богино мэдээ New

Ихэр гитарчирчид: Аав ээж минь "Охидыг битгий гомдоогоорой" гэж үргэлж захидаг

Хөвгүүд хүү, охин хоёр дүүтэй бөгөөд ганц охин дүүгээ гомдоохоос их л айдаг аж.

Жил бүрийн тавдугаар сарын 1-нд Ихрүүдийн баярын өдөр тохиодог. Албан бус тоогоор манай улс 4500 гаруй ихэртэй гэдэг.

Тэдний төлөөлөл Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын V сургуулийн 6А ангийн сурагч, 12 настай, авьяаслаг ихрүүд Б.Эрхэмтөгөлдөр, Б.Эрхэм-Эгшиглэн нарыг урьж ярилцлаа.

Тэд айлын том хүүхдүүд. Аав, ээж нь хоёул Сайншанд сумынхаа V сургуульд хөгжмийн багш. Хөгжимчин аав, ээжийн хөвгүүд хоёул гитар тоглох сонирхолтой.

Нутгийн хүмүүс ихрүүдийг өхөөрдөн шинэ жилийн арга хэмжээндээ урьж дуулуулаад 50 мянган төгрөг өгсөн. Энэ мөнгөөр тэд нялх биетэй ээжид нь маш хэрэгтэй байсан дархлаа дэмжих эмийг авч өгчээ. "Тэгэхэд ээж бид хоёроор маш их бахархсан" хэмээн хөвгүүд өөрсдийн бяцхан амжилтыг бахдан ярив.

Б.Эрхэм-Эгшиглэн ирээдүйд бүжигчин болохыг мөрөөддөг. Тун саяхан аймгийн хэмжээнд зохиогдсон "Яргуй" наадамд хамтлагаараа түрүүлжээ. Тэр "Саран хөхөө II" хамтлагийнхаа ахлагч.

Харин Б.Эрхэмтөгөлдөр чадварлаг гитарчин болох гэнэ. Тэрбээр Enkhe, Erkhem - Чиний тухай, Davaidasha - Яг Чам Шиг, Morningstar-  Chihiro зэрэг хүүхэд, залуусын дунд хит болж буй дууг гитараар тоглож, дуулж сонирхуулав.

Хөвгүүд хүү, охин хоёр дүүтэй. Ганц охин дүүгээ гомдоохоос их л айдаг аж. Дүүгээ гэлтгүй охидыг гомдоох вий гэхээс байнга санаа зовдог гэж Б.Эрхэмтөгөлдөр ярилаа. Түүн рүү үеийнх нь цөөнгүй охид зурвас илгээж, танилцахыг хүсдэг. Тэр болгоныг уншсан хэр нь хариу бичихгүй байж чаддаггүй. Учир нь аав, ээж нь "Охидыг гомдоож болохгүй" гэж үргэлж захидаг аж. Тиймээс "Охин гомдоочихгүй юм сан" гэж тун ч их хичээж явдаг гэв.

Түүний хамгийн сайн эмэгтэй найзыг Гүндэгмаа гэдэг. Найзыгаа гэрт нь хүргэж өгөөд, орцных нь үүдэнд ярилцах дуртай гэсэн. Тэр найздаа хандан "Чи миний зүрхний анд шүү" хэмээн хэлсэн юм.

Б.Эрхэм-Эгшиглэн мөн л эмэгтэй найзууд олонтой. Эрэгтэй хүүхдүүд тамхи татах санал тавих зэргээр буруу зүйлд уруу татах гээд байдаг гэж ярилаа.

Аав, ээж нь хөвгүүдтэйгээ маш сайн ярилцдаг аж. "Болж, бүтэхгүй юм гарвал шууд аав, ээждээ хэлдэг. Найз охинтой болсноо хэлэхэд аав, ээж маань дэмжиж "Битгий гомдоогоорой" гэж үргэлж захидаг тухай хөвгүүд ярив.

Ингээд авьяаслаг, зөв, зөөлөн, хэвлүүхэн хөвгүүдийн яриаг бичлэгээс үзнэ үү.

https://www.facebook.com/watch/?v=708402540194605

Эх сурвалж: Gogo.mn