богино мэдээ New

ЭЕШ-д 800 оноо авсан О.Цэлмэгийн шалгалтдаа бэлтгэсэн туршлагаас хүргэж байна

Энэ жил улсын хэмжээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/ өгөхөөр нийт 36,253 иргэн бүртгүүлсэн байна..

Энэ жил улсын хэмжээнд Элсэлтийн Ерөнхий Шалгалт /ЭЕШ/ өгөхөөр нийт 36,253 иргэн бүртгүүлсэн байна. Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшнийг тогтоох зорилготой ЭЕШ-д амжилттай оролцохын тулд юуг анхаарах, хэрхэн бэлтгэх талаар МУИС-ийн оюутан О.Цэлмэг зөвлөж байна. Тэрбээр 2021 онд ЭЕШ-д амжилттай оролцож 800 оноо авч МУИС-д элссэн юм. 

МУИС-ийн оюутан О.Цэлмэгийн хувьд өнгөрсөн онд нийгмийн ухааны хичээлээр шалгалт өгсөн байна. Түүний шалгалтад хэрхэн амжилттай бэлтгэсэн туршлага, зөвлөгөөг хүргэе. 

Сэтгэл зүйн асуудал хамгийн том даваануудын нэг. ЭЕШ-д бэлтгэхдээ дан ганц мэдлэгээр нүдээд байхаас илүү өөрийнхөө сэтгэл зүйн бэлэн байдлыг хамгийн түрүүнд хангах ёстой.

ЭЕШ-д 800 оноо авна гэхээрээ ядаргаанд ортлоо, хамраас цус гартлаа бэлтгэнэ гэсэн өрөөсгөл ойлголт нийгэмд байдаг. Миний хувьд жил гаруй хугацаанд бэлтгэхдээ өдөр тодорхой 2-3 цагийг өөртөө гаргаад тэр хугацаанд хичээлээ чанартай хийж байсан.

Ингэж 2-3 цагийн хугацаанд бэлдсэнийхээ дараа дүүгээ харах, кино үзэх, видео тоглоом тоглох зэргээр өөрийн хийх дуртай зүйлдээ хангалттай цаг гаргаад, амралтаа маш сайн зохицуулж чадаж байсан. 

Хүн ханасан мэдрэмж авбал сандрахаа больдог. Анхнаасаа зорилгоо зөв тавих нь чухал. Шалгалтад 800 авсан хүүхдүүд анхнаасаа энэ оноог авна гэсэн зорилгын хүрээнд бэлдэж байж өндөр оноо авдаг.

Багш нар сурагчдад ЭЕШ-аас долоо хоногийн өмнө сорил ажиллаж үзээрэй гэж хэлдэг. Өмнө нь сорил дээр ажиллаж үзээгүй хүүхэд шууд орвол сандраад, айдас мэдрээд бүрэн потенциалаа гаргах нь багасаад ирдэг.

Миний хувьд найзуудаасаа үлгэр дуурайл авч, шалгалтад хамт бэлтгэж байсан. Тест хийгээд надаас өндөр оноо авчихвал шарандаа илүү сайн хийхийг хичээж байсан. Бие биеэ хурцалж өгөх хүн байвал үр дүнтэй байдаг.

Өөртөө битгий дарамт үүрээрэй. ЭЕШ-д уналаа гээд амьдрал сүйрчихгүй. Өөрийнхөө чадах хэмжээндээ хичээгээд амжилттай өгөөрэй гэж хэлмээр байна.