богино мэдээ New

Метр квадрат тутамд нь 250-700 мянган төгрөг нэмж дамалжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явуулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу” тус дүүргийн хамгийн тансаг хороолол болно хэмээн иргэдийг хошгируулж Зайсан дахь льюкс хорооллын үнээр боссон Х хотхоны талаар мэдээлэл бэлтгэлээ..

“Өгөхгүй. Чаддаг юм бол Засгийн газраас нэхээд аваарай”

Сэтгүүлч Х.Маргад

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн мөрийн хөтөлбөр болох “Гэр хорооллын дахин төлөвлөлт”- ийн хүрээнд хотын 24 байршилд 77 хэсэгчилсэн талбайд, 38 төсөл хэрэгжүүлэгч ажиллаж байгаа юм.  Гэвч өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтөд хамрагдсан өргөдөл, бичиг цаасанд дарагдаж, аль нэг даргын албан тасалгааны үүдийг сахиж суудаг болсоор хэдийнэ хоёр жилийн нүүрийг ардаа үджээ. 

Тэгвэл бид энэ удаагийн сурвалжлагаар БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явуулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу” тус дүүргийн хамгийн тансаг хороолол болно хэмээн иргэдийг хошгируулж Зайсан дахь льюкс хорооллын үнээр боссон Х хотхоны талаар мэдээлэл бэлтгэлээ.

Тодруулбал 2013 онд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монголын талаас Барилга хот байгуулалтын яам захиалагчаар оролцож, Хятадын талаас Бээжин констракшн гүйцэтгэгч компаниар оролцохоор тохиролцжээ. Гэтэл хаанаас ямар аргаар гэдэг нь тодорхойгүйгээр гэнэтхэн л Б гэх констракшн төсөл хянагч компаниар тендерт шалгаран, иргэдээс захиалга авч өгөхөөр болсон байна.

Ингэхдээ Барилга хот байгуулалтын нэрлэсэн үнэ болох нэг сая 500 мянган төгрөг дээр дураараа үнэ нэмэн иргэдэд мкв тутмыг нь нэг сая 850 мянган төгрөгөөр үнэлээд зогсохгүй Хятадын талаас байр болгонд үнэгүй дагалдуулж өгсөн дулаан гражийг 20-25 сая төгрөгөөр үнэлж эхэлжээ.

Түүнчлэн Б констракшн хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан төсөлд шалгарч, иргэдээс хөрөнгө татаж эхлэхдээ 2014 оны II улиралд ашиглалтанд оруулна хэмээн гэрээлчихээд тухайн мөнгөөр өөрсдийнхөө хувийн хотхоныг түрүүлж босгоод түүндээ Засгийн газрын нэрээр босгосон хөрөнгөө оруулсан байна.

Мэдээж босгосон хөрөнгө оруулалтаараа хувийн компаниа санхүүжүүлсан учир “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болох Х хотхон ашиглалтанд орох хугацаанаасаа нэг жил дөрвөн сараар хоцорч, иргэдийг айл, айлын хажуу өрөө дамжиж, сүүлдээ гудамжинд гарахаас аргагүй байдалд хүргэжээ.

Тиймээс ямар ч байсан оршин суугчдыг хотхондоо оруулахын тулд дөн өвлийн хүйтнээр цутгалт хийж, оршин суугчдад түлхүүрээ гардуулахдаа дөнгөж цутгасан нойтон цементэн дээр хулдаас дэвсч, тень тавиад гялгар уутан доогуур мөлхүүлэн байж гардуулсан аж.

Бүтэн хоёр жил өнгөрөхөд анх байр үзүүлсэн яг тэр чигээрээ байсан

Харин энэ талаар тус хотхоны оршин суугчдын төлөөлөл А.Ганбат ийнхүү ярьж байна.

- Анх 2013 онд Х хотхоны сурталчилгаа “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн I ээлжээр СБД-ийн хамгийн тохилог хороолол цогцоороо босно” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр шөнөгүй цацагдаж эхэлсэн. Тэр үед Хангай хотхоны эхний хоёр блок 70 хувийн гүйцэтгэлтэй босчихсон байсан юм. Тиймээс бид зурагтын сурталчилгаа, Барилга хот байгуулалтын яаманд итгээд энэ хотхонтой гэрээ байгуулж, 2014 оны II ээлжээр байраа ашиглалтанд хүрээж авахаар тохиролцсон билээ.

Ингээд Б-тай байгуулсан гэрээнийхээ дагуу бид 2013 оны 8 сард эхний 30 хувийн төлөлтийг, 9, 10 сард тус, тус 30 хувийн төлөлтүүдээ барагдуулж, байрныхаа нийт төлбөрийн 90 хувийг бүрэн барагдуулж дууссан.

Учир нь Х хотхоны борлуулалтын алба бидэнтэй гэрээ байгуулахдаа тохирсон графикийн дагуу 90 хувиа төлж дуусгахгүй бол хугацаа алдсан хоног тутам нийт үнийн дүнгийн 0.1 хувиар тооцож алданги бодно гэдгийг хатуу анхааруулаад, өөрсдөө ч байраа хугацаанд нь ашиглалтанд оруулж чадахгүй бол хоног тутам бидэн 0.1 хувийн алданги тооцож, нөхөн олговор олгоно хэмээн гэрээ байгуулсан юм.

Тиймээс бид өрөнд орчихгүйн тулд байдаг бүхнээ шавхаж, дээрээс нь өр зээл тавиад Х хотхоны анхны захиалагчид болсон. Гэтэл байр ашиглалтанд орох хугацаанаа бүтэн 1 жил 4 сараар хэтрээд байхад Б констракшнаас бидэнд нэг ч удаа албан ёсоор мэдэгдээгүй төдийгүй, гэрээ байгуулснаас бүтэн 1 жил өнгөрөхөд анх бидэнтэй гэрээ байгуулахад ямар блок байсан яг тэр янзаараа л байгаад байсан. Анх мөнгө татахдаа ямар байсан яг тэр чигээрээ бүтэн хоёр жилийг ардаа үдсэн.

1 сая 500 мянгаар нэрлэсэн байхад мкв тутамд нь 250-700 мянган төгрөг нэмсэн

-Хотхоны захиалагч тал нь Барилга хот байгуулалтын яам, гүйцэтгэгч нь Бээжин констракшн гэж явдаг юм билээ. Гэтэл яаж яваад Б констракшн дундуур нь ороод ирсэн юм бэ?

- Уг нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд энэ хотхоныг хоёр улсын засгийн газар барихаар тохиолцсон юм билээ. Гүйцэтгэгчээр нь Бээжин констракшн. Захиалагчаар нь Барилга хот байгуулалтын яам. Хоёр улсын хамтарсан Засгийн газрын урт хугацааны зээлээр “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн I ээлжээр Хятадын засгийн газраас, Монгол улсын засгийн газартай гэрээлж, Засгийн газрын газрын дэмжлэгтээр манай хотхон босох ёстой юм.

Яаж яваад Б констракшн дундуур нь ороод ирсэн юм бүү мэд. Засгийн газар хоорондын уг гэрээний дагуу Б ердөө л төсөл хянагч компаниар явдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн иргэдээс мөнгийг нь авч, Засгийн газарт өгөх үүрэгтэй. 

Түүнчлэн Засгийн газраас буюу Барилга хот байгуулалтын яамнаас Х хотхоны 1 мкв-ийг 1 сая 500 мянган төгрөг байлгахаар нэрлэсэн байгаа юм. Гэтэл Б дундуур нь орохдоо уг үнэ дээр мкв тутам дээр дур мэдэн 250-700 мянган төгрөг нэмж, иргэдэд дамласан. Харин энэ их зөрүү хэний халаас руу яваад орсон юм бэ.

Яг энэ асуултынхаа дагуу хөөгөөд явахаар төсөл хянагчаар дундуур нь орж ирсэн компани иргэдээс хураасан мөнгөө өөрсдийнхөө хувийн компанид хөрөнгө оруулж, хажуу талын блокийг барьж эхэлсэн байгаа юм. Өрөөр хэлбэл, эндээс босгосон мөнгөөрөө зэргэлдээ тансаг зэрэглэлийн блокуудыг ашиглалтанд оруулж цэвэр ашиг босгож ирээд, дараа нь бүтэн 2 жил хүлээлгэсэн хагас дутуу краказаа хамгийн муу барилгын материалаар  ямар ч чанаргүй балгас босгож эхэлсэн байгаа юм.

Тухайлбал, манай блокийн хаалганууд зах зээл дээр 70 мянган төгрөгөөр л үнэлэгдэж байгаа гүйлгээнээс шахагдсан бараанууд. Манай 10 сартай хүүхэд очоод харандаагаар цохиход хонхойгоод хонхойгоод явчихсан. Юун нөгөө амлаад байсан дуу чимээ үл нэвтрүүлэгч Турк хаалга, ерөөсөө хамгийн муу материалаар ядуусын хороолол бидэнд босгож өгсөн.

Хүнд хэлэхэд одоо үнэмшихгүй л байх. Манай хотхон чинь гадна талбай байхгүй, 12 сард цутгасан цементээ хулдаасаар бүтээж байгаад тень тавьж хатаасан. Бид нар түлхүүрээ гардаж авахдаа тийм юман дээгүүр мөлхөж очиж авсан шүү дээ. Бид нар ч гэж тэнэг юм. Байрны түлхүүр өгнө гэхээр нь өчнөөн удаан хүлээсэн болохоор аймшигтай дүр зураг байсан ч бичлэг хийх ухаан төрөлгүй хар хурдаараа гүйж очоод л авчихсан.

Ганцхан Б-ээс яаж түлхүүрээ салгаж авах вэ гэдэг бодолтой байжээ. Гэтэл тийм юмыг улсын комисс хүлээж авч л байдаг. Өвөл хийсэн шавар хавар шороо болоод нурна гэдгийн мэддэггүй л Улсын коммис байв гэж.

“Өгөхгүй. Чаддаг юм бол Засгийн газраас нэхээд аваарай”

-Тэгвэл мкв-ийн зөрүү хэр их байна вэ? Сүүлийн үеийн барилгууд мкв тутаах тохиолдол элбэг тааралддаг болсон?

- Зөндөө. Бүх айлд доод тал нь 1-2 мкв дудаж байгаа. Бид чинь 1 мкв тутмыг нь 1 сая 750 мянгаас 2 сая 200 мянгөн төгрөгөөр хуладаж авсан улс шүү дээ.

Гэтэл Б констракшныхан анхнаасаа мкв дутаах зорилготойгоор захиалагч нартайгаа гэрээ хийхдээ “Орон сууцны талбайн хэмжээ, хана хоорондын талбайн хэмжээг хэмжиж гаргасан бөгөөд түүнийг талууд хүлээн зөвшөөрнө. Орон сууцны талбайн хэмжээ нь Улсын бүртгэлд бүртгэсэн талбайгаас 1 мкв-аас ихгүй талбайгаар зөрсөн тохиолдолд талууд гомдол гаргахгүй” гэж хүчээр тулгасан байгаа юм.

Мөн талуудын эрх үүрэг дээр айхтар заалт байгаа. 2.2 дээр “Захиалагч тал 2013 оны 8, 9, 10 сард санхүүжилтээ хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцээтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг гүйцэтгэгч компанид төлнө” гэж байгаа. Хэрэв би энэ мөнгөө заасан хугацаандаа төлж чадаагүй бол Б-д төлөх ёстой байсан.

Тэгвэл 5.4-т заасны дагуу “Орон сууц хүлээлгэн өгөх хугацаа шинээр тогтоогдсоны дараа, орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин хойшилсон тохиолдолд гүйцэтгэгч тал хоног тутамд гүйцэтгэсэн ажлын үнийн дүнгийн 0.1 хувийг хөрөнгө оруулагч талд төлнө” гэж байгаа юм. Ингэж зааж биднээс мөнгөө тулгалт хийн хуу дээрэмдчихээд өөрсдөө 2 жилээр хойшилж байхдаа юм чинээ тоогоогүй.

Бид нарыг байраа авъя гээд очиход нохой, гахай, гуйлгачингаар дуудаад, “Өгөхгүй. Чаддаг юм бол Засгийн газраас нэхээд аваарай” гэж даапаалж байсан.

-Дээр нь Бээжин констракшнаас Монгол Улсын Засгийн газраас гэрээ байгуулж, Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдахдаа Х хотхоны айл болгонд дулаан граж бэлэглэнэ гэж тохирсныг дураараа өөрчилж, үнэгүй өгсөн зүйлийг иргэдэд дамлаж байна гэж дуулсан?

-Тийм. Бид яг энэ талаар Бээжин констракшнаас тодруулсан. Тэндээс “Манайх бүх байрнууддаа үнэгүй граж барьж өгсөн. Гэтэл Б нэг гражийг 25 сая төгрөгөөр худалдаад тэр мөнгийг авч байгаа. Үүнийгээ танай засгийн газар яагаад хянахгүй байгаа юм бэ” гэдэг асуултыг бидэнд эргүүлээд тавьсан. Үүнийг Б салгаж аваад айлуудад дамлаж байгаа юм.

380-ийн өндөр хүчдэлийн шугам газар дээгүүр ил явснаас иргэд хэзээ ч үхэхэд бэлэн болсон

-Тэгвэл энэ асуудлынхаа дагуу холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж үзсэн  үү?

-Үгүй. Яагаад гэвэл энэ барилга сарын өмнө л ашиглалтад орлоо. Ерөнхийдөө захиалагчдын 60 хувь л байрандаа ороод байна. Гэхдээ гомдолтой хүмүүс зөндөө бий. Яагаад гэвэл хамгийн бага метр квадраттай манайх л гэхэд өнгөрсөн хугацаанд 12 сая төгрөгийн авлагатай болсон байна.  

Гэтэл Б яг түлхүүрээ гардуулж өгөхдөө юун авлага, иргэдийг үлдсэн 10 хувиа төл, төлөхгүй бол үг дуугүй гар гэдэг шаардлага тавьсан. Ингээд түлхүүрээ авахын тулд оршин суугчид гарын үсэг зурж, зарим нэг хэл үг муутай, чадал муутай хүмүүсийг 3.5 сая төгрөгийг заасан графикийн дагуу төлөхгүй бол хөөж гаргана гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан.

Асуудал зөвхөн үүгээр дуусахгүй. Учир нь Б Засгийн газрын шахалтад орохдоо, байраа хурдан ашиглалтад оруулах гэж гадна гэрэлтүүлэг, орчны тохижолт, харуул хамгаалалт, камержуулалт юу ч хийгээгүй. Өнгөрсөн нэг сарын хугацаанд манай хотхонд 10 машины цонх хагалж хулгай орсон зэрэг жишээнүүд олон гарлаа.

Ухсан нүх, гудамж талбай ихтэй учраас шөнө хаанаас ч ямар ч хүн гарч ирээд чирээд явч явахыг таахын аргагүй болсон. Дээр нь гадна талбайд 380-ийн өндөр хүчдэлийн шугам газар дээгүүр ил явснаас иргэд хэзээ үхэхээ мэдэхгүй явна. Энэ шугам ганц л шалбарах аваас газар тэр чигтээ өндөр хүчдэлээр цэнэглэгдэж, тэр дээр гишгэсэн хүн амьтан газар дээрээ үхнэ. Яадаг улсын комисс үхлийг хүлээж авдагийг ойлгохгүй байна.

-Энэ тохижилтыг одоо ямар газар хийж байгаа вэ?

-Оршин суугчдаас СӨХ-ийн хуримтлалын мөнгө хураагаад эхэлсэн. Уг нь хуулиараа бол шинэ орсон барилгыг дор хаяж нэг жилийн дараа засварын хуримтлалын мөнгө хураах ёстой. Жилийн дотор ямар ч завсар орох ёсгүй. Гэтэл одоо биднээс мөнгө хурааж өөрсдийнхөө хийх ёстой болон хийгээгүй ажлаа хийлгэх гэж байна.

Дээрх асуудлаар байрны оршин суугчдийг санал гомдлоо хэлмэгц айлган сүрдүүлж, заналхийлэх болсон гэнэ. Тус хотхоны зах зээлийн үнэ м.кв нь  хоёр сая 200 мянган төгрөг. Харин гражны үнэ 25 сая төгрөг юм байна. Гэвч улсын комисс 21 хоногийн турш ажиллаж байж хүлээж авсан гэх тус барилга үнэ шигээ чанартай байж чадаагүйд оршин суугчид гомдолтой байна.