богино мэдээ New

Сэрүүн зүүдлээд ч сэрэхээргүй болсон "Сентерра Гоулд"-ын гачлан

Гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд" компани, Засгийн газрыг татсан байгаа. АМГ-ыг хариуцагчаар татах болсон шалтгаан нь гэвэл тус газар “Сентерра Гоулд" компанид хуурамч нотлох баримтыг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон.

Гацууртын ордыг ашиглуулахыг Засгийн газар, УИХ нэгэнт шийдвэрлэсэн ч гэлээ тухайн газарт олборлолт хайгуул хийх тусгай зөвшөөрөл бүхий лицензийг нь шүүхээс хүчингүй болгох эсэхийг шийдтэл ямартай ч “Сентерра гоулд Монголия” ХХК тус ордыг ашиглах боломжгүй болж байна.

“Сентерра Гоулд" ХХК нь “Бороо гоулд” компаниар дамжуулан Монголд арав гаруй жил үйл ажиллагаа явуулжээ. Харин “Бороо”-гийн ордын баялаг шавхагдсанаас хойш Гацууртын ордын бүтээн байгуулалтын ажлын тухай шийдвэр хэрхэн гарахыг Канадын энэхүү компани үндсэндээ хоёр жил гаруй хүлээсний зэрэгцээ Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө хэмээн мэдэгдэж байсан. Энэ сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ноён уул”-ыг тусгай хамгаалалтад авах, тус ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай төслийг хэлэлцээд гишүүдийн 71 хувийн саналгаар дэмжигдсэнээр Гацууртын орд эдийн засгийн эргэлтэд орохоор болж байсан.

Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, “Ноён уул”-сав газар байрлаж байгаа Гацууртын орд нь хүдрийн 27,667,378 тонн, алтны 75,942,11 тонн нөөцтэй аж. Харин энэ ордыг эзэмших давуу эрх буюу 66 хувийг “Сентерра Гоулд Монголия” ХХК, 34 хувийг Монгол төр эзэмшихээр болж УИХ-аар бүрэн эрхийг баталгаажуулсан гэсэн үг. Тус компани нь “Бороо гоулд" компаниар дамжуулан Монголд 10 гаруй жил үйл ажиллагаа явуулжээ.

Харин “Бороо”-гийн ордын баялаг шавхагдсанаас хойш Гацууртын ордын бүтээн байгуулалтын ажлын тухай шийдвэр гарахыг Канадын компани хоёр жил гаруй хүлээж Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгнө хэмээх дарамтыг үзүүлж байжээ.  


Р.Жигжид: УИХ маш чухал шийдвэр гаргалаа

Уг хуулийн төсөл батлагдсаны дараа буюу энэ сарын 4-ний өдөр Уул уурхайн сайд Р.Жигжид сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “УИХ чухал шийдвэр гаргалаа. Энэ нь стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг эзэмших тухай шийдвэр юм. УИХ-ын гаргасан тогтоол нь хоёр заалттай. 

Нэгдүгээрт, Монгол Улсын төр тус ордын 34 хувийг эзэмших, хоёрдугаарт төслийг хэрэгжүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан. Бидний зорилго бол Оюутолгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг том ордыг стратегийн эргэлтэд оруулах. Энэ зорилт шат дараатай урагшилж байна. 

Гацууртын ордын хувьд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 215.9 сая ам.доллар болж байгаа юм. Борлуулалтын орлого нь 1.8 тэрбум ам.доллар, татвар хураамж төлбөр хэлбэрээр Засгийн газарт 438.8, сая ам.доллар төлөгдөнө.

Цэвэр ашиг нь 90.6 сая ам.доллар гэсэн тооцоо бий. Засгийн газарт ногдох мөнгөн урсгалын нийт хэмжээ 432.3 сая эм.доллар буюу нийт мөнгөн урсгалын 68.2 хувь нь манайд ногдоно гэсэн эдийн засгийн үндэслэлтэй тооцоо гарсан” гэсэн юм.

Тэгвэл энэхүү хуулийн төслийг эсэргүүцэж байсан “Ноён уулаа аврах хөдөлгөөн"-ийхөн өнгөрсөн сарын 29-ний өдөр Ашигт малтмалын газрын шийдвэрээр “Сентерра Гоулд Монголия" ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртад олгосон 431 A, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байсан юм. Тэгвэл тус шүүх дээрх хөдөлгөөнийнхний гаргасан нэхэмжлэлийг хянаж үзээд захиргааны хэрэг үүсгэх шийдвэрийг гаргажээ.


Г.Батбаяр: АМГ "Сентерра Гоулд" ХХК-д хуурамч нотлох баримтыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгосон 

"Ноён уулаа аваръя" хөдөлгөөний өмгөөлөгч Г.Батбаяраас энэ талаар тодруулахад "Сентерра Гоулд" компанийн Гацууртын орд дахь ашиглалтын 431, 372 гэсэн хоёр ашиглалтын лицензийг хүчингүй болгуулахаар бид Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Шүүх хүсэлтийг минь хүлээж аваад тус компанийн лицензийг хүчингүй болгох үндэслэлтэй хэмээн үзэж, захиргааны хэрэг үүсгэхээр боллоо. 

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-ийн 1-т зааснаар Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ нь хэргийг эцэслэн шийдэгдэх хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсье гэсэн акт байсан. Бид Ашигт малтмалын газрыг /АМГ/ хариуцагчаар татсан байгаа.

Гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд" компани, Засгийн газрыг татсан байгаа. АМГ-ыг хариуцагчаар татах болсон шалтгаан нь гэвэл тус газар “Сентерра Гоулд" компанид хуурамч нотлох баримтыг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байгаа юм. Хамгийн гол нь Засгийн газар 431, 372 гэсэн хоёр ашиглалтын лицензийг тойруулж тусгай хамгаалтад авчихлаа гэж худлаа яриад байгаа юм.

Харин нутгийн ард иргэд “Хоосон газрыг хамгаалаад яах юм бэ. Яг энэ ашиглалтын лицензийн талбайгаа тусгай хамгаалтад авчихаач" гэхээр Засгийн газар ямар ч боломж байхгүй гэсэн хариуг өгөөд байгаа юм. Тиймээс л энэ асуудал дээр Захиргааны хэргийн маргаан үүсгээд байгаа. Эх орныхоо төлөө дуугардаг гэж өөрсдийгөө хэлдэг УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар энэ асуудалд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж боломж бүрдсэн. Гэтэл дээрх нэр бүхий гишүүд одоог хүртэл бидэнтэй нэг ч удаа санал бодлоо солилцоогүй явж байна. 

Тухайлбал, "Ноён уулаа аваръя" хөдөлгөөний тэргүүн н.Цэрэннадмид энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянгад хандахад “Ямар ч байсан бодолцож үзье” гэсэн хариуг өгсөн байгаа юм. Ямар ч байсан ч энэ асуудал хамгийн багадаа шүүхээр бүтэн нэг жил гаруй хугацаанд үргэлжлэх учраас Шийдлийн Засгийн газрын үед “Ноён уул”-ыг ашиглах, олборлох ямар ч боломжгүй болсон. Зүгээр л хоосон мөрөөдөл болж байна гэсэн үг” гэлээ.


Г.Уянга: Түүхийг минь ядаж бидэнд үлдээгээч

"Ноён уулаа аваръя" хөдөлгөөний өмгөөлөгч Гацууртын ордын асуудлаар хамгийн ихээр үзэл бодлоо илэрхийлж олон нийтийн өмнө байсгээд л гардаг улстөрч болох Г.Уянгын талаар дурамжхан байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга энэ сарын 4-ний өдөр УИХ-ын чуулганы танхимд юу гэж хэлж байсныг нь сонирхъё. “Хүннүгийн түүхээ 50 тонн алтны төлөө ухах боллоо. 

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 105 тонноор нөөцөө өгсөн байтал Засгийн газар 50 тонноор оруулж ирлээ. Гарцаагүй маш өндөр үнээр “Сентерра Гоул”-д өгөх боллоо. Түүхийг минь бидэнд ядаж үлдээгээч. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс “Ноён уул”-ыг байгалийн цогцолбороор нь авч үлдэхийн тулд 78 мянган га талбайг хамгаалалтад авах ёстой.

Хилийн цэсийг тогтоох эрхийг Засгийн газарт өгөх юм бол чононд хонь хадгалуулсантай адил хэрэг болно. Алт гаргаж авахад гадаадын хөрөнгө оруулалт шаардлагагүй. Нинжа хүртэл ухаж болоод байна. Цэвдэгт гарцаагүй нөлөөлнө гэж байгаа” хэмээн хэлж байсан.

Шүүхийн шатанд

Ашигт малтмалын газрын шийдвэрээр “Сентерра Гоулд Монголия” ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Гацууртад олгосон 431А, 372А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг шүүхээс хэрэг үүсгэхээр болоод байна.

Гацууртын ордыг ашиглуулахыг Засгийн газар, УИХ нэгэнт шийдвэрлэсэн ч гэлээ тухайн газарт олборлолт хайгуул хийх тусгай зөвшөөрөл бүхий лицензийг нь шүүхээс хүчингүй болгох эсэхийг шийдтэл ямартай ч “Сентерра гоулд Монголия” ХХК тус ордыг ашиглах боломжгүй болж байна.

Өдөр тутмын Өглөөний сонин