богино мэдээ New

Нүүрсний экспортыг өдөрт 1000 машин хүргэхээр ажиллаж байна

.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо (2022.04.26) хуралдаж, Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд багагүй ажлууд хийж, тодорхой үр дүн гарч байгаа талаар мэдээлсэн юм. 

Түүний хэлснээр, нүүрсний экспортыг Covid-19-ийн өмнөх үеийнх шиг өдөрт 1000 машин орчимд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах бодлогыг хэрэгжүүлэхдээ компанийн засаглалыг сайжруулах, ил тод болгох, олон нийтийн хяналтад оруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглүүлжээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хассан объект байхгүй, санхүүжилт, хөрөнгө оруулалтын явцтай нь уялдуулаад санхүүжих дүнг 2023 он хүртэл хойшлуулсан арга хэмжээ бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ч дээрх зарчмыг баримталсан. Цэрэг, цагдаагийн байгууллагын дэргэдэх дуу, бүжгийн чуулгууд Соёлын яамны харъяанд очно. Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын үндсэн чиг үүрэгтэй холбоотой бэлтгэл хийх асуудал тухайн газартаа үлдэх бөгөөд тамирчид нь Биеийн тамир, спортын улсын хороонд харъяалагдах зохион байгуулалтад шилжинэ” гэсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг томоохон төрийн өмчит компанийн тодорхой хувийг хувьчлах асуудал нээлттэй бөгөөд цаг хугацааны хувьд хойшилсон. Төрийн эзэмшилтэй уул уурхайн компаниудыг нийлүүлэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэг гол цөм болгон оруулж иржээ. Үндэсний баялгийн сан нь дахин нөхөгдөшгүй байгалийн баялгийг иргэдэд одоо болон ирээдүйд тэгш, шударга хуваарилах аж.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндоны мэдээлснээр, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой хөгжлийн сангийн зориулалтаар “Эрдэнэс Монгол" компанийн харъяанд төрийн өмчийн уул уурхайн компаниуд байх ёстой. Иймд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барьжээ.