богино мэдээ New

О.Баасанхүүгийн бэрсний шалаа том түгшүүрийг авчрах нь

“Шударга ёс” эвслийн задрах эсэх энэ хүүгээс хамааралтай болов. Тус эвслийн гишүүн Г.Уянга, Л.Цог нар УИХ дахь бүлгээсээ гэнэтхэн гарсан. О.Баасанхүү гишүүн энэ хоёрыгоо хүндэтгэж байгаагаа илэрхийлээд “Би ч гарч магадгүй” гэх битүү утгатай үг дайлаа..

Тоймч Л.Баатархүү

     УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Шударга ёс” эвслийн задрах эсэх энэ хүүгээс хамааралтай болов. Тус эвслийн гишүүн Г.Уянга, Л.Цог нар УИХ дахь бүлгээсээ гэнэтхэн гарсан. О.Баасанхүү гишүүн энэ хоёрыгоо хүндэтгэж байгаагаа илэрхийлээд “Би ч гарч магадгүй” гэх битүү утгатай үг дайлаа. Өөрөөр хэлбэл, түүнээс “Та бүлгээсээ гарах уу” гэх асуултад тэрбээр “Би одоогоор шийдвэрээ гаргаагүй байна” гэх хариу өгсөн. Энэ хариулт нь яаж ч магадгүй хэмээх бойкотын үг. Учир нь О.Баасанхүү бүлгээс гарсан тохиолдолд “Шударга ёс эвсэл” задраад зогсохгүй, Засгийн газрын тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлнө. Товчхондоо Ц.Нямдоржийн хэлдгээр “Оймсонд хавчуулагдаж ирсэн” О.Баасанхүүгийн бэрсний шалаа тун хүчтэй байна. Ноён бараг нуугдах газаргүй болох нь. Түүний хувийн ямар нэгэн тооцоо Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр нарт байлаа ч “төрийн хүн жаахан нуруутай байвал зүгээрсэн” гэдгийг хэлэх хүн тун ч олон бий. О.Баасанхүү бүлгээс гарч Засгийн газар огцрох дээрээ тулбал хэн хохирох вэ. Ард түмэн хохирно. Тэд улс төрийн хувийн тоглолтдоо ард түмнээ оруулах хэрэггүй.

Нөгөөтэйгүүр Л.Цог УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгнө. Түүний оронд дээрх эрхмийг тухлуулна гэх чимээ дуулдсан ч О.Баасахүү “Юу хийх нь ойлгомжгүй албан тушаалд очихгүй” гэдгээ шуудхан хэллээ. Мөн дэд дарга болгоно гэж намаас ч тэр, өөрөө ч санал гаргаагүй гэнэ.

Үүнээс гадна өнөөдөр О.Баасанхүү, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын мэтгэлцэх өдөр байв. Ерөнхий сайд нь одоо хүртэл түүнд хариу ирүүлээгүй. Тийм болохоор О.Баасанхүү гишүүн “Мэтгэлцээний хугацаагаа дахин нэг сар сунгасан” гэлээ. Ямар нэг хариу ирүүлэхгүй бол тойргийнхоо иргэдтэй уулзаж явахад нь очиж мэтгэлцэнэ гэж сүртэй дугарав.

Ямартай ч О.Баасанхүүгийн санамсаргүй, хулгайн шалаа төрийн түшээдийг сандаргахад хүргэх нь.