богино мэдээ New

Хотын дарга аа, хүүгийн чинь компани иргэдийг хохироочихлоо хариуцлагыг нь хэнтэй тооцох вэ

. Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудайгийн нэр дээр байдаг “Грандлайн" компани бидний газрыг авсан. Одоогоор 100 гаруй өрх газраа чөлөөлж нүүсэн. Гэтэл дулааны улирал аль хэдийнэ эхэлж бусад газруудад бүтээн байгуулалтын ажил эхэлчихээд байхад энэ компани одоог хүртэл ажлаа явуулахгүй байгаад гайхаж байна. .

Хотын дарга Э.Бат-Үүл 2012 онд нийслэлийн ИТХ-ын сонгуульд намаа удирдан оролцож нийслэлийн гэр хорооллыг хаус хороолол болгох уриатай оролцож ялалт байгуулсан түүхтэй. Гэтэл тэрбээр хотын дарга болсныхоо дараа хаус хорооллоос түрүүлээд гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийг орон сууцжуулахаар болсон. Иргэдийн сэтгэл зүй болон эмзэг сэдвийг хөндөж ялалт байгуулсан хотын дарга хэлсэн ярьснаасаа буцаж ядарсан иргэдээрээ даажигнах шиг боллоо.
Яг үнэндээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд тэд гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийн дор иргэдийн газрыг үнэгүйдүүлж олон хүнийг эд хөрөнгөөс нь салгаж гудамжинд гаргасан гэж хэлэхэд нэг их дэгсдсэн болохгүй байх. Тухайлбал, эдгээрээс хамгийн их асуудалтай байгаа нь Баянзүрх дүүргийн ХII хороонд байрлах “Түмэн амгалан” цогцолбор хороолол. Уг хороолол хэзээ ашиглалтад орж, газраа чөлөөлж өгсөн иргэдээ тохилог орон сууцаар хангах нь тодорхойгүй байгаа юм. Уг нь өнгөрсөн хугацаанд тус хорооллын талаар иргэд өөрсдийн байр сууриа хангалттай хэвлэл мэдээлэлээр гаргаж байсан ч тус хорооллыг барьж буй “Грандлайн” ХХК-ийн удирдлагууд эрс няцааж “Барилгын ажил хийгдэж байгаа хэсэг бүлэг хүний захиалгаар манай компанийн талаар сөрөг мэдээллийг гаргах боллоо” хэмээн олон нийтэд мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл бодит байдал дээр өнөөг хэр нь барилгын ажил хийгдэлгүй иргэдийг хохироож буй аж.
Уг нь төлөвлөгөө ёсоор тус хорооны нутаг дэвсгэрийн 13 га газарт орон сууцны 35 блок барилга, олон улсын жишигт нийцсэн худалдаа үйлчилгээний цогцолбор, тус бүр нь 940 хүүхэд хүлээн авах дунд болон ахлах сургууль, цэцэрлэг, 2800 автомашины зогсоол гээд иргэдийн ая тухыг хангасан хотхон барьж айл өрхийг нүүлгэн оруулах ёстой байсан юм. 
Гэтэл тус компани зөвхөн барилгын суурь ажлыг хийж өөр ямар ч бүтээн байгуулалт эхлүүлээгүй учраас иргэд хаана гомдлоо гаргаж энэ асуудлыг хэрхэн, яаж хурдан шийдүүлэх вэ хэмээн аргаа барж явна хэмээн иргэд хэвлэлийнхэнд хандах болсон юм. 

Г.Долгорсүрэн: Хотын даргын хүүгийн компани гэхэд маш их итгэж байсан 

Ингээд тус хорооны иргэн Г.Долгорсүрэн “Манай хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудайгийн нэр дээр байдаг “Грандлайн" компани бидний газрыг авсан. Одоогоор 100 гаруй өрх газраа чөлөөлж нүүсэн. Гэтэл дулааны улирал аль хэдийнэ эхэлж бусад газруудад бүтээн байгуулалтын ажил эхэлчихээд байхад энэ компани одоог хүртэл ажлаа явуулахгүй байгаад гайхаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зөвхөн хэдэн төмөр л суулгалаа. Өөр юу ч хийсэнгүй дээ. Үнэнийг хэлэхэд Э.Бат-Үүл дарга биднээр даажигнаад байна. Иргэдийнхээ амьдралыг бодохгүй байна. Уг нь хотын даргын хүү орон сууц барих юм байна. Асуудлыг арай хурдан шийдэж биднийг орон сууцтай болгоно хэмээн иргэд газраа өгсөн. Гэтэл одоо хохирогч болчихоод байна шүү дээ. Энэ асуудлаар бид Э.Бат-Үүл даргатай уулзах хүсэлт удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй. Үнэхээр яах учраа олохгүй байна. Аргаа бараад бид МАН-ын эрх мэдэл бүхий хүмүүст хандаж газар дээр нь нөхцөл байдал ямархуу байгааг харууллаа. Тэд холбогдох албан тушаалтай хүмүүстэй нь ярилцаж бидний асуудлыг шийдэж өгөх байх гэж итгэж байна. Ямартай ч удахгүй УИХ-ын сонгууль болох учраас асуудал шийдэгдэх байлгүй гээд хүлээж байна” гэлээ.

Д.Оюунсүрэн: Олон нялх нойтон хүүхэдтэй би хаана очих юм бэ 

Миний хувьд олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Анх “Грандлайн” ХХК-ийг бидний орон сууцыг барьж өгнө гэхэд нь маш их баярлаж байсан. Учир нь, аав нь хотын дарга юм чинь асуудлыг хурдан шийдэж биднийг орон сууцанд хурдан оруулна гэж итгэсэн хэрэг. Гэтэл энэ их итгэлийг минь үгүй хийж биднийг орох орон, оочих аягагүй болгосонд үнэхээр гомдолтой байна. Уг нь анх хотын дарга Э.Бат-Үүл “Халуун, хүйтэн усны шугамыг чинь шийдээд өгнө. Та нар тэндээ юугаа хийнэ үү өөрсдөө мэд” гэж хэлж байсан. Энэ үгэнд нь ямар их баярлаж байв аа. Одоо бол бид газраа дэмий өглөө гэж харамсч байна. Олон нялх нойтон хүүхдээ дагуулаад хаана очих вэ гэж л бодож байна. 

“Грандлайн” ХХК төслөө өндөр үнээр зарсан 

Ямартай ч маш олон иргэд дээрх хоёр иргэнтэй адилхан зүйлийг ярьж байсан. Тэдний ярьсан хэлсэн зүйл хэр үнэний ортой вэ гэдэг нь бидний авсан фото зургаас ч тодорхой харагдах байх. Уг нь өнгөрсөн онд “Түмэн амгалан” цогцолбор хорооллын талаар газраа өгсөн иргэд хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мянгантаа учирласан ч тус компанийн удирдлагууд эрc няцааж байсныг уншигчид эрхгүй санаж байгаа байх. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сарын 3-ны өдөр “Грандлайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин хэлэхдээ “Газраа чөлөөлсөн 40 айл өрхөөс нэг нь ч гомдол гаргаагүй. Барилгын ажил хэвийн явагдаж байгаа” гэх мэдээллийг өгч байсан. Гэтэл бодит байдал дээр барилгын ажил явах нь бүү хэл арзайсан хэдхэн төмөр угсарсныг эс тооцвол тухайн хороолол хэзээ ашиглалтад орох бол доо гэж санаа зовмоор байдалтай байсан юм. 
Анх дээрх төслийг зарлах үед Монголдоо нэлээд хэдэн жил барилгын салбарт хүч үзсэн сайн болон муугаар нэр нь дуулдсан олны танил компаниуд байсан. Гэтэл гэнэт л хотын даргын хүүгийн “Грайндлайн” компани шалгарч гэр хорооллыг барилгажуулах том төслийн эзэн суусан. Тус компанийг тендерт ялсных нь дараа олон нийтийн зүгээс өмнө нь барилгын салбарт ажллаж байгаагүй брокер диллерийн компани ийм хэмжээний тендер авсан нь хачирхалтай хэмээн ярьж байсан ч энэ их хэл амыг ажралгүйгээр давж уг ажлыг гүйцэлдүүлэх болсон. Түүнчлэн “Грандлайн” ХХК туркуудтай түншилж “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг барьж ашиглалтад оруулна гэж ярьж байсан ч хамтрагчдаа хулхидаж хуншгүй зан ч гаргаж байсан. Тодруулбал, Туркийн “216 Япи Үрэти худалдаа” компани “Грандлайн” компанитай гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хамтарч ажиллах байсан ч тус компани бүх хувьцаа болон төслөө маш өндөр үнээр “Бэрэн” группт худалдсан гэх асуудал үүссэн. Гэтэл бүхэл бүтэн хорооллын төслийн тендерийг ямар ч мөнгө төлөхгүйгээр авсан “Грандлайн” ХХК-нд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд одоог хэр нь хариуцлага тооцохгүй байгаа нь хачирхалтай. Хэрвээ хэн нэгэн үндэсний компанийн захирал болох Дорж, Дулмаа нарын захирал хувьцаа болон төслөө бусдад өндөр үнээр худалдсан бол аль шалтгалж явуулж, үйл тамыг нь үзэж байгаа даа. Гэтэл ийм том ажлыг гацааж олон хүнийг хохироочихоод байхад өнөөг хүртэл таг дуугүй сууж буй хотын дарга хачирхалтай. Тиймээс Э.Бат-Үүл дарга аа, “Грандлайн” ХХК иргэдийг хохироочихлоо, хариуцлагыг хэнтэй ярих вэ?

Эх сурвалж: www.morningNews.mn