богино мэдээ New

Атаа хорсол, уур нь элэг цөсийг гэмтээдэг

Хий мах бодь алдагдсан хүн сэтгэл санаа нь тогтохгүй, гомдоллоод, унжийгаад туниа муутай байдаг. Харин халуун шартай хүн өвлийн хүйтэнд ч ороолт малгайгүй яваад, байнга хүйтэн ус уудаг. .
“Цагаан тан” уламжлалт эмнэлгийн их эмч Д.Ганхуягтай уламжлалт анагаах ухаанд өвчин гэж юуг хэлдэг, эрүүл өөдрөг амьдрахын тулд амьдралдаа хэвшүүлэх энгийн хэм хэмжээний талаар ярилцлаа.
 
   - Эрүүл байна гэдгийг уламжлалт анагаах ухаанд юу гэж тодорхойлсон байдаг вэ?
 
  - Өнөө үед дэлхийн эрүүл мэндийн байгуллага эрүүл байна гэдгийг өвчин эмгэггүй байх буюу эрхтэн бүрэн бүтэн байхыг хэлэх бус бие бялдар сэтгэл санаа, нийгэм ахуй эсэн мэнд байхыг хэлнэ гээд тодорхойлчихсон байгаа. Ер нь дэлхий нийтийн хандлага бол зөвхөн эрхтэн эрүүл байх биш нийгмээрээ эрүүл байх талаар яриа болсон. Уламжлалт анагаах ухаанд хүний бие мах бодийг эрүүл байна гэдгийг дүр эс урвасныг хэлнэ, эрүүл бус байна гэдэг нь дүр урвасныг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Дүр урвах гэдэг нь тухайн эрхтэнд тодорхой хэмжээгээр өөрчлөлт орохыг хэлж байгаа юм. Уламжлалт анагаах ухаанд хий, шар, бадгана гэсэн гурван мах бодь, чөмөг, дусал гэх мэт долоон тамир, өтгөн, шингэн, хөлс гэсэн гурван хир үндсэн ойлголтууд байдаг. Гурван махбодь, долоон тамир, гурван хир хоорондоо тэнцвэртэй байж гэмээнэ бие эрүүл байна гэж үзэж болно. Хүний биеийг бүрдүүлдэг хий, шар, бадгана, цус, шар ус, хорхой зэрэг бүрэлдэхүүн тэнцвэртэй байхыг бие гэж тайлбарласан байдаг.
 
  - Хүний эрүүл байгаагийн шалгуур нь юу юм? Эрүүл байхын тулд баримтлах наад захын дэглэм ямар байх ёстой вэ?
 
  - Ер нь эрүүл эсэхээ шалгах таван үндсэн шалгуур байдаг.
 
1. Сэтгэл санаа сэргэлэн цовоо байх
 
2. Гадаад орчны нөхцөлд дасан зохицох чадвар сайтай байх – Эрүүл бус хүн хүнтэй таарч тохирохгүй хэрүүл маргаан их үүсгэдэг. Зарим хүн ажил дээрээ хүнтэй таарахгүй, автобусанд суусан ч хэрүүл гаргаад, гэртээ бухимдаад байдаг.
 
3. Хувийн лавлах хэмжээндээ байх –Энэ нь ой санамж нь сайн байх
 
4. Хөдөлмөрийн чадвар нь хэвийн байх
 
5. Хүний бие махбодь, эрхтэн тогтолцооны үйл ажил­лагааны тохируулга өөрч­лөгдөөгүй байх – Хэвийн байхаасаа хийн болон цусны гүйдэл өөрчлөгдсөн эсэхээс хамааран таван цул, зургаан сав эрхтэн эрүүл байдаг гэж үздэг.
 
  Дорно дахины анагаах ухаанд хүний эрүүл байгааг тодорхойлохдоо сэтгэлийг амар амгалан байлгаж, зөв хооллох, бие хэл сэтгэлийнхээ үйлийг нас, цаг улирлын онцлогт тохируулна гэж заасан байдаг даа. Бие, хэл, сэтгэл гурав амгалан байх нь эрүүл байх үндэс суурь юм. Хий мах бодь алдагдсан хүн сэтгэл санаа нь тогтохгүй, гомдоллоод, унжийгаад туниа муутай байдаг. Харин халуун шартай хүн өвлийн хүйтэнд ч ороолт малгайгүй яваад, байнга хүйтэн ус уудаг. Тэр бүр тохирсон эмчилгээг нь хийж, хий махбодийг зохицуулж байх шаардлагатай. Эмчилгээ хийхгүй, хоол ундаа тохируулахгүй бол элэг цөс, зүрх судас муудах талтай.
 
  Мөн хүрээлэн байгаа орчины нөлөөлөл чухал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр гэр бүл, ажил дээрээ харьцаж байгаа хүмүүстэйгээ аль болох нийцтэй байх хэрэгтэй. Янз бүрийн ааш авиртай хүмүүсийг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэх албагүй. Харин ч тэднийг хүлээн зөвшөөрч нийцтэй байх хэрэгтэй. Эдгээр зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадвал өвчингүй эрүүл байна.
 
  - Өвчин үүсэх шалтгааны талаар?
 
  - Европ эмчилгээнд хүний эртнүүдийг нэг бүрээр нь, эрхтнийг дотор нь их нарийвчлан хувааж өвдсөн үед нь оношийн дагуу эмчилгээ хийдэг. Харин манай уламжлалт эмнэлэгт өвчний шалт­гааныг гадаад, дотоод гэж хоёр л ангилдаг. Гадаад шалтгаанд нь агаар, дулаан, чийг зэрэг байгал орчинтой хамаатай. Харин дотоод шалтгаанд сэтгэлийн таван хөдөлгөөн ордог. Баярлах, айх, гомдох, атаа хорсол уур гэх мэт. Баярлаж хөөрөх нь зүрхэнд муу байдаг бол, атаа хорсол, уур нь элэг цөсийг гэмтээдэг. Өвчний тухай сургаалийн дотор хүний мөхөх цаг үе ойртож, эрт хөгшрөх нь замбараагүй хооллолтоос үүсдэг гэж бичсэн байдаг. Элэгний цирроз, цөсний чулуу, ходоодны хелика бактери гээд ярьдаг болсон. Аливаа өвчин үүсэх шалтгааны 50-60 хувь нь хооллолттой хамаатай. Уламжлалт анагаах ухааныг урьдчилан сэргийлэх ухаан, үргэлж баримтлах дэглэм ч гэж хэлдэг.
 
  - Уламжлалт эмчилгээний онцлог?
 
  - Эхлээд идээ ундаагаар засна. Жишээлбэл: Цус багатай, ууртай, тамир тэнхээ дорой байгаа буюу хийтэй хүнд хуушуур хайрч идэх, сүүлний тосоор биеийг тослох, сүүтэй цай уулгана гэдэг бол идээ ундаагаар засч байгаа хэрэг. Дараа нь явдал мөрөөр засна. Гадуур яваад, хүнтэй муудаж сайдаад яваад байвал энэ хүний хий улам л хөөрнө гэсэн үг. Аль болох гадаа гарахгүй байж сайн энергиэ цуглуулаад, хүчээр бясалгал хийгээд байвал хий нь өөрөө дарагдаад эмчлэгдээд байна. Дээрээс нь хий дарах эм тан уугаад ирвэл аяндаа өвчин эдгэрнэ. Манайхан долоо, арав хоног эмчилгээ хийлгээд өргөс авсан юм шиг зүгээр болох юм шиг ойлгодог. Харамсалтай нь тэр өвчин тухайн хүний биед маш удаан, олон жил, сараар үүссэн учраас төдийн хэмжээний хугацаа, тэвчээр шаарддаг. Монгол эм тангаа жилд хоёр удаа курсээр нь тогтмол уух хэрэгтэй байдаг. Зарим хүн нэг удаа эмчилгээ хийлгээд овоо сайхан болчихоод, дахиж үзүүлэх хугацаандаа ирдэггүй, явсаар байгаад хоёр, гурван жилийн дараа нөгөө өвчнөө хүндрүүлээд, дахиулчихаад ирдэг.
 
  - Гам гэж юу вэ?
 
  - Гам гэдэг бол эмчилгээний үед болон дараа нь тодорхой хэмжээгээр барих амьдралын дэглэм. Эмчилгээ хийлгэж байх үедээ витаминлаг хоол хүнс хэрэглэх, илүү дутуу ажилд нааш цаашаа гүйхгүй, аль болох тайван байлгаж хоол ундаар тордохыг л хэлж байгаа юм. Ямар ч эмчилгээний үед барих хамгийн эхний зарчим бол архи ууж болохгүй, зүү тавиулж байгаа хүн өвчнийг улам бүр сэдрээх өнгөтэй, хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх гэхчилэн олон зүйл бий. Эмчилгээ дууссаны дараа тодорхой хугацаагаар гамаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Эмчил­­гээний үед хөлс гарахаар манайхан ядраад байна гэж ойлгодог. Уг нь бол арга, бэлэг нь тэнцвэржиж, бие нь тавираад, биед байгаа хорт зүйлс хөлсөөр дамжуулан гарч байгаа хэрэг юм. Уламжлалт эмчилгээний үр дүн аажимдаа нэг, хоёр сарын дараа гардаг.
 
  - Ардын болон европ эмнэлгийн эмчилгээг хослуулах нь хэр үр дүнтэй байдаг бол?
 
  - Бариа засал, зүү төөнүүр хийлгэж монгол эм ууж байх үедээ европ тариа тариулж, антибиотик уухыг би хувьдаа сайшаадаггүй. Харин жилдээ нэг удаа европ эмнэлгээр нарийн шинжилгээ өгч, эход харуулах нь зүйтэй. Тэгээд тохирсон эмчилгээгээ ч хийлгэх хэрэгтэй. Хэсэг хугацааны дараа монгол эмнэлэгт хандаад эм тан ууж, зүү тавиулах нь дээр байдаг. 
 
Холбоо барих: 99232221, 80242221
Facebook page: Цагаан тан эмнэлэг