богино мэдээ New

“Сентерра гоулд Монголия” ХХК-ийн мөрөөдөл салхинд хийсэх нь

Сүжигтийн ам хэмээх газар байрлах Гацууртын ордыг Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд Монголия” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авсан ч талаар болох асуудал хөндөгдөж эхэллээ. .

-Шүүх “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн асуудлаар маргаан үүсгэх нь зүйтэй” гэж үзжээ –

Тоймч Л.Баатархүү

        Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Сүжигтийн ам хэмээх газар байрлах Гацууртын ордыг Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд Монголия” ХХК ашиглахаар тусгай зөвшөөрөл авсан ч талаар болох асуудал хөндөгдөж эхэллээ. Энэ сарын 5-нд УИХ-аас тус ордын төрийн ордын хувь хэмжээг эцэслэн тогтоож эл компанийн удирдлагууд, хөрөнгө оруулагч нарын магнай тэнийсэн.

Гэвч харамсалтай нь тус ордын нөөц бүхий хэсэгт монголчуудын түүх соёлын хосгүй үнэт зүйлс хадгалагдаж байгааг эрдэмтэд, нутгийн иргэд хэлж, сүүлдээ тэмцлийн хэлбэр рүү шилжив. “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид өлсгөлөн хүртэл зарлаж харин одоо “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

Тэдний шүүхэд хандсан гол үндэслэл  нь “Сентерра гоулд Монголия” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу үнэн мөнөөр аваагүй, авлига хээл хахиулын шинжтэй зэрэг асуудлыг шүүхээр тодруулуулахаар хүсэлт гаргасан байна.

Энэ талаар тус хөдөлгөөний өмгөөлөгч, хуульч Г.Батбаяраас тодруулсан юм.

Тэрбээр “Энэ оны эхээр “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн мөн Нийтийн эрхийг хамгаалах холбооныхон бидэнд хандсан. Тус хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид нарын хамт нэгдүгээр сарын 20-ны үеэр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байгаа. “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн эзэмшиж байгаа 372А, 431А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмалын газрыг хариуцагчаар татсан.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх бидний өгсөн нэхэмжлэлийг хянаж үзээд энэ сарын 5-ны өдөр “Маргаан үүсгэж шийдвэрлэх нь зүйтэй”, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эсэх асуудлыг маргаанаар шийдвэрлэнэ” гэх шүүгчийн захирамж гарсан.

Шүүхэд хариуцагчаар Ашигт малтмалын газар, “Сентерра гоулд Монголия” ХХК гуравдагч этгээд болох Засгийн газар ч орох боломжтой болох юм.

Шүүх хэнийх нь ярьж байгаа зүйл зөв бэ гэдгийг эцэслэн тогтооно. Олны дунд асуудал болоод буй хүнцэлд өртөх гээд байгаа нь үнэн эсэх, “Сентерра гоулд Монголия” ХХК ашиглалтын тусгай зөвшөөрлөө үнэн мөнөөр авсан уу үгүй юу, авлига, хээл хахууль өгсөн үү гээд олон зүйлийг шийдвэрлэх боломж бүрдлээ.

1960-1980 онд Зөвлөлт, Монголын хамтарсан эрдэмтдийн хайгуулын баг уг ордыг олсон юм билээ. Гэтэл “Сентерра гоулд Монголия” ХХК “Бид олсон” гэж хэлээд байдаг. Тэд үнэхээр тодруулах замаар тухайн ордыг олоод их хэмжээний мөнгө зарцуулсан гэж түрий барьж ашиглах гэж байгаа бол мөн асуудал дагуулна.

Өвөг дээдсийнхээ булш, бунханг сүйтгэлгүйгээр монголчууд өөсрдөө ашиглах боломж нь бүрэн бий. Монгол Улсын Засгийн газар өөрөөсөө хөрөнгө гаргаад ашиглах чадамжтай. Туршлага ч байгаа.

Тэд үнэхээр шударга эзэмшигч мөн үү. Аашиглалтын тусгай зөвшөөрлийг шударгаар авсан бол иргэд ямар ч гомдолгүйгээр ашиглуулна гэж хэлж байгаа” гэлээ.

“Засгийн газар мэднэ” хэмээх товчхон хариулт өгөв

Харин ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүх өөрсдөөсөө холдуулж “Засгийн газар мэднэ” хэмээх товчхон хариулт өгөв.

Захиргааны шүүх холбогдох баримтыг цуглуулаад 60-90 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэх юм байна.

Нэхэмжлэгч тал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч тал “Маргааныг эцэслэн шийдэх хүртэл захиргааны актыг биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, “Сентерра гоулд Монголия” ХХК-ийн 372А, 431А тоот тусгай зөвшөөрлүүд дээр олборлолт явуулах эрхийг түр түдгэлзүүлэх утгатай юм.

Маргаан нэгэнт үүссэн учраас Засгийн газар “Сентерра гоулд Монголия” ХХК хооронд байгуулсан орд ашиглах гэрээ биелэгдэх боломжгүй болох аж.

Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 215.9 сая ам.доллар. Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8, сая ам.доллар төлнө гээд буй. Мөн цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий. Засгийн газарт ногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ нь 432.3 сая эм.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд ногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоог Уул уурхайн яамныхны зүгээс өгч буй.

Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү:

-Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Сентерра гоулд Монголия” ХХК нь Бороогийн алтны ордыг ашиглаж, баяжуулах үйлдвэрлэл явуулдаг юм. Хамгийн сүүлд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэл  /ТЭЗҮ/-ээр Гацууртын ордоос 50 тонн алт олборлож, Бороогийн үйлдвэртээ баяжуулахаар тусгасан. Түүх сөхвөл Гацууртын ордын алтны шороон ордыг 1991 онд илрүүлсэн байдаг. 1998 оноос Кастадиа майнинг компани үндсэн ордыг нээсэн. Үндсэн орд шороон ордын гүнд байрлаж байгаа. Анхны ТЭЗҮ-г 2005 онд хийж байсан бол 2007 онд  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл /ЭБМЗ/ хүлээн авч, 2008 онд баталсан. Хамгийн сүүлийн ТЭЗҮ-д тусгаснаар тус ордод 17,1 сая тонн хүдэр, 50 тонн алттай гэж тогтоосон. Энэ төслийг хэрэгжүүлснээр гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж,  659,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө. Татвар хураамжаас гадна 352,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах юм. Улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц үр ашигтай орд учраас стратегийн орд газарт хамруулах саналыг Уул уурхайн яам, Засгийн газраас гаргаж, өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ-аас баталсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү:

-Манай Мандал сум 27 мянган хүн амтай. Хотын дайтай том сум гэж хэлж болно. Уул, уурхай, ашигт малтмалын тухай хууль эрхзүйн актуудад орон нутгийн байр суурийг орхигдуулснас болоод, “Сентерра гоулд Монголия” ХХК-ийнхан бидэнтэй огт уулзаагүй. Иргэдэд ч тайлбар таниулга хийгээгүй. Үүнээс болж үл ойлголцол үүсч байхыг үгүйсгэхгүй.

Тэд ийн ярилаа. Зарим учир мэдэх нь “Монгол Улс тартагтаа тултал ядуурч баялгаа хоосолчихоогүй байна. Ноён уулыг ухаж, Гацууртын ордыг заавал ашиглах шаардлага байсан юм уу” гэх байр суурийг илэрхийлж байгаа. Үнэндээ нөөцөд нь 50 тонн алт байгаа гэдэг нь хүртэл нотлогдох боломж хомс буй эл ордыг гадныхнаар эцэг өвгөдийнхөө бунхан шүтээн, түүх дурсгалаа сэндийчүүлэн байж ухуулах шаардлага байна уу гэх асуулт олон мянган хүний амнаас гарах биз.