богино мэдээ New

Б.Батцэцэг: Монгол Улсад бүх зүйл ил тод, хоёр хөрштэй хагаралдуулах санаа явж байна

Иргэд нь ч, хэвлэл мэдээлэл нь ч чөлөөтэй нийтэлдэг. Гэвч үүнийг ашиглаж улс орны иргэдийн уур амьсгалыг эвдэх, иргэдийн бухимдлыг төрүүлэх, хөрш болон бусад найрсаг харилцаат орнуудтай хагалгаж бутаргах санаанууд явж байхыг үгүйсгэхгүй. .

Сэтгүүлч Н.Уранхолбоо

   Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сүүлийн үед үүсээд буй цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр,

-Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био лаборатори огт байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье. Байх үндэс ч байхгүй. Монгол Улсын баримталдаг зарчимд нийцэхгүй. Тийм төлөвлөгөө ч байхгүй. Манай бүх хууль, тогтоомжид ийм зүйлийн лаборатори хөгжүүлэх зорилго, төлөвлөгөө огт байхгүй. Тэр дундаа АНУ, Европын холбооны улстай энэ төрлийн зэвсэглэл хөгжүүлэх талаар яриа хэлэлцээр огт хийгдэж байгаагүйг хэлье. 

Мэдээж дэлхийн эдийн засаг, нөхцөл байдал хүнд байгаа. Хардах үндэс байхыг үгүйсгэхгүй. Анх Оросын "Извести" сонинд тэдний эрдэмтэн, судлаач хүн дөрвөн удаа нийтлэл, мэдээлэл гаргасан юм билээ. Мөн Хятадын хэвлэлээр бас гарсан. Монгол Улсын хувьд бодлогын талаас бид био зэсвэг хөгжүүлээгүй гэдэгтээ эргэлзэх зүйл үгүй. Манай улсын гадаад харилцаа маш нээлттэй. Энхийг эрхэмлэсэн, зарчмаа ч маш сайн баримталж ажиллаж байна. 

Цаашдаа тэдгээр хардаж буй хүмүүс, улсад Монгол Улсад тийм био лаборатори үнэхээр байна уу үгүй гэдгийг харуулж, нягтлуулахад нээлттэй байх болно. 

Зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш дайны пиар, хэвлэлийн дайн маш эрчимтэй явагдаж байна. Олон хардалтууд гарч байгаа. Албаар үймүүлэх, улсын тогтворгүй байдлыг алдагдуулах зорилготой мэдээлэл явж байгаа нь үнэн. Монгол Улсын хувьд хэвлэлийн эрх чөлөө ямар хэмжээнд байдаг билээ, Азидаа ардчиллаараа үлгэр жишээ болсон бүх зүйл нь ил тод ийм орон.

Иргэд нь ч, хэвлэл мэдээлэл нь ч чөлөөтэй нийтэлдэг. Гэвч үүнийг ашиглаж улс орны иргэдийн уур амьсгалыг эвдэх, иргэдийн бухимдлыг төрүүлэх, хөрш болон бусад найрсаг харилцаат орнуудтай хагалгаж бутаргах санаанууд явж байхыг үгүйсгэхгүй. 

Гадаад харилцааны яам дипломат харилцаа тогтоосон 193 оронтой өдөр бүр тэдний балансыг хангаж ажиллах гэж олон төрөлт ажил хийдэг. Ялангуяа хоёр хөрштэйгээ жижиг ч байсан хамаагүй ойлголтын зөрүү гаргахгүй нь тулд тогтмол мэдээлэл солилцож байдаг юм. Олон улсын дипломат төлөөлөгчдийн газрууд манай хамтын ажиллагааг сайн үнэлдэг. 

Өмнөд хөрш манай хоёр орны улс төрийн харилцаа маш сайн байгаа

  Өмнөд хөршийг хилээ нээх хэвийн нөхцөл байдалд шилжүүлэх талаар Хятадын гадаад харилцааны яамд бид өдөр шөнөгүй гээд хэлэхэд ч хилсдэхээргүй санал, хүсэлт байнга тавьж ирсэн. Манай хоёр орны хувьд улс төрийн харилцаа маш сайн байгаа. Хятад улс 100 гаруй боомттой. Үүний тал нь л ажиллаж байна. Ганц манай орны боомтыг хаачихсан юм биш. Гэхдээ манай улсад илүү давуу байдлыг бий болгож ирсэн. Хуурай замаар хиллэдэг 12 улсад бүгдэнд нь ижил шаардлага тавьж байгаа. Манай талд "Ковидгүй хүмүүс нэвтрүүлэхгүй л танай талын зэс, нүүрсийг авахад асуудал алга" гэдгийг ч Хятадын талаас хэлж ирлээ. 

Нүүрсний боомтуудад Хятадын талтай яг адилхан ковидын лаборатори байгуулагдана. Ингэснээр хилийн нэвтрүүлэх чадамж сайжирна. 

 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0