богино мэдээ New

Налайх, Багануур дүүргийг хот болгохыг иргэд нь дэмжлээ

Багануур, Налайх дүүргийн иргэд хот байгуулахыг дэмжиж энэ сард багтаан уг асуудлаар дүүргийн нийт иргэдийн санал асуулгыг явуулахаар боллоо. Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 2014 оны арваннэгдүгээр сараас эхлүүлсэн..

Багануур, Налайх дүүрэг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагууд оролцсон уулзалт зохион байгуулагдаж Налайх, Багануурт хот байгуулах, хотын Үндсэн дүрмийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх ажлын явц, цаашид хийх ажлын талаар хэлэлцлээ.

Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Өнөржаргал, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Ганболд нар хот байгуулах, хотын Үндсэн дүрмийг батлуулах ажлыг зохион байгуулах хорооноос хийсэн ажлын талаар танилцууллаа.

Налайх дүүргийн 7, Багануур дүүргийн 5 хороо, дүүргийн боловсрол, эрүүл мэнд болон томоохон аж ахуйн нэгжийн ажилтнуудын дунд, нийт 18 удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт 1500 гаруй иргэн оролцжээ. Налайх, Багануур хотын Үндсэн дүрмийн төслийг тус дүүргүүдийн болон нийслэлийн цахим хуудсанд байрлуулж, хотын Үндсэн дүрмийн төсөл, танилцуулгыг өрхийн тоогоор хэвлэн тарааж танилцуулсан ба хэлэлцүүлгийн хугацаанд хот байгуулах асуудлаар болон хотын Үндсэн дүрмийн төсөлд 150 орчим иргэн саналаа өгсөн байна.