богино мэдээ New

Хүүхдийн уран зохиолын шадар гурван цэрэг

Гадаадад ч гэсэн манай зохиолчдоос хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном гэвэл "Хорвоотой танилцсан түүх"-ийг нэрлэх байх. Ямар ч гэсэн бид гурав Л.Түдэвийн анхны хүүгийн өмнө өргөсөн андгай тангарагтаа хүрч, Монголын хүүхдийн утга зохиолд онцгой нөлөө үзүүлсэн гурван номыг бүтээж чадсан болов уу..

Жамбын ДАШДОНДОГ

   Бага байхад нутгийн нэг өвгөн шингэж буй нар луу зааж, "Тэнд алтан Мөсөгва бий" гэснээс хойш орой болгон тэр зүгт нүдээ чилтэл ширтдэг байж билээ. Нээрэн л үүлс уулсын завсарт үлгэрийн шижир алтан хот  гэрэлтэж өөрийгөө би тэнд алхалж яваагаар төсөөлдөгсөн. Хожим нь мөрөөдлийн хотынхоо босгыг алхах баярт өдөр ирэв. Тийнхүү 1965 оны намар Москва зориход үзэг нэгт нөхөд маань намайг сансарт үдэж буй мэт бөөн хөл хөөрцөг найр наадам болж билээ. Москвад буухад мэдээж алтан орд харш угтаагүй. Харин алтан нөхөд минь угтсан. Шувуутын голын алаг чулууг адуу мал болгон наадаж өссөн Лхагва, дунд сургуулийн ширээн  дээрээс захидлаар харилцан танилцсанГармаа хоёр маань шилэн хаалганы цаана  гараар даллан инээж зогсоно. Юутай сайхан учрал вэ? Багын найз Н.Лхагва минь санхүүгийн техникумд Д.Гармаатай хамт суралцаж байжээ. Тэгээд Булганы дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч намайг түүнтэй захидлаар танилцуулж билээ.

Хөдөөгийн хүүхэд би шинэ найзынхаа таталган бичсэн захидлаас хот газрын утга зохиолын сонин сайхныг тольдон хардаг байлаа. Үнэтэй сургамж, нөхөрсөг зөвлөгөө, хөгжилтэй яриагаар бялхан байдаг Үйлдвэрчний Төв Зөвлөлийн дэргэдэх утга зохиолын дугуйлангийнхаа тухай дурдаад "Миний тухайд  гэвэл сунаж түрүүлэхийг яаралгүй сугарч хоцрохыг бодолгүй явж байна даа" гэж бичсэн нь хүртэл санаанд үлджээ. Толь Гэндэнг дуурайж бичсэн "Даанч сайхан Дамчаа гэдэг би байна" хошин шүлэглэл, монгол жолоочид тусласан орос хүний тухай "Сайн санаат хүн" найраглал болон мөрөөдлийн шүлгүүдээ надад илгээдэг байсан.

            Миний ном гэж бахархах

            Миний бичиг гэж баярлах

            Гав ганцхан тууж хэвлүүлээд

            Гартаа атгачихсан гүйж явбал ... гэж

бичсэнээс нь үзвэл зохиолч болох гэж ямар их мөрөөдөж явсан нь илт. Түүнээс хойш нэг их удалгүй мөрөөдөлдөө хүрч ганц биш хэд хэдэн ном хэвлүүлчихээд түүгээр ч үл барам "Морьтой ч болоосой", "Хөхөө гэрлэх дөхлөө" инээдмийн киногоороо олны танил болсон зохиолч маань Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцах болжээ.

Д.Гармаа бид хоёр Москвад уулзсаных Н.Гоголь, А.Толстой, С.Маршак зэрэг олон зохиолч нутаглуулсан газар хүндэтгэл үзүүлж, Герцен Огорев хоёр үнэнч нөхөрлөлийн андгай тавьсан Воробьевын ууланд гарч, эцэст  нь Л.Түдэв рүү утасдав. "Нөхөр Дашдондог ирээд байна, яах?" гэтэл Л.Түдэв хариуд нь "Тэгвэл нааш нь аваад ирэх" гэсэн тул эрдмийн зэрэг хамгаалахаар түүний суралцан буй нийгмийн ухааны академийг бид зорив. Түдэв зохиолчтой би бас л захидлаар танилцсан. "Их сургууль, монгол хэл-утга  зохиолын 1-р  курсийн оюутан Ж.Дашдондогт Говь-Алтай, Есөнбулаг, Л.Түдэвээс" гэсэн  хаяг бүхий олон захидал надад бий. "Би захиагий чинь  ирэхээс өмнө "Аргатай хүү"-тэй чинь уулзаад таныг золбоотой сайн хүү төрүүлж дээ гэж баярлан бодсон юм. Зохиол бүтээлийн их замбуулинд сэлэхээр дэлгэсэн анхны чинь жигүүр амжилттай болсонд баяр хүргэе. Зөвхөн би ч биш олон уншигч бахдаж байхыг би сонссон. Томчуул ч уншаад "Зүгээр болж" гэж байсанд та бид баярлахгүй хэн баярлах вэ? Ялангуяа хүүхдэд зориулсан номыг томчууд уншина гэдэг нь маш сайн хэрэг шүү!" хэмээн анхны захидалдаа бичжээ. Ер нь бид гурав бие биедээ олон ч захидал бичилцсэн дээ. Түүнд хүүхдийн уран зохиолын түүхэнд холбогдох сонин баримтууд ч их бий. Ямар ч байсан бие биедээ өдтэй бичгээр урам  хайрлаж явсан  гурав Москвад болзоо тавьсан юм шиг уулзах ерөөлтэй байж. Биднийг юу нэгтгэж байв? Хүүхдийн зохиол!

Ор ширээ хоёроос өөр хогшилгүй оюутны жижиг өрөөндөө Л.Түдэв биднийг угтлаа. Эхнэр Н.Цагаач нь орон дээрээ хүүхдээ хөхүүлээд суучихсан цагаан дарь эх мэт үзэгдэнэ. Нөхөр нь ногоо мах хэрчиж, тогоо  шанага хангичуулан нааш цааш гүйнэ. За даа, эрчүүдийн хийсэн хоол ч дээ гэсэн шүү юм бодон дотроо голох янзтай суутал яах ийхийн зуургүй таваглаад  өмнө тавьж байна. Амслаа. Ямар амттай байсан гэнэ? Миний буусан "Юность" -ын зоогийн газрын хоолноос ер дутах юмгүй. Гурван зохиолч яахав дээ, зоогийн ширээнд зэрэгцэн суунгуутаа л уран бүтээлийн тухай яриа дэлгэв. Өөр юу ч ярихав дээ. Би багадаа "Нөхөд" туужийг уншаад байн байн инээж, зохиолчтой нь уулзахыг хүсдэг байсан тухайгаа ярьтал Л.Түдэв миний "Наргиантай шүлгүүд" ном руу магтаалын салхины үзүүрийг эргүүлэх янзтай болоод явчихав. "Гар чийдэн" өгүүллэгийнх нь хошигнол сайн болсон тухайд ярьтал Д.Гармаа "Тэр чинь "Зохиогүй чимэг"-ийн нөлөө ч байж мэднэ"  гэв. Тэгтэл Л.Түдэв "Үгүй ээ, хүүхэд инээлгэх авъяас чамд байна" гэх мэтчилэн бид гурав бие биенээ тойрон магтах ажлаа хөөрхөн хийж суулаа. Цагаач эгчтэн жуумалзаж байснаа "Хн! Та гурвыг хэн хүүхдийн зохиолч  гэдэг юм бэ?!" гэж дотор палхийтэл хэлэх нь тэр. Бид гурвын нүүрэнд  дургүйцлийн манан татаад ирсэн биз. Түүнийг ч Цагаач эгчтэн ажиглалгүй яахав. Хэлж байна аа: "Та нарт ямар сайн ном байгаа юм бэ?" гэж. Номуудаа нэрлэж эхэлтэл дуусгалгүй таслаад "Наадхыг чинь  ном гэдэг юм уу?" гээд намжирдаж байна. Арай ч дээ, ингэж муухай  хэлүүлэх гэж. Өмнө нь бидний номыг хэн ч голж байсангүй. Жаахан халамцуусан бол "Бид чинь монголдоо" гээд л босоод ирмээр байлаа. Тэгтэл Л.Түдэв гэнэт санаж "Ром" гэдэг архи гаргаж ирэв. Бөглөөгий нь авах гээд ноцолдож байтал эхнэр  нь "Алив нааш нь аваад ир! Ингээд юмны эв олдоггүй юм шүү"  гээд ганцхан тас хийтэл мушгиад онгойлгож орхив. Архи хундгалсны дараа "За та гурав үнэхээр зохиолч л юм бол монголын  хүүхдийн утга зохиолын түүхэнд үлдэх нэг  нэг сайн ном бичнэ гэж эдний өмнө андгайл!" гээд хүүгээ хөл дээр  нь босгоод өргөж байна. Бид гурав ч "За!" гээд хундага тулгалаа. Тэр нь бидний хувьд сайн эрс Шилийн Богдын оройд тангараг өргөсний дайтай юм болов. Хүүхдийн төлөө "За!" гэчихээд түүнээс буцвал юу болох вэ? Зүтгэхээс өөр аргагүй. Гэвч оюуны шилдэг бүтээл хийнэ гэж андгайлах нь бөх амлах шиг юм биш. Хуучнаас сална гэдэг дахин төрнө л гэсэн үг. Яруу найргийн чих дөжрүүлсэн их шуугиан дунд би аль ч учраа олохгүй эхдээ гологдсон хурга шиг  нааш цааш гүйж явлаа. Өөр лүүгээ өнгийж харах боломж анх удаа надад олдов. Шүлгээсээ би бусдын дуу хоолойг сонслоо. Миний өөрийнх алга. Миний дуу хоолой хаана байна? Уран бүтээлийн эрэл гэдэг алдуул мал  хайхтай адилгүй, санаан зоргоор бүтэх ажил биш.

Нэг удаа үдийн цайнаар гэртээ иртэл Цолмонбаатар дүү маань баахан зураг зураад хоймроор нэг дэлгэчихэж. Гадаа хүйтэн тул  гэрт хашигдаж, уйдахдаа зурсан бололтой. Мөрөн дээрээ хүүхэд суулгасан өндөр хүний зураг хараа булаав. Учрыг нь асуутал дүү "Хашааны цаана юу байгааг аав  надад харуулж байна"  гэв. "Юу олж харав?" гэвэл "Ээж ус бариад ирж явсан" гэж байна. Тэгснээ "Даан ч би ээжийн сайхан сэтгэлийг зурж чадсангүй" гэснээ бас нэг зураг үзүүлэв. Тэр нь өөрөө юм гэнэ. Яагаад том бага чихтэй зурсныг асуутал "Үглээд байхаар чих багасаад, үлгэр сонсохоор чих томроод байна" гэнэ. Би бас нэг зургийг  нь шүүрэн авч "Пээ, яасан олон сам зураа вэ?" гэтэл "Биш ээ, хонь" гэж байна. "Тэгвэл аль нь толгой, аль нь сүүл юм бэ?"  гэтэл "Тээр хол яваа хонин сүргийн толгой сүүл нь хаанаа байгааг би яаж мэдэх юм бэ?" гээд инээж байна. Би "Оллоо!" гээд хашгирч бослоо. Эртний грекийн мэргэд шинэ нээлт хийхдээ "Эврика!" гэж хашгирсан шиг. Борооны түмэн дуслыг ташуу зураасаар дүрсэлсэн нэг зургийг нь хараад шууд л

            Зураас

            Зураас

            Зуун  зураас

            Ташуу

            Ташуу

            Цөм ташуу

            Хараа

            Хараа

Тэрийг хараа

Бороо

Бороо

Ширүүн бороо гэж бичлээ.

Дууны сайн үгэнд хөгжмийн зохиолч сэтгэл хөглөгддөг шиг л юм боллоо. Зургаан настай дүүгийн маань юунд ч баригдаагүй дэндүү чөлөөт уран сэтгэмж намайг  хөглөж өгөх нь тэр. Зүггүй  зургийг  нь  дуурайж дэггүй  шүлэг бичлээ. Тогтсон загвараас зугатаж бадаг мөрийг нь задгайллаа. Тийнхүү би хуучинсаг шүлгийн бууцнаас нүүж, үгнээс нь хөгжим эгшиглэсэн үржил шимтэй шинэ нутаг бараадаж билээ. Шүлгийн шинэ нутагт "Аав Ээж Би" ном төрсөн түүх  нь гэвэл ийм. Харин өөр аргаар бичсэн болоод тэр үү батлагдах гэж нэг жил, өнгөт зургаар чимсэн болоод тэр  үү хэвлэгдэх гэж гурван жил болсон байх. Удалгүй тэгтэл Д.Гармаа "Хөгжөөнтэй тууж" гэж  нэрнээсээ эхлээд л хүүхдийг баясгасан шинэ ном бичээд, бяцхан уншигчдын сэтгэлийг байлдан дагуулж эхэллээ. Хүүхэд төдийгүй томчууд бид ч бага насны хөгтэй явдлаа дурсан элгээ хөштөл инээлдэх боллоо. Хуудас сөхмөгц л инээдэм эхэлнэ. Шатрын тэмцээнд орсон хоёр жаал ноёноо идчихсэн мөртлөө үргэлжлүүлэн тоглосоор байгаа нь шууд л үгээр гижигдээд эхлэж байгаа юм. Гавъяат үйлс бүтээх замдаа хөглөж яваа тэрхүү номын баатруудаас бяцхан уншигчид өөрсдийгөө, томчууд бага насаа олж хараад инээд баясал хэмээх юутай ч үл зүйрлэм гайхамшигт амин дэмийг хүртдэг байв. Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоо хоёр дугаар ангид байхдаа "Аав Ээж Би", "Хөгжөөнтэй тууж" номыг ихэд сонирхон уншсан тухайгаа бичээд "Бага  насыг минь цэнгэлтэй болгосон зохиолч" гэж Гармаа бид хоёрыг нэрлэсэн байлаа.

Тэгэж байтал гэнэт аянга цахилгаан шиг хүчтэй, аадар бороо шиг шимтэй, гэрэлт солонго шиг гоё нэгэн шинэ үзэгдэл тодорч, Монголын хүүхдийн утга зохиолд тэсрэлт хийж орхидог юм байна. Тэр нь хорвоог шуугиулах хувьтай "Хорвоотой танилцсан түүх" байлаа. Анх би тэр номыг худалдан авч тавилгүй уншиж дуусгачихаад амрагтаа дуулдаг "Гайхмаараа" дууг ах ламын уянгат бүтээлд зориулан аялмаар санагдаж билээ. Эрлийн замаас Д.Гармаа бид хоёрын олсон эгшиглэнт хэмнэл, баясгалант өгүүлэмж хоёр дээр бага насны уянга, ахмад насны гүн ухааныг нэмснээрээ илт илүүрхэж, нэгэн үеийн бичээчдээс тасархай цойлон гарсан ном бол яахын аргагүй "Хорвоотой танилцсан түүх". Түүнийг уншаагүй хүн монголд л лав байхгүй байх. Гадаадад ч гэсэн манай зохиолчдоос хамгийн олон хэл дээр орчуулагдсан ном гэвэл "Хорвоотой  танилцсан түүх"-ийг нэрлэх байх. Ямар ч гэсэн бид гурав Л.Түдэвийн анхны хүүгийн өмнө өргөсөн андгай тангарагтаа хүрч, Монголын хүүхдийн утга зохиолд онцгой нөлөө үзүүлсэн гурван номыг бүтээж чадсан болов уу. Түүнийг юугаар батлах вэ? Тэдгээр ном монголын хүүхдийн утга зохиолын тулгын гурван чулуу болсон тухайд гадаад дотоодын олон судлаач батлан бичжээ.

Бидний ном гурвуулаа дэлхийд нэртэй "Детгиз" хэвлэлийн газраар хэвлэгдэж, тэндээс цаашаа олон улс орны хилийг давжээ. Зохиолчид нь бас гурвуул, Олон улсын хүүхдийн номын зөвлөл (IBBY)-ийн шилдэг номын хүндэт өргөмжлөл хүртэж, бусад оронд орчуулагдах эрхтэй болсон байна.

Академич Б.Ринчен Оросын "Детская литература" сэтгүүлд нийтлүүлсэн "Монголын тал нутгийн туульс" өгүүлэлдээ "За последные годы появились прозаики Тудев и Гарма. Поэт Дашдондок пожалуй единственный писатель который создает произведение для дошкольников" гэж бичсэн нь санамсаргүй тохиолдол биш. Их эрдэмтний гэгээн мэлмийд бид гурав тусч л байж.

Хэрэв бид гурав алтан Москвад уулзаагүй бол, Цагаач хатагтай биднийг зүү шиг хурц үгээр хатгаж хөдөлгөөгүй бол ямархан хувь заяанд хөтлөгдөх байсныг хэн мэдлээ? Тэнгэрийн оронд цагаан дарь эх мэт залран суугаа өршөөлт хатагтайн түмэн ачийг өнөө бид гүнээ хүндэтгэн дурсахдаа монголын хүүхдийн уран зохиолын хуудсанд алтаар бичигдэх буян үйлдсэнийг нь онцолж байна.

Хожим нь Л.Түдэв, Д.Гармаа нар маань шилдэг бүтээлээрээ төрийн шагнал хүртэж, харин миний хувьд зам хазайн, гахай бодон модон дотроос, "Гавъяа" найруулал сонин дотроос гарч, "Аранзал зээрд" мориноос минь унагаад нам засгийн эсэргүүн болгож, ном хэвлэх эрхийг минь хасав. Юун шагнал магнал. Гэсэн ч сайхан сэтгэлт хүүхдийн төлөө байдаг бүхнээ зориулна гэж андгайлсан шадар гурван цэрэг ядарсан нэгнээ зам дээр гээсэнгүй. Д.Гармаа Москвагаас "Эр хүн туг ч барина, тугал ч хариулна" гэх мэт  нөхөр ёсны үгтэй захидлаар сэтгэл засч, улмаар намын төв хороонд ирсэн хойноо эрх баригчдаар шийдвэр гаргуулан, хорионд байхдаа орчуулсан түүврийг минь "Октябрийн орны хүүхдүүд" нэрээр хэвлүүлэх болов. Түүнээс өөр нэрээр хэвлэгдэх боломжгүй байлаа.

"Залуучуудын үнэн" сонины туг барьж явсан ерөнхий эрхлэгч, засварчдын төмөр тугал хариулахаар авто баазад очдог юм байна. Баазын залуу дарга Балт "Таныг сэлбэг хэрэгслэлийн нярваар томилжээ. Хооронд нь солиод өгчихвөл өрөнд унаж шоронд орж ч мэднэ. Деспетчер хийсэн нь дээр байх"  гээд жолооч нарын замын хуудас бөглөх ажилд шилжүүлэв. Залуучуудын байгууллагын удирдагч Л.Түдэв нэг өдөр жолоочоосоо "Тэр Дашдондог өгөр яаж байна?" гэж асууж. Хариуд нь Алагаа "Үхэх гэж байгаа шүү дээ. Удахгүй байх" гээд хэлчихэж. Тоглосон ч юм уу, бүү мэд. Тэгтэл жолоочийнхоо үгэнд Л.Түдэв үнэмшээд намайг яаралтай дуудаж "Бие чинь яагаад байна? Чамайг төвдөө татая гэтэл аль ч хэлтэс авахгүй гээд байна. Би айдгүйгээрээ өөрийнхөө хариуцсан эвлэлийн байгууллагын хэлтэстээ авахаас!" гэлээ. Хэд хонож байтал Түдэв дарга дахиад л дуудаж "Эсэргүүнийг дэргэдээ авчирлаа гэж дээд газраас зэмлээд байна. Доош нь буулгахаас өөр аргагүй боллоо" гээд "Залуучууд" зочид буудлын орлогчоор эвтэйхэн гулсуулж орхив. Тэгээд доош нь цөлчихсөн гэсэн үгээр дээд газрынхаа амыг хаасан гэдэг. Тийнхүү тушаал доошилсон ч цалин дээшилсэн байв. Үзэл суртлаар унасан ч эдийн засгаар дэмжих бодлого цаана нь давхар явж байжээ.

Дээд газар гэдэг нь угтаа ганцхан хүн байж. Л.Түдэвийн шавь, миний найз гээд байгаа. Унасан нөхрөө нэг  нь босгох гэж ядаж байхад нөгөө нь дэвслээд өнгөрч буй хоёр зураг нүдэнд минь тодхон үлджээ. Дээд газрын хүний нэрийг хэлээд ч яахав. Хүн заяанд төрснийг  нь бодож алдар нэрийг нь хайрлая даа.

Хэдэн жилийн дараа Түдэв дарга бас л дуудлаа. "А.И.Филатова -Цеденбалын дэргэд ажилла!" гэнэ. "За больё, би чинь зөвлөлтийн эсрэг үзэлтэн шүү дээ. Тэндээс намайг шоронгийн хаалга тосно биз" гэтэл даргын царай хувьсхийж "Тэгвэл гар!" гэлээ.

Үүдэнд нь суугаа нарийн бичгийн дарга Жамъян "Чи яасан хурдан гараад ирэв?" гэж байна. Учраа хэлтэл "Ээ, тэнэг ээ, эргээд ор! Дарга чиний төлөө л бүхнийг хийж байхад" гэлээ. Дахин хаалгыг нь татаад "Орох уу, дарга аа!" гэтэл "Орогтун!" гэж байна. Уурласан шинж ер алга! "Таны хэлсэн газар очъё" гэтэл "Хэлээгүй юу? Авгай мэдэж байгаа. Одоо шууд оч!" гэлээ. Тэгээд би хүүхдийн фондын төв комиссын дэргэд Хүүхдийн уран бүтээлчдийн нэгдэл байгуулж нарийн бичгийн даргаар нь ажиллах болов. Нэг өдөр Анастасия Ивановна дуудаад "Уул нь чамтай гар нийлж ажилламаар байна. Цаад эвлэлийнхэн чинь энд биш тэнд илүү амжилт гаргана гэж тулгаад байх юм. Яая гэхэв, чамайг явуулахаас!" гэлээ. Тэнд гэдэг нь "Пионерийн үнэн" сонины эрхлэгчийн алба байв. Тийнхүү хүүхдийн утга зохиолын шадар гурван цэргийн нэг нь эсэргүүн болж унасан нөхрөө өөрөө хохирохоос айлгүй тасралтгүй дээш  нь татсаар  үзгэн зэвсэгтний жагсаалд буцааж  оруулсан билээ.

Явсан замаа эргэн харвал хүүхдийн утга зохиолын шадар гурван цэргийг олон төстэй зүйл нэгтгэж байлаа. Ямагт шинэ нутаг руу тэмүүлэх нүүдэлчний сэтгэлгээ бидний номоос номонд харагддаг. Бидний бат найдвартай ар тал болсон үнэнч эхнэрүүд Н.Цагаач, А.Отгон, Т.Хандсүрэн нар оюун санааны тулалдаанд биднийг зоригжуулж, юугаар ч дутаалгүй хэрэгтэй бүхнээр хангадаг байсан. Яахав, зарим хүн биднийг зожиг можиг гээд муулсан л дуулддаг. Зохиол бичнэ гэдэг багийн биш ганцаарчилсан тоглолт. Түүнтэй л холбоотой яриа хааяа  гардаг биз. Бид гурав хүн муулах дургүй. Хэнийг ч хорлож байгаагүй. Бусдын дүрд тоглож өөрсдийгөө өөрчлөөгүй. Байдгаараа л байлаа. Ямар ч гэсэн шадар гурван цэрэг өргөсөн тангарагтаа зохиолоор төдийгүй хүн ёсны хувьд ч үнэнч явлаа. Харин заримдаа яав гэмээр гэнэн зан гаргана. Тэр нь өө сэв хайсан зарим хүний идэш болох нь цөөнгүй. Гэвч бөмбөрцөг эргэдгээрээ эргэж, хүмүүс амьдардагаараа амьдарч, бид ч бичдэгээрээ бичсээр авай. Биднийг  заримдаа хүүхэд  шиг зантай  гэлцэнэ. Аргагүй шүү дээ, бид чинь хорвоод ариун цагаан сэтгэлээс өөр юу ч үгүй ирсэн хүүхэд хэмээх  гэгээнтнээс суралцаж тэдэнд хайр хайрынхаа дээдээр уран бүтээлээ зориулдаг юм чинь!