богино мэдээ New

Төрийн байгууллага дэд орлогч даргагүй байх заалтыг эргэж харахыг гишүүд анхаарууллаа

Бүх газрыг дэд, орлогч даргагүй болгочихвол Засгийн газрын үйл ажиллагаа олон газраа доголдоно..

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд УИХ, Засгийн газар, тусгай чиг үүргийн байгууллагаас бусад төрийн байгууллага дэд болон орлогч даргагүй байна хэмээн заасан юм.

Уг заалттай холбоотой шүүмжлэлийг гишүүд хэлсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Засгийн газрын агентлагуудыг цар хүрээ, хүн хүчээр нь ангилж болоогүй юм уу. Манайд 4,000 хүнтэй агентлаг байгаа. Энэ байгууллага огт орлогчгүй байх нь. Харин 40 хүнтэй жижиг агентлагт орлогч, дэд дарга байх шаардлагагүй. Жишээ нь, Улсын бүртгэлийн ерөнхий газар 1,200 албан хаагчтай. Орлогчгүй болохоор энэ газрын дарга нь өвдөж ч болохгүй болох нь.

Бүх газрыг дэд, орлогч даргагүй болгочихвол Засгийн газрын үйл ажиллагаа олон газраа доголдоно шүү.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ бол төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг хөндөж байгаа явдал. Бүтэц, зохион байгуулалт нь чиг үүрэгтэйгээ уялдаж байдаг. Үүнийг алдагдуулахгүй байх нь чухал.

100-гаас дээш хүнтэй байгууллагад дэд, орлогч дарга байх ёстой. Монголд дэд дарга нар нь илүү мэргэжлийн талдаа байдаг. Үүнийг харгалзан үзэх нь зөв болов уу.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Дэд даргагүй ажиллах боломжтой байгууллагууд мэдээж байгаа. Харин олон албан хаагчтай байгууллагыг ялгаж салгах шаардлагатай гэж үзэж байна.

Монголд төрийн өмчит ганцхан төмөр зам байдаг. Түүнийг гурван компани эзэмшиж байна. Монголын төмөр зам, Зүүнбаян төмөр зам, Тавантолгой төмөр зам гэдэг гурван газар байна. Энэ дотроо хэдэн зуун ажилтай. Ийм мэтийн зүйлсээ цэгцэлмээр байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат: Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд нэлээд ярьсан. Ингээд нэг зүйл дээр ойлголцсон. Юу гэхээр, дэд даргын доор чиг үүргээ тус бүрдээ хариуцсан газрын дарга, дараагийн шатны дарга нар байдаг. Тэд нар нь ажил үүргээ хариуцаад явж болно гэж үзсэн.