богино мэдээ New

Украин АНУ-аас хоёр тэрбум долларын тусламж хүсчээ

.

Украины өндөр албан тушаалтан тус улс Байдены засаг захиргаанаас сард дор хаяж хоёр тэрбум ам.долларын эдийн засгийн яаралтай тусламж үзүүлэхийг хүсч байгаа талаар мэдэгджээ. Ийм тусламж авахгүй бол Оросын түрэмгийллийн улмаас үүссэн хүмүүнлэгийн хямрал улам гүнзгийрч болзошгүй гэж тэд үзэж буй аж.

Украины Сангийн сайд Сергей Марченко Вашингтонд АНУ-ын өндөр албан тушаалтнуудтай уулзах үеэрээ тус улс дөрөв, тав, зургадугаар сарын хэрэгцээнд яаралтай шаардлагатай нийт таван тэрбумаас доошгүй ам.долларын олон улсын тусламж хүсч байгаа аж. Үүний хоёр тэрбум орчим ам.долларыг АНУ-аас сар бүр авахыг хүсч байна” гэж мэдэгджээ. Түүнчлэн Украинд дайны улмаас учирсан их хэмжээний хохирлыг арилгахад туслах урт хугацааны нэмэлт тусламж шаардлагатай байгаа аж.

Марченко “Washington post” сонинд ярилцлага өгөхдөө "Бид шаардлагатай санхүүжилтийг татаж, энэ дайнд ялахын тулд нэн түрүүнд “цоорхой”-гоо нөхөх хэрэгтэй” гэж хэлжээ.

АНУ-ын Сангийн сайд Жанет Л.Йеллен өнгөрсөн Пүрэв гаригт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Украинд тусламж үзүүлэх тухай нэмэлт хүсэлтийг Конгресст уламжлахаар ажиллаж буй талаар мэдээлсэн ч хэр хэмжээний тусламж үзүүлэх тухай мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Вашингтон Киевт 500 сая ам.долларын эдийн засгийн нэмэлт тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Америкийн удирдагч Киевт эдийн засгийг тогтворжуулах, цалин хөлс олгох, хүн амыг шаардлагатай үйлчилгээгээр хангах зорилгоор дээрх тусламжийг үзүүлж байгаагаа онцолсон билээ.

Эх сурвалж: news.mn