богино мэдээ New

Бие даагчид Үндсэн хуулийн цэцэд хандана

Сонгуулийн нэгдсэн хуульд нам эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт туссан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн үзэж байна. Дээрх заалтаар сонгогч нам эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжиж дугуйлсан нөхцөлд саналын хуудас хүчингүй болох юм байна..

сэтгүүлч Б.Туул

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэр УИХ-аас баталсан Сонгуулийн нэгдсэн хуулийн холбогдох заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдэв. 

Сонгуулийн нэгдсэн хуульд нам эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт туссан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн үзэж байна. Дээрх заалтаар сонгогч нам эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжиж дугуйлсан нөхцөлд саналын хуудас хүчингүй болох юм байна. Тиймээс энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандах аж.

Тэд Сонгуулийн нэгдсэн хуульд өмнөхөөсөө дэвшилттэй заалт туссан ч зөвхөн одоогийн парламентад суудалтай намуудад ашигтай байх хувилбарыг илүүтэй тусгасан гэж энэ үеэр мэдээллээ. Тухайлбал, шинэ нам байгуулж сонгуульд оролцох боломжгүй болсон. Өмнөх хуулиар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломж байсан бол одоогийн хуулиар намуудын бүртгэлийг цуцалсан заалтыг оруулжээ.

Мөн сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг 16 хоногоор хязгаарласан нь бие даагч, шинэ намууд өөрсдийгөө таниулах боломжгүйд хүргэсэн. Том тойрогт нэр дэвшсэн шинэ хүн зарим сумандаа хүрч ажиллаж чадаагүй байтал сурталчилгааны хоног дуусах болж байгаа нь зарим талаараа хавчсан заалт болсон гэв. Үүний зэрэгцээ сурталчилгааны самбар, төлбөртэй нэвтрүүлгийн цаг гэх мэт олон заалтаар бие даагчид болон шинэ намуудын боломжийг хаасан заалт тус хуулинд орсон гэж тэд мэдээллээ.

Бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаас Гацууртын ордыг дэмжихгүй гэсэн юм. Х.Болорчулуун гишүүн, “Гацууртын ордыг ашиглавал хүнцэл гэдэг асар их хор ил гарч идэвхжинэ. Хараа гол төдийгүй Сэлэнгийг хордуулах эрсдэлтэй. Монголд гуравхан хөрс судлаач бий. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан уг хор аюулгүй гэсэн баталгааг хөрс судлаач нараас гаргуулах гээд чадаагүй” гэсэн юм. 

Бие даагчид С.Ганбаатар гишүүнийг оролцуулаад шинээр нам байгуулж сонгуульд оролцох тухай төлөвлөж байсан гэнэ. Гэвч дээрх хуулиар боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр, С.Ганбаатар гишүүн сонголтоо хийж ХҮН-д элссэн. Тийм учраас өнөөдрөөс эхлэн бие даагч гишүүдтэй хамт С.Ганбаатар гишүүн хэвлэлийн хуралд оролцохгүй байгааг хэлэв.

эх сурвалж: www.montsame.mn