богино мэдээ New

Б.Жаргалан: Зуны зургаадугаар сард хур тунадас голлон орох төлөвтэй байна

.

Энэ зуны цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа. 

-Монгол орны нийт нутгаар зуны цаг агаарын төлөв байдал ямар байх бол. Энэ талаарх мэдээллийг тодруулбал?

-Энэ зун ихэнх нутгаар дулаан, хур тунадас багатай байх төлөв гарсан. Ялангуяа, нутгийн зүүн хойд хагастаа халуун, хуурай байх төлөвтэй байна. Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Алтайн салбар уулсаар агаарын температур зуны хугацаанд олон жилийн дунджийн /ОЖД/ орчим байх юм.  

-Бороо хур хэр орох төлөв ажиглагдаж байна вэ?

-Хур тунадас зургаадугаар сард ОЖД-аас ахиу, долдугаар сард ОЖД-аас бага, наймдугаар сард дундаж байх төлөвтэй байгаа.

-Зуны саруудад хэдэн градус халах вэ. Өөрөөр хэлбэл, хэт халах үедээ дээд талдаа хэдэн градуст хүрэх урьдчилсан мэдээлэлтэй байна вэ?

-Үүнийг нарийвчлан хэлэх боломжгүй. Гэхдээ хамгийн дулаан сар болох долдугаар сарын олон жилийн явцыг /1980–2021 он/ үзвэл сүүлийн жилүүдэд буюу  1999–2002, 2004–2005, 2007–2010, 2014–2017 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2-3 градусаар дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 34-39 градуст хүрч халж байсан талаарх мэдээлэл бий.

-Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалсан байгалийн аюулт үзэгдэл ажиглагдаж байна уу?

-Нутгийн зүүн хагастаа дулаан, хуурай байгаатай холбоотой ой хээрийн түймрийн тохиолдол элбэг байна. Цаашлаад дээрх бүс нутагт гандуу, хуурай байх нөхцөл бүрдээд байгаа тул ард иргэд аялал зугаалгаар явж, агаар салхинд гарахдаа цог, нурмыг бүрэн унтрааж, анхаарал болгоомжтой байх шаардлагатай.

Түүнчлэн зуны саруудад ялангуяа нутгийн зүүн хойд хагастаа олон хоног үргэлжлэн халж болзошгүй тул тухайн үеийн нарийвчилсан мэдээг цаг тухайд нь авахыг зөвлөж байна.

Зуны гурван сарын цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулъя.

Агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөвийг сар бүрээр нь үзвэл, агаарын температурын хувьд зургадугаар сард баруун болон говийн аймгуудын ихэнх хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар ОЖД–аас дулаан байх юм.

Зуны эхний сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий аймгийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадасны хувьд зургаадугаар сард Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгаар ОЖД–аас ахиу, нутгийн зүүн хойд хэсгээр буюу Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Долдугаар сард ихэнх нутгаар агаарын температур ОЖД–аас бага байх боловч Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, наймдугаар сард Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Хөвсгөл, Архангайн зүүн, Өвөрхангайн зүүн хойд, Дорнод, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа талаар мэдээллээ.