гомдолд заль их байдаг. Үүний цаана цаад хүний эрх ашиг хөндөгдөж байдаг. Ийм гомдол хүмүүсийг чимээгүйхэн далдуур хөндийрүүлдэг. Мөн хоёулаа зовж шаналдаг. Гомдлын хүнд хэлбэр нь үзэн ядалт болдог. Бүх бурууг түүнд чихэж саяхан л хайр сэтгэл зарлаж байснаа одоо үзэн ядалт өс хонзон зарладаг. Удаан тээсэн өс нь уй гашуу ч болдог. Өнгөрсөн амьдралдаа гутран нэг л хүнд хамаг буруугаа тохож түүнээс болж л аз жаргалгүй амьдарсан гэж харамсан гашуудан явдаг хүмүүс олон байдаг. Ийм хүнд гомдлыг МУЙХАР ГОМДОЛ гэдэг. Ийм гомдолд хүмүүс аль хэдийнэ холдсон байдаг. Гомдогч л өөрөө маш их зовдог.

ГОМДОЛ ҮГҮЙ БОЛ УУЧЛАЛТ ҮГҮЙ

Уучлах танд хэцүү байдаг уу? Уучилж чадахгүй зовж байхаар амархан гомддог зангаа л больчих. Гомдол үгүй бол уучлалт ч бас үгүй юм. Гомдоогүй юм чинь юугаа уучлах билээ. Өөрийгөө зовоож шаналгах зүйлсээс холуур явбал танд л амар бус уу? Таныг унтаж ч чадахгүй шаналан тарчилж байхад. Нөгөө хүн чинь дуг нойрондоо дугжирч байж ч мэднэ шүү. Гомдсоноор та юу хожих юм? Зовлон л хожиж байгаа юм биш үү? Ингэж өөрийгөө сайн дураараа зовоох хэрэг юу байна? Нэг бол хурдхан уучлаад санаа амар байх нөгөө бол анхнаасаа гомдохгүй амгалан тайван байвал танд л амар байх даа.

ГОМДООГЧ БА ГОМДОГЧ

"ГОМДООГЧ" Та хөгжих тусам мэдрэмтгий болдог. Та зөв болох тусам уяхан болдог. Зөөлөн болдог. Бусдыг гомдоочихвий гэдгээ анзаардаг болдог. Бусдад туслахсан гэсэн сэтгэлтэй болдог. Та хөрөх тусам мэдрэмжгүй болдог. Хөндий хүйтэн цэвдэг болдог. Амиа л бодогч бэртэгчин үзэлтэй болдог. Бусдыг гомдоочихвий гэж бодох нь битгий хэл гомдоосон ч тоодоггүй хэнэггүй нэгэн болж байдаг. Бусдын зовлонгийн шалтгаан болохоо болихсон. Өнөөдөр бусдыг гомдоосон бол өөр нэг өдөр бусдад гомдох л байх даа.

"ГОМДОГЧ" Байнга аргадуулж амьдрахыг хүснэ. Болж л өгвөл нүдэн доороо алга тосуулахыг хичээнэ. Амархан гомдогч өөрийгөө сайн дураараа дорой өрөвдөлтэй нэгэн болгож байдаг. Бие даах чадвар сул байдаг. Их эрх өссөн олон хэмжээст орж үзээгүй зовлон жаргалд нухлуулж үзээгүй хүмүүс гомдох нь хялбархан байдаг. Зовлонгоо чамаас л боллоо гэж бусад руу чихэхээ болихсон. Таны л амьдрал. Таны л сонгосон зам. Таны л үйлийн үр.

ГОМДОЛ

Гомдол бол урам хугаралт юм. “Арай ч дээ”-ээс гомдол үүснэ. Тэр бас биелээгүй хүсэл юм. “Үгүй байлгүй дээ” гэж гомдол эхэлнэ. Удаан тээсэн гомдол “Өс хонзон” болж хувирна. Цаад хүнээ ялахыг хүснэ. Миний буруу биш чиний л буруу байгаа биз дээ гэж цаад хүнээр өөрийнхөө зөв байсныг батлуулж өөрийг нь буруу байсныг нь хүлээн зөвшөөрүүлэхийг хүснэ. Ялалтыг өөртөө авч ялагдлыг түүнд өгч байж тайвширна. Гуйлгаж байж л санаа амарна. Тэр хүн чамайг гомдоохгүйн тулд л амьдарч байгаа хүн мөн үү? Тэр хүн зөвхөн чиний төлөө л амьдарч байгаа бол зөвхөн чиний зарц бол энэ боломжтой. "Тийм их тус болж байхад, Ийм их хайрлаж байхад, ингэх гэж" гэж та бодож байж болно. Гэхдээ тэр ч гэсэн хүн шүү дээ. Мэдээж бусдыг гомдоох нь буруу. Гэхдээ хэн ч бусдыг гомдооё гэж боддоггүй юм. "Гомдчихвий" гэж анзаарч чадаагүйгээс л бусдыг гомдоочихдог юм. Эсвэл чиний хэт их шаардлагаас, хэт их хариуг түүнээс хүссэнээс чинь гомдол үүссэн байдаг.

ЗӨВ БА БУРУУ

Хүн бүхэн өөрийнхөө зөв гэж боддог учраас л зөрчил үүсдэг. Өөрийгөө буруу гэж боддог хүн нэг ч үгүй. Зөв байхын тулд буруу заавал байх ёстой. Буруу үгүйгээр зөв орших боломжгүй. 100 хувь зөв. 100 хувь буруу гэж үгүй. Хэн нэгний буруу байж л таны зөв байх боломжтой. Бид өөрийгөө зөвтгөхийн тулд л бусдыг буруутгадаг. Бусдынх зөв болчихвол. Таных буруу болох болчихдог. Таны хувьд зөв өөр хэн нэгний хувьд буруу. Таны буруу гэж бодож байгаа үзэл хэн нэгний хувьд зөв байдаг. Тэгэхээр таны яг одоо бодож байгаа зөв чинь хэсэг хугaцааны дараа буруу болж. Буруу гэж бодож байгаа чинь төд удалгүй зөв байсан байж ч магадгүй. Бид анд нөхөд сайн гэж бодсон хүнээсээ бурууг нь олж харж чаддаггүй. Дургүй муу гэж бодсон хүнээсээ зөвийг нь олж харж чаддаггүй. Та өөрийнхөө үзэлд автсан өнцгөөс л харж байгаа учраас тэр. Ер нь ямар ч хүнийг хэн ч гэж харж болдог. Гэгээнтэнг алуурчин, алуурчинг гэгээнтэн ч гэж харж болдог. Энэ таны л сонголт байдаг. Гэтэл бид өөрийнхөө зөвийг бусдад тулгаж. Бусдын зөвийг буруутгаж байдаг.

БУСДЫГ МУУЛАХ НЬ ӨӨРИЙГӨӨ МУУЛЖ БАЙГАА ХЭРЭГ

Бид яагаад бусдыг муулдаг юм вэ? Тэр хүнийг алдааг нь засах гэж лав биш. Хэрэв тийм бол өөр хүнд биш өөрт нь хэлэх байсан юм. Хэн нэгний мууг нь чи өөрөө мэдчихсэн бол цааш нь өөр хүмүүст ярих хэрэгцээ юусан билээ? Муулснаар та юу хождог юм бэ? Зүгээр л ярих юм олдохгүй болохоор муулдаг гэж та бодож байж магад. Гэтэл тийм биш. Бусдыг муулж байгаа нь далдуур та өөрийгөө магтаж байгаа хэрэг юм. Мэдээж тэр хүнийг чи муулж байгаа юм чинь чи өөрөө тэрнээс муу биш гэсэн мэдрэмж сэтгэлийн гүнд чинь байдаг. Бүр би бол ингэх байсан юм арай ч дээ гэж хэлэх нь ч бий. Бусдыг муулна гэдэг нь бусдыг доош хийж өөрийгөө дээш татах гэсэн сэтгэлийн ов мэх юм. Муулаад ч хамаагүй түүнээс илүү гэдгээ өөрөө мэдрэх гэж байгаа эго юм. Бүр хүн муулж таашаал авдаг хүмүүс ч байдаг. Бусдыг муулж явдаг хүнд хүмүүс дуртай байдаг билүү? Бусдыг танд муулж байгаа хүн таныг ч бас цааш нь өөр хүнд муулж мэдэх нэгэн бус уу? Ингэхээр бусдыг муулж байгаа нь би бол ховч таныг ч бас хэзээ нэг цагт цааш нь муулж мэднэ шүү гэж зарлаж байгаа хэрэг бус уу?


Х.Баасансүрэн
Эрдэнэзуу хийдийн Хамба лам





Мэдээний эх сурвалж: http://society.time.mn/content/32827.shtml