богино мэдээ New

Нүгэл нуугдсан "цагаан сүсэг"

Байтлаа гудамжинд яваа хүнийг ч зүгээр явуулахгүй хараал жатга хийнэ, засал номоо хийлгэ гээд ээрч хоргоогоод салахгүй. Дорнод, Хөвсгөл, Хэнтийгээс өгсүүлээд жалга бүхэн нь бөөгүй орон нутаг гэж байхаа больсон байна..

Нийтлэлч Н.Бадамжав

      Анд минь хөдөөнөөс ирэв. Зам гудаст үзэж харснаа бишгүй л хуучлав. Надад аминчилж хэлсэн нэг зүйл нь Хайрхан болгоны өвөрт суварга олноороо бий болсон тухай яриа байлаа. Хүүхэд байхад Эрдэнэзуугийн 108 суварга гэж сонсч гайхснаас биш энүүхэн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зам дагуу 3, 5-аар гээд эхлүүлээд тоолоход 300 шахам суварга сүндэрлэсэн нь түүний сүсгийн сэтгэлд хир суулгаж, эгдүүг хүргэсэн бололтой. Нутгийнхны “Өө тэр чинь нүглээ даахгүй болохдоо суварга босгож нимгэлж байгаа юм” гэсэн даажтай яриаг сонсоод бүр ч санаа нь гутаж.

Суварга босгоод байх л юм бол ямар ч нүглийг яаж ч үйлдэж болно гэсэн ойлголт мануус битгий хэл энэ томчууд байх юм. Яаж ч улс гэр аятай тухтай байхав дээ гэсээр санаа алдах. Суварга хөдөө буйд гэлтгүй хот суурингүй хааяагүй босох болж. Лам нарын айлдсанчлан өнчин суварга босгодоггүй заавал гурав, тав, ес гээд сондгойгоор дээшээ өгсч өгдөг гэнэ. Нэг хэсэг нь үйлдсэн буянаа цайруулах гэж, нөгөө хэсэг нь сүсэг бишрэлээ бодож суварга босгодог л байх. Гэхдээ л энэ бүхэн сүсгээр нь дамжуулан мөнгө хийж байгаа лам нарын бизнес гэдгийг хатуухан хэлчихэд нэг их суварга босгочих хэмжээний нүгэл үйлдчихгүй л болов уу. Уг нь санваартнууд олон нийтийн төлөө буян үйлдэх сахил санваараа баримтлах ёстой. Манайд л эсрэгээрээ. Шашны байгууллагууд жинэхэн супермаркет шиг л ажиллаж байна.

Хэдхэн жилийн өмнөх тооллогоор Монгол улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байгаагаас 254 нь Буддын, 198 нь Христийн, 44 нь Исламын, арван нэг нь бөө мөргөлийн, арав нь Бахайн болон гурав нь тодорхой ангилалд үл багтах сүм хийд байсан гэсэн тоо бий. Тоолохоос биш ямар үйл ажиллагааг яаж явуулдагийг нь тооцоолошгүй. Өргөн уудам Монгол нутгийн сум болгонд шахуу Христ, Буддагийн сүмийн тооллогонд ороогүйг нь нэмэх юм бол 700 гаруйд дөхөж очно. Ерөнхийлөгчийн дэргэд Шашны асуудал эрхэлсэн түшмэл бий. Цагаан сараар төрийн тэргүүнээ Ганданд бараалхуулна, төрийн тахилгат хайрхан тахихад шашны үйл ажиллагааг нь дүрэмдэнэ гэсхийгээд л ажил нь дуусна даа. Ар хударгаар шашныхан ёстой хүссэнээ хийнэ. Ямар сайндаа улсын хөрөнгийг лут луйвардсан телевизийн хэрэг явдалд ч гэсэн их хамбын нэр цухалзаад өнгөрч байхав. Бид ийм л сүсэг бишрэлтэй, лам нартай хүмүүс дээ.

Хүн л болсон хойно жаргал зовлонгоор дутах биш. Энэ нь сүсгийн бизнесийн цэцэглэх таатай хөрс. Хийдүүдэд ном уншуулахын тулд кассанд дугаарлаж мөнгөө тушаана. Мөнгөгүй бол сэтгэлийн тамаа эдлээд хэдэн суварга тойрч мөргөсөөр буцна. Жаахан мөнгө тушаачихвал хүссэн номоо уншуулж, үйлдсэн ямар ч нүглээсээ цэвэршиж болно. Сэтгэлзүйн террорийг хийж байгаа нь энэ биз дээ. Лам нар үнэтэй машин унаж “брэнд”-ийн хувцасаар гангарна. Бөө ч ялгаагүй сүлжээний бизнесийг хөгжүүлнэ. Манайхаас Лхас, Драмсалад сурахаар явж байгаа лам нарын олонхи нь Монгол лам нарт зориулсан шашны эд хэрэглэлийн хар зах дээр цагаа өнгөрүүлнэ.

Мөргөхөөр очсон хүн болгон хэлж байна шүү дээ. Хажууд нь солонгос, япон лам нар ноорч салбайсан саарал орхимжоо хөдөрчихөөд мөргөл үйлдэж, олны хишгээр өдөр хоногийг өнгөрөөн бясалгал, нямбаа гүйцээгээд буцаж байхад монгол лам нар толгой дээр нь гишгэчих шахаад улаан шар торгон орхимж алаглуулаад л алхаж явна. Бөө нар ч тоймоо алдсан.

Байтлаа гудамжинд яваа хүнийг ч зүгээр явуулахгүй хараал жатга хийнэ, засал номоо хийлгэ гээд ээрч хоргоогоод салахгүй. Дорнод, Хөвсгөл, Хэнтийгээс өгсүүлээд жалга бүхэн нь бөөгүй орон нутаг гэж байхаа больсон байна. Бие хаа нь жаахан өвдсөн нэгнийг бөө болох шинж тэмдэг илэрлээ гээд хөхөө өвлөөр хөр цасан дундуур нүцгэн туучуулж, түүдэг гал руу шидээд амийг нь хороочих юм. Эрүүгийн хэргээр ял зэм ногдуулсан гэж л сонсоогүй юм байна. Хэд гурван зоосоор ном гүрэм уншуулаад халаасалдаг байсан лам нөхдүүд суварга босго гэж шахаж шаардах болж. Хамгийн их буян хураадаг юм байх өө. Уг нь эзгүй газар тэр сайхан барилгын материалаар өнчин ядууст байр байшин бариад өгчихсөн бол тэрнээс илүү буян болохсон. Монголчуудын энэ сэтгэлгээний ядуурал хэчнээн удаан үргэлжлэх бол оо.