Шагжамуни бурхны гарал үүсэл


2018-05-30 00:18:01 0
  1. Шаагя хааны овог буюу Шаагя тоолол

   Энэ галвын эхэнд хүмүүс овог овгоор нийлэн амьдрах болсон тул тэдэнд удирдагч хэрэгтэй болж ирэв. Иймээс бүгдээрээ нийлэн нэгэн зохих хүнийг өөрсдийнхөө удирдагчаар сонгож, түүнийгээ “Махаасаммата” (олноо өргөмжлөгдсөн хаан) гэх болжээ.Энэхүү Махаасаммата овгоос нэгэн Игчвааку нэрт сүр жавхлант хаан төржээ. Нар мэт сүр жавхлантай учир түүний овгийнхныг “Сууряаванший” буюу “Наран овогт” гэх болов. Игчвааку эзэн хааны их хатан Бхактаа таван хүү, дөрвөн охин төрүүлжээ.

Их хатан Бхактаа таалал болсонд эзэн хаан нэгэн залуу бүсгүйтэй хуримлаж, их хатнаар өргөмжилжээ. Хатан өөрийн хүүгээ хаанаар өргөмжлөхийг тулган шаардсанд хуял тачаалын эрхэнд автсан хаан тэр үед зөвшөөрсөн авч, хойно ихэд гэмшжээ. Тэрбээр их хатныхаа хүүхдүүдийг улсын хил хязгаараас хол амьдрахыг тушаагаад, намайг таалал төгсөхүйд эргэн ирж хаан ширээг булаан аваарай хэмээн зөвлөв. Их хатны хүүхдүүд эцгийн тушаалыг дуртайяа хүлээн зөвшөөрчээ.

Харин эцгээ таалал болох үед өөрсдийн эцэг нэгт дүүгийнхээ хаант төрийг булаах явдал тэдэнд огт таалагдаагүй тул өөрсдийн эр зориг хүчин чадлаараа тусдаа хаант улс байгуулахаар шийдэв. Тэд Хималайн ууланд очин Капиламунигийн аглагт амьдарч эхлэв. Тэнд л Капилавасту нийслэлийг байгуулж, шинэ хаант улсынхаа шавыг тавьжээ. Ийм бахдам чадварынхаа улмаас тэд Шаагя гэгдэх болов. Тэр үеийн цус ариунаар хадгалах уламжлалын дагуу дөрвөн хүү, дөрвөн охин хоорондоо гэрлэжээ. Прияа нэрт хамгийн том эгч нь Ваараанасигийн тэр үеийн хаан Рааматай хуримлав. Тэрбээр Капилавасту хотын ойролцоо Колияа хаант улсыг үндэслэн байгуулж, нийслэлийг нь Девадаха хэмээн нэрийдлээ. Энэхүү хоёр хааны удмынхан өөрсдийн ариун цусаараа ихэд бахархдаг байв.

Иймээс бусад удамтай хуримлан цус холилдох вий гэхээс айн олон үеийн турш Колияа болон Шаагяагийнхан хоорондоо хуримласаар ирсэн түүхтэй. Одоогийн өмнөд Энэтхэгт ах дүү нар хоорондоо хуримладаг ёс тэр үеэс эхтэй. Шаагя хааны омогт Жаяасена нэрт сүр жавхлант хаан төржээ. Түүнд Синхахану гэдэг хөвгүүн, Яшодхараа нэртэй нэгэн охин байжээ. Харин Колияагийн хаан Девадаха Анжана нэрт хөвгүүнтэй, Каатяаени нэрт охинтой байв. Девадахагийн хөвгүүн Анжана, Жаяасенагийн охин Яшодхаратай хуримлаж, Жаяасенагийн хөвгүүн Синхахану, Девадахын охин Каатяаенитэй ураг холбожээ. Анжана болон Синхахану хоёул Жаяасена мэт сүр жавхлантай хаад болцгоов.

Тэдний төрийн санваарт хувраг нь одон зурхай болон биеийн шинж тэмдгийн шастир нугуудад мэргэн, найман самаадхиг төгс эзэмшсэн, олон төрлийн ид шид төгс Асита арш байлаа. Тэр үед эртний Шаагя тоололтой байсан бөгөөд түүний 8647 жил төгсөхөд Колияагийн их хаан Анжана төрийн санваарт хувраг Асита арш лугаа зөвшилцсөнөөр уг тооллыг зогсоож, нэгэн сайн өдөр шинэ их Шаагя тооллыг эхлүүлэв. Зарим сударт түүнийг Анжана тоолол ч гэх нь бий. Энэ тооллын 10 дахь жилийн зуны эхэн сарын шинийн 15-ны зургаа дахь өдөр Их хаан Синхаханугийн их хатан Каатяаени Шуддходан хөвгүүнийг төрүүлжээ. Түүнээс мөн Дхотодан, Шаккодан, Шуккодан, Амтодан нэрт дөрвөн хүү Амитаа болон Памитаа хэмээх хоёр охин мэндэлжээ.

Их Шаагя тооллын 12 дахь онд Колияагийн хаан Анжанагийн хатан Яшодхараа бээр Махамааяа нэрт охиныг төрүүлж, түүний дараа тэднийд Пражаавати нэрт нэгэн охин болон Дандапаани болон Суппабуддха нэрт хоёр хөвгүүн мэндлэв. Шуддходан Колияа хааны том гүнж Махамаяа болон түүний дүү Пражааватитай хуримлаж, Суппабуддха Шаагя хааны гүнж Амитатай гэрлэлээ.

Их хатан Махамааяа Шаагя тооллын 67 дугаар оны зуны адаг сарын шинийн 15-ны дөрөв дэх өдөр хөл хүнд болж, Шаагя тооллын 68 дугаар оны зуны эхэн сарын шинийн 15-ны тав дахь өдөр Сиддхаарта Гоутам мэндэлжээ. Хан хөвгүүн мэндэлсний долоо дахь өдөр Махамааяа хатан таалал болж, хөл хүнд Пражааватий Нанда нэрт хүү төрүүлсэн бөгөөд түүнийгээ асрагчид өгөөд, Сиддхаартад өөрийн сүүг хөхүүлэн асрах үүрэг хүлээв. Хоёр жилийн дараа Пражааватий Готамий Нанда нэрт нэгэн охин төрүүлжээ. Колияа Суппабуддхагийн Амитаагаас Яшодхараа нэрт охин, Девадатта нэрт хүү мэндэлжээ. Шаагя тооллын 84 дүгээр онд Сиддхаарта Яшодхаратай хуримлаж, Шаагя тооллын 97 дугаар оны зуны эхэн сарын шинийн 15-ны нэг дэх өдөр Сиддхаарта гэрээс гарч тойн болов.

Шаагя тооллын 103 дугаар оны зуны эхэн сарын шинийн 15-ны гурав дахь өдөр Бурханы хутгийг олон гэгээрч, Шаагя тооллын 148 дугаар оны зуны эхэн сарын шинийн 15-ны хоёр дахь өдөр нирваан дүрийг үзүүлэв. Таван хоногийн дараа түүний шарилыг чандарлан, 25 хоногийн дараа дөрөвдэх өдөр чандарыг хуваан тараах үйлийг гүйцэтгэжээ. Шаагя омгийнхон тэр даяарт Бурханы нандин чанар бүрхэж, ертөнцийн багш болсны улмаас түүний нөлөө дэлхий даяар түгэн тархлаа. Иймээс 148 жилийн дараа Шаагя тоолол аяндаа зогсч, түүний оронд Бурханы тоолол (Буддха тоолол) эхэлсэн билээ.

2. Өлзий хутаг цогцолсон зуны эхэн сарын шинийн 15

  Он- Их Шаагя тооллын 68 дахь он Улирал- Халууны улирал Сар- Зуны эхэн сар Өдөр- Тав дахь өдөр Гариг- Шинийн 15 Од- Охин Цаг- Үүр цайх мөч Халууны улирлын хурц наранд шарагдсан эх газрын хөрсийг шөнийн турш сэрүүн зөөлөн илчээрээ угаасаар тэргэл сар баруунаа хэлбийж байлаа. Зүүн зүгээс нар мандах дөхөж, илчит цацрагаараа дэлхий ертөнцийг гийгүүлэн шинэ өдрийг урин дуудах ажээ. Орон: Тивүүдийн дээд Замбутивийн төв дунд нь орших дундад улсын зүүн хойд зүг, Гималайн уулсын бэлдэх Шаагя хаант улс. 

Нэг талд нь Шаагя хаант улсын нийслэл Капилвасту нөгөө талд нь Шаагя нарын нэгэн хэсэг болох Колияа хаант улсын нийслэл Девадах байрлана. Энэ хоёрын хооронд орших үзэсгэлэн төгөлдөр Лүмбини нь хоёр улсын ард иргэд зугаацан цэнгэх үзэсгэлэнтэй цэцэрлэг ажээ. Тохиол: Шаагя хаант улсын эзэн хаан Шуддходаны их хатан Махамааяа хөл хүнд болоод 10 сар гүйцсэн учир хүүгээ төрүүлэхээр нөхрийн гэрээс гарч эцгийнхээ гэр болох Девадах хот руу явж байлаа. Түүнийг олон цэрэг эрс хамгаалж, зарц үйлчлэгч нар нь дагалджээ.

Алтан жуузанд заларсан их хатны анхаарал Лүмбини цэцэрлэгийн сэтгэл булаам үзэсгэлэнд татагдлаа. Цэцэрлэгийн бүх мод өнгө өнгийн сайхан цэцгүүдээр бүрхэгдсэн байлаа. Цэцгийн сайхан үнэр бүх л агаараас анхилна. Зөгийн сүрэг хэсэг хэсгээрээ дүнгэнэлдэн эргэлдэнэ. Өнгө өнгийн шувууд өөр өөрсдийн ая дуугаар хөг эгшиг хослуулан уянгална. Модны навч мөчирс зөөлөн салхинд бүжиглэх мэт хөдөлж, аянчдыг урин дуудна. Их хатан Махамааяа энэхүү тэнгэрийн ариун орны цэцэрлэг мэт Лүмбини ойгоор зугаацмаар санагдан, сүйх тэргээ зогсоож, байгалийн гоо үзэсгэлэнг гайхан биширч баясан саатав. Цалгим тостой савыг гартаа барьсан хүн маш тайван алгуур хөлөө зөөж, нэг дуслыг ч газар унагахгүйг хичээх мэт хэвлийд буй үрээ сэтгэлдээ элбэн, алгуурхан алхалж эхлэв.

Ойролцоох мод руу харц шилжихүйеэ түүний цэцгээр бүрхсэн мөчирс даллан дуудах мэт найган ганхаж их хатны сэтгэлийг булаана. Тэрбээр тэр модны дор очоод мөчрөөс нь барихааар өлмий дээрээ өндийхүй, салхины аясаар мод аяндаа тонгойж ирэв. Хатан түүнийг баруун гараараа барьж хэдэн эгшин байгалийн үзэсгэлэнд баясан зогсов. Баруунаа сар шингэж, зүүнтэй нар өнгөт туяагаа цацруулан мандан авай. Энэ мөчид эхийн нярайлах цаг болсонд хамт ирсэн зарц, үйлчлэгч нар тэр дор нь хөшиг татаад тэндээс холдлоо. Анир чимээ ихт байгаль хэдэн эгшин нам гүм болж, ямар нэгэн гайхамшиг болохыг хүлээх мэт, харагдах үл харагдах амьтад аниргүйг чагнан ажих шиг болжээ.

Хатан эх Махамааяа зогсоо чигээрээ төрж, Бурхан болон гэгээрэх хувьтай шинэхэн мэндэлсэн хан хөвгүүний бойв эх газарт хүрэхүйд газар дэлхий ариусч, баясан ганхаж эхлэв. Энэ дэлхий ертөнц төдийгүй, ойролцоох арван мянган ертөнц баяслын долгионоор дүүрч, огторгуйд тэнгэрийн дун татах мэт дуун гарч, үзэсгэлэнт цэцэгс бодхисатвыг хүндэтгэн угтах мэт түгэн бууж, байгаль дэлхий цэцэгсийн хураар бүрхэгдлээ. Бодхисатва бээр хааны ордны хаалттай өргөөнд мэндэлсэнгүй.

Бүх байгаль ертөнцийн нарийн учир хэлхээсийг шинжлэн судалж, нээн илрүүлэгч тэр суут хүмүүн задгай байгалийн дунд, задгай тэнгэрийн доор, модны ойролцоо, үзэсгэлэнт ойн зөөлөн хөвдөн дээр мэндэлжээ. Энэ газар төгс ариудан, олон үеийнхний шүтэн бишэрхүйц болов. 300 жилийн дараа Энэтхэгийн эзэн хаан Ашока энд мөргөхөөр аялан ирж, энэ түүхэн газрыг тэмдэглэн номын багана босгосон ажээ. Өнөө болтол шүтэн бишрэгч олон түмэн энэхүү ариун газарт хүрэлцэн ирж, мөргөл үйлдэн эндэхийн ариун номын долгионы ач тусыг хүртсээр. Ирээдүйд ч олон үеийн туршид ийн хүндлэгдэх нь гарцаагүй. Эх Махамааяа баяр баяслаар дүүрч, түүнийг тавьсан эртний номын ерөөл биелэлээ оллоо. 91 галвын өмнө Ялж төгс нөгчсөн Випаши Бурхан багшийн үед тэрбээр Бандхумаа хааны их гүнж байлаа.

Хаан эцэгтэйгээ хамт Бурхан багштай золгон ном сургааль сонсохоор очоод, Бурхан багшийн сэтгэл баясгам үзэсгэлэнт төрхийг харан, түүний жаргаланд хүргэгч номыг сонсоод машид биширчээ. “Энэрэнгүй сэтгэлээр тооцоолошгүй олон амьтдыг зовлонгийн хүлээснээс огоот гэтэлгэх өлзий хутгийн замыг заагч, ийм гайхамшигт хөвгүүн төрүүлсэн эх хичнээн их буянтай нэгэн билээ. Би ч гэсэн ийм буянт эх болох юмсан. Ийм үзэсгэлэн төгс, сүр жавхлантай Бодхисатва хөвгүүнийг төрүүлж, Бурханы эх болох хувь тавилант нэгэн болохсон. Гэлээ ч Бодхисатваг сүүлчийн төрөлд нь төрүүлэгч эх болохын тулд олон галвын турш буян паарамиг хураах хэрэгтэй.

Олон бэрхшээлүүдийг туулах болдог. Би тэр бүхнийг даван туулахад бэлхэн байна” хэмээн чанд хатуугаар сэтгэлдээ ерөөл тавихыг нь Випаши Бурхан багш хараад инээмсэглэн адистэд хайрлав. Тэр үеэс 91 галав дуустал тооцоолошгүй олон төрөлдөө буян паарамигаа цогцлуулах замаар явж эхэлжээ. Төрөл бүртээ буян паарамигаа цогцлуулсаар, эцэст нь Тушита тэнгэрийн оронд мэндэлсэн Сантушита Шведакету нэрт тэнгэрийн хөвгүүн Бодхисатва өөрийн сүүлчийн төрлөө авахаар эхийгээ сонгоход 55 нас дөрвөн сартай дунд насны их хатан Махамааяа, буян паарамигаараа тохирон сонгогдов.

Колияагийн Их хаан Анжаны том гүнж Махамааяа хаан эцэг болон нөхөр Шуддходаны гэрт баян тансаг амьдарч байсан хэдий ч цаг үргэлж ёс суртахуун, ариун явдлыг чандлан сахидаг байлаа. Бусад хааны гүнжүүд, хатад шиг зугаа цэнгэлд автан, хэрүүл тэмцэлд оролцохыг цээрлэдэг, төлөв даруу амгалан тайван ийм л хүн Бодхисатвагийн сүүлчийн төрөлд эх болж чадахуйц байсан юм. Бодхисатваг төрүүлэгч эх Махамааяа хөвгүүнээ мэндэлсний долоо дахь хоног дээр нөхрийнхөө гэрт буцан очоод энэ биеэ орхин Тушита тэнгэрийн оронд Мааяа нэрт тэнгэрийн хөвгүүн болон мэндэлжээ.

Цаг улиран өнгөрсөөр Сиддхаарта Гоутам огоот гэгээрсэн бурхан болохуйд тэрбээр энэхүү сүүлчийн төрлийнхөө эхийг санан дурсч, Тушита тэнгэрийн оронд биеэр залран, Абхидхаммагийн номыг айлдан олон тэнгэр сэлт, төрүүлэгч эхийнхээ ачийг хариулж, Махамааяа Бодхисатваг төрүүлэн өлзий хутаг цогцлоожээ. Бодхисатвагийн өлзий хутаг ч цогцоллоо. Түүний маш урт удаан үргэлжилсэн буяны аян төгсгөл болох дөхөж, бүх буян паарамигаа төгс төгөлдөржүүлж, одоо өөрөө огоот гэгээрч Бурхан болж чадахуйц сүүлчийн төрлөө авчээ. Бодхисатвагийн урт аян ийнхүү төгсгөл болох дөхлөө.

Тооцоолошгүй дөрвөн галав (тооцоолошгүй нэг галав нь нэгийн хойно 140 тэг тавьсантай тэнцэнэ.) мөн 100 000 галвын өмнө тэрбээр нэгэн бярманы гэрт Сумедха нэрт хөвгүүн болон мэндэлжээ. Хуял тачаалын зүг дургүйцэх сэтгэл үүссэний улмаас гэрээс гаран хувраг болж, даяанд шамдан, найман самаадхиг төгс эзэмшжээ. Гэвч гэгээрэлд хүрч чадсангүй. Энэ үедээ урьдын буянт үйлийнхээ улмаас Огоот туулсан Дивангар бурхан лугаа учирчээ. Хувраг Сумедха Дивангар Бурханаар Випашяна заалган сурваас зовлонгоос огоот гэтлэн, гэгээрлийн шатанд хүрэх чадвар бүхий байлаа. Гэвч тэрбээр энэрэнгүй сэтгэлт Бурхан багшийг хэрхэн сая сая амьтдыг жаргаланд хүргэж буйг нь хараад “Зөвхөн өөрийгөө гэгээрүүлэхийн тулд эр зориг гаргана гэдэг зохилтой бус юм байна.

Энэ ертөнцөд тооцоолж үл барам олон амьтад зовлонгийн хүрдэнд хүлэгдэн байх юм. Би эдгээр олон зовж буй амьтдыг зовлонгоос нь салахад туслахын тулд огоот гэгээрсэн Бурхан болохсон. Би энэ Дивангар Бурхан шиг төгс гэгээрсэн Бурхан болохсон. Ингэхийн тулд хичнээн их зүтгэл, тэвчээр гаргах хэрэгтэй байсан ч хамаагүй. Ийм чадвар эзэмшихэд сая сая галвын турш бэрхшээл бүхнийг даван зүтгэхэд бэлэн байна” хэмээн дотроо чанд шийджээ.

Гурван цагийг айлдагч Дивангар Бурхан даяанч Сумедхагийн энэхүү хүчит номын хүслийг хараад түүнд адистэд хайрлан, түүний ирээдүйн тухай ийнхүү эшийг үзүүлжээ: Тэргүүнээ овоолсон урт үстэй, хосгүй дээд даяанд Тун чадлан шамдагч энэхүү даяанчийг харагтун Энэ галвын хойно хэмжээлэшгүй галав өнгөрөхүйеэ Энэ хүмүүн ертөнцнөө Бурхан болон гэгээрмүй.

Огоот гэгээрсэн Бурханы лүндэн Сумедхагийн хувьд гэгээрлийн үр болж, энэхүү үрийн улмаас энэ хүмүүн Бодхисатва болох тэр эгшид дөрвөн зүгт урам хайрлах мэт тэнгэрлиг дууны шад ийн цууриатлаа. Чин зүтгэлээр шамдан урагшлан явсаар бай Чиглэн буцаж алхам бүү тавь Чамайг огоот туулсан Бурхан болохыг Чагнаж бид баттайяа мэдлээ гэх энэ үгийг сонсоод даяанч Сумедхагийн сэтгэлд зүйрлэшгүй их номын урам төрж, чин зоригтойгоор урагшлан одов.

Тэгээд галваас галав дамжин орчилт орноор тэнүүчлэн төрсөөр, төрөл бүртээ ямар нэгэн паарамигаа бататган бэхжүүлсээр, төрөл бүртээ учирсан олон амьтан бүхнийг ариун номын мөрт оруулан, сэтгэлд нь номын үр суулгасаар, өөрөө ч номын ёсоор үлгэр жишээ амьдарч, бусдад үлгэр жишээ болон явсаар бүх паарами төгс төгөлдөр болсон үед одоо тэрбээр энэ л төрөлдөө огоот гэгээрэн Бурхан болох чадвар бүхий болжээ. Ийм их олон төрөлд арван паарамигаа төгс төгөлдөр болгон, огоот гэгээрсэн Бурхан болох шатанд хүрсэн суут хүмүүнтэй зүйрлэм өөр төрөлхтөн хаана ч байх билээ.

Ийм учраас дурдахуй билгүүн төгс эх Махамааяагийн хэвлийд орсноос эхлэн 10 сарын турш төгс билгүүнт байсаар эх газарт хөл тавихдаа өөрийн хуримтлуулсан хэмжээлэшгүй номын буяны хүчээр энэ арван мянган ертөнцийг мэлмийдээ тунгаан ийн зарлиглажээ. Ертөнцөд би манлай нь юм Ертөнцөд би ахмад нь юм Ертөнцөд би дээд нь болой Энэ миний сүүлчийн төрөл болой Энд дахин нэг ч удаа ч төрөл үл авмуй Төрөнгүүтээ түүний айлдсан энэ зарлиг хичнээн үнэн байсан нь батлагдаж, огоот гэгээрснээр Бодхисатвагийн өлзий хутаг цогцолсон билээ. Энэ хийгээд бусад олон орон ариудсан юм.

Учир нь ариун номын нэрэн дээр олон төрлийн шашны урсгалын хүлээсэнд хүлэгдсэн, гүн ухааны хоосон цэцэрхэлд автсан, янз бүрийн шашны зан үйлд төөрөлдсөн хүмүүст ариун, бүх нийтийн, илтэд мэдэрч болохуйц, үр шимийг эгшинд хайрлагч, ул үндэслэлтэй, гаслангаас гэтэлгэх замыг заагч суут хүн дэлхийд мэндэллээ. Дөрвөн зүг найман зовхист баяслын долгион түгжээ. Зөвхөн тэнгэрлиг хөвгүүн, эрлэгийн хаан шуламс л сэтгэл дундуур байлаа. Одоо түүний торонд тэнүүчлэн тарчлагч амьтдын хүлээс тасарч, олон хүн түүний эзэмшлээс, үхлийн хүлээснээс огоот гэтлэх билээ. Эрлэгийн хаан шуламс сэтгэл дундуур байлаа ч олон амьтдын жаргалан цогцлох бус уу.

Олон амьтны өлзий хутаг болох бус уу. Энэ мэтээр Бодхисатвагийн сүүлчийн төрлийг хайрлагч их Махамааяа Шаагя тооллын 68 дахь зуны эхэн сарын шинийн 15-ны тэргэл сарт өдөр олон амьтдын хувьд аз жаргалыг авч ирсэн юм. Энэ түүх бидний аз жаргалангийн шалтгаан болоосой. Үүнээс үлгэр жишээ аван, өөр өөрсдийн өлзий хутгийг бүтээгээсэй!

3. Зүүд биелсэн нь

  Их арш Алааркалам болон Уддакрампутта хоёроос долоо, найм дахь самаадхиг заалган эзэмшсэн боловч Бурханы хутгийг эс олсон бодхисатва Сиддхаарт биеэ зовоох хатуужлыг хийж үзэхээр шийджээ.

Зургаан жилийн турш биеэ тарчлаан зовоож, хатуужлыг үйлдсээр эцэстээ бие цогцос нь араг ясны хэлхээс мэт болов. Эрч хүчээ алдаж, зогсч ч чадахгүй үхэтхийн унах ажээ. Тэрээр үхэж байгаа юм шиг, зарим хүн түүнийг үхчихсэн байна хэмээн андуурч байлаа. Ийнхүү хатуужил бэрхшээлийг туулсны эцэст энэ ч гэсэн туйлшралын зам юм байна гэдгийг ойлгож, үүгээр Бурханы хутгийг олон гэгээрч чадахгүй гэдгээ мэджээ. Энэ үе бол их Шаагя тооллын 103 дахь он байлаа.

Ханхүү өөр ямар нэгэн арга эрэлхийлж эхлэв. Яавал гэгээрэх бол хэмээн бодолхийлж байтал балчир насных нь нэгэн явдал санаанд орж ирлээ. Газар хагалах хаврын баярын өдөр байлаа. Хот тосгоны ард иргэд бүгдээрээ хуран цуглажээ. Уламжлал ёсны дагуу эзэн хаан Шуддходан тариан талбайд анжисаар эхний газар хагалж, ард иргэд баярлан баясч байлаа. Бяцхан ханхүүг ойролцоох модны сүүдэрт унтуулаад хааны шивэгчид баяр цэнгэл үзэхээр явцгаажээ. 

Хүү сэртэл хажууд нь хэн ч байхгүйг мэдээд модны сүүдэрт завилан сууж, удаж төдөлгүй самаадхигийн эхний шатанд орчихсон ажээ. Балчир насандаа хийж байсан бясалгалаа эргэн санаж, тэр үед орж гарах амьсгалаа хэмнэлийнх нь дагуу байгаа байдлаар нь ажиглаж, анхаарлаа төвлөрүүлж байснаа санав. Урьдын олон төрөлдөө хийж байсан болохоор балчир ахуйдаа хэнээр ч заалгахгүйгээр бясалгал аяндаа хийгдсэн нь тэр байлаа. Их арш Алааркалам болон Уддакрампутта хоёроос сурсан нэгээс найм хүртэлх самаадхи нь гадны тусгагдахуун дээр тулгуурладаг, өөрөөр хэлбэл бодит туршлагаараа мэдэрч буй үнэн дээр бус, төсөөлсөн зүйл дээр тулгуурласан байлаа.

Харин орж гарч буй амьсгалыг ажиглах Анапана бясалгал нь өөрийн тухай бодит үнэнийг байгаа байдлаар нь ажиглах энгийн арга юм. Энэ нь төсөөлөл огт биш, өөрөөсөө ангид төсөөллийн тулгуур биш байлаа. Иймээс энэ аргыг хэрэглээд үзье гэж шийджээ. Амьсгалаа ажиглан ажигласаар маш амархан дотооддоо нэвтрэн орж болох буюу өөрийнхөө дотоод дахь үнэнийг мэдрэх чадвар бүхий болж чаддаг билээ. Энэ нь анхаарлаа өөрийн бие цогцсын хүрээнд төвлөрүүлж, гадны тусгагдахуунаас холдуулан, бие хийгээд сэтгэлийн нарийн холбоог олж мэдэх боломж олгодог.

Бие цогцсын мөнх бус бүхий л талбарыг мэдрэн явсаар түүний чанад дахь мөнхийн амар амгаланд хүрэх бөгөөд тэгснээр л ариусан гэгээрэх болно. Олон төрөлдөө хуримтлуулсан буян паарами нь боловсорч, цаг нь болсон учраас бодхисатвын сэтгэл зөв чиг лүүгээ ханджээ. Энэ нь номын жам ёс байсан агаад түүний нөлөөгөөр бодхисатвын сэтгэл Випашяна бясалгалын анхны шат болох Анапана бясалгалтай эргэн золголоо. Туйлын дээд амгаланд хүргэж үл чадах найман самаадхи хийгээд хатуу бэрхшээлт хатуужлын аль аль нь үр дүнд хүргээгүй учраас түүний сэтгэл өөрийн бие цогцсонд агшин бүр илрэх үнэн тийш хөтлөгч, орж гарах амьсгалын зүг ханджээ.

Удаж төдөлгүй дотоод дахь мөнх бус шинж чанарыг туршлагаараа олж мэдрээд түүнд үл шунах сэтгэлийг үүсгэгч Випашяна бясалгалыг хийснээр бие сэтгэлийн чанад дахь туйлын үнэнд хүрч чадах байлаа. Энэ бясалгалыг хийхэд бие эрч хүчтэй, эрүүл саруул байх ёстой гэдгийг ойлгож, туйлшралын замыг орхин илч тэжээлтэй идээ зоог хэрэглэх хэрэгтэй болов. Иймээс шидэж орхисон шавар бадар аягаа авч, холгүй орших тосгон луу арай ядан алхаж эхэллээ. Зургаан жилийн өмнө энэ хатуужлыг эхлэх үед бодхисатвыг хайж хаант улсын нийслэл Капилвастугаас гарсан таван бярман хөвгүүн түүнтэй ирж уулзсан бөгөөд даяан бясалгал хийхэд хажууд нь байж, үйлчилдэг байлаа.

Тэд бодхисатвыг хатуужил хийхээ зогсоож, бадар аягаа аван тосгоны зүг явахыг хараад итгэл алдран, түүнийг орхин Варанаси хотын ойролцоох Риши-патан-миргдаая цэцэрлэгийн зүг оджээ. Энэ нь сайн ч хэрэг болов. Номын ёс үйлчилж, бодхисатвад туслах нь тэрээ. Одоо хийж үзэхээр зэхэж буй бясалгалд гав ганцаараа байх нь маш чухал байлаа. Анапана болон Випашяна бясалгал хийж сэтгэлийнхээ гүнд нэвтрэхэд бодхисатвад 15 хоног цор ганцаараа байх сайхан боломж ийнхүү олдсон нь Бурханы хутгийг олон гэгээрэхэд хангалттай хугацаа байв. Нэг хоёр хоног биеэ тэнхрүүлээд энэ аргаа хэрэглэж үзэхээр шийджээ.

Шинийн нэгнээс шинийн 14 хүртэл Анапана бясалгал хийж, Ниранзана голын эрэг дэх бургас модны сүүдэрт бодхисатва гүн бясалгалд оржээ. Шинийн 14-ний шөнө сар зөөлөн илчээрээ огторгуй хийгээд газар дэлхийг гийгүүлсээр. Даяан бясалгал хийхэд үнэхээр тохиромжтой уур амьсгал бүрджээ. Бургас модны сүүдэрт заларч байсан бодхисатва үүнийг бүрэн дүүрэн ашиглаж, Анапана бясалгал хийсээр зөв самаадхиг бат болгожээ. Шөнө дуусах дөхөж байлаа. Хараахан үүр цайгаагүй байв.

Гайхамшигт амгалан тайван бүрдсэн энэ мөчид бодхисатва бие цогцсоо бага зэрэг амраахыг хүслээ. Тэрбээр модны доор хажуулж, хэдхэн хором зүүрмэглэжээ. Зүүрмэглэх тэрхэн агшинд ар араасаа цуварсан таван төрлийн зүүд зүүдлэгдсэн нь ирээдүйг зөгнөсөн байв. Зүүд дуусангуут бодхисатва нойрноос сэрж, зүүдний утгыг тайлахаар бодлогошрон суув.

[1] Эхний зүүд: Бодхисатва бээр өөрийн агуу их том биеийг харжээ. Тэрээр Энэтхэг орныг бүхэлд нь бүрхэн хэвтэж, нарнаас хамгаалах шүхэр мэт харагдана.

Гималайн уулсыг дэр болгон дэрлэж, бойв нь өмнөд Энэтхэгийн Ганнякумарид хүрч, Энэтхэгийн далайд угаагдаж байлаа. Баруун мутар нь Арабийн тэнгист, зүүн мутар нь Бангалийн далайд хүрч, түүний гар хурууг угаах ажгуу. Энэ зүүд нь тооцоолошгүй олон галвын өмнө Дивангар бурханы даяанч Сумедхад “Чи заавал Бурхан болон гэгээрнэ” гэсэн лүндэн биелэлээ олох цаг болсныг зөгнөжээ. Түүний олон амьтанд аз жаргалыг хайрлагч сургааль номлолын нөлөө бүх л Энэтхэг орноор түгэж, өмнөд, дорнод далай хийгээд Гималайн уулын замаар ертөнц даяар түгэн дэлгэрэх болно гэсэн утгыг энэ зүүд агуулжээ.

(Сайн бясалгагч бээр бидний хоёр гарын алга, хоёр хөлийн ул болон толгойн оройгоор мөнх бусын номын долгион урсч байдгийг сайн мэдэх билээ. Огоот туулсан, Бурханы хутгийг олсон түүний тухай ярихын хэрэг юун?) [2] Хоёр дахь зүүд: Бодхисатва бээр түүний хүйснээс өчүүхэн үр соёолж, харсаар байтал удаж төдөлгүй нэг тохой, нэг алд, нэг бээр болон маш хурдан мянга мянган бээр өндөрт ургаж, хязгааргүй огторгуйг бүрхэхийг зүүдэлжээ. Энэ зүүд нь Бурханы сургааль зөвхөн хүний ертөнц төдийгүй тэнгэр брахма нарт хүрч, тэднийг гэгээрэл, ариуслын замд хөтөлнө гэдгийг зөгнөсөн зүүд байлаа. Өөрөөр хэлбэл бодхисатва бээр хүн хийгээд тэнгэрийн их багш болно гэсэн үг.

[3] Гурав дахь зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс өчүүхэн жижиг тооцоолошгүй олон амьтан ирж, түүний өлмийд сөгдөн унаж буйг харжээ. Тэд цагаан өнгийн хувцастай, хар үстэй ажээ. Удаж төдөлгүй тэдний тоо маш хурдан нэмэгдэж, хөлөөс дээш бүчин явсаар өвдгөнд хүрчээ. Энэ зүүд нь цагаан хувцастай, хар үстэй олон тооны гэрийн эзэд Бурханы сургаалийг сонсч, ач тусыг хүртэх болно гэдгийг зөгнөжээ. Цагаан хувцастай, хар үстэй гэдэг нь хар хүнийг илэрхийлсэн тэмдэг билээ. Тэдний хувцас шар биш цагаан, тэд үсээ мулзлуулаагүй хар үстэй байгаа нь тэд хувраг биш, гэрийн эзэн хар хүн гэдгийг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл Бурханы хувраг шавь нараас гэрийн эзэн хар хүмүүсийн тоо хавьгүй олон болохыг энэ зүүд зөгнөжээ. [4] Дөрөв дэх зүүд: Бодхисатва бээр дөрвөн зүгээс дөрвөн өөр өнгийн шувууд нисэн ирж, түүний өвөрт унахыг харжээ. Тэд унангуутаа өнгө нь өөрчлөгдөн бүгдээрээ цэвэр цагаан өнгөтэй болцгооно.

Энэ зүүд нь дөрвөн өөр төрлийн язгууртай (чадрия, брахман, вээшя, шудр) хүмүүс түүний дэргэд ирж, лам хувраг болж, архантын хутгийг олж, ариудан гэгээрэхийг зөгнөсөн зүүд байлаа. Ариудан гэгээрснээр тэд язгуур угсааны өнгөө алдаж, бүгдээрээ нэгэн ижил болох ажгуу. Ганга мөрөн тэргүүтэй олон гол мөрөн далайд унаснаар өөр өөрсдийн ялгаатай байдлаа алдан нэгэн ижил далайн ус болдог шиг янз бүрийн язгуур угсааны хүмүүс хувраг болж бүгд ариун номонд нэгдэж, нэгэн ижил болох болно. [5] Тав дахь зүүд: Бодхисатва бээр хир буртаг дүүрсэн толгод дээгүүр алхаж яваагаа харжээ. Хэдий хир буртгаар дүүрэн ч, өөрт нь өчүүхэн хир буртаг халдахгүй байгааг харжээ.

Энэ зүүд нь туйлын дээд үнэнийг олохын тулд бодхисатва бээр нийгмээс холдож, ой шугуйд даяан бясалгал хийж байсан хийгээд харин одоо Бурханы хутгийг олон гэгээрснийхээ дараа энэрэхүй сэтгэлд автан хир буртаг бүхнээр дүүрэн нийгмийн дунд орж амьдрах хэрэгтэй болно гэдгийг зөгнөсөн зүүд байлаа. Тэдэнд ариусал гэгээрлийн замыг зааж өгөх хэрэгтэй байлаа. Урьдын эхнэр, хүү, эх, ах дүү зэрэг гэр бүлийн хүмүүс төдийгүй хамаг амьтны төлөө энэрэл хайрын хурыг буулгах болно.

Тэдэнд ариуслын замыг заах боловч, өөрөө юунд ч үл шунана. Маш олон тооны хувраг хувцас, эм тариа, хоол унд, идээ будаа, байр сууц, сүм хийд өглөгөнд ирэх боловч өөрийн хэрэгцээнээсээ илүү өчүүхэн ч үл хэрэглэнэ. Муу муухайгаар дүүрэн нийгэмд амьдрах боловч түүнд огтхон ч үл автан, цэвэр ариун номын амьдралаар амьдрах болно. Зүүднийхээ утгыг ийнхүү тайлан бодож байх үед хажуу тосгоны Сужатагийн зарц түүнийг хараад, модны тэнгэр хэмээн сэтгэж эзэгтэйдээ мэдэгджээ. Зүүдний тухай бодол өндөрлөж байтал Сужата сав дүүрэн кийр (цагаан хоол) авчирснаас 49 үмхийг зооглоод бодхисатва бээр бясалгалдаа гүн орлоо.

Энэ явдлаас хойш 24 цаг өнгөрөх буюу дараа шөнийн тэргэл сар баруунаа хэлбийх үед бодхисатва бээр Бурханы хутгийг олон гэгээрнэ. Тэрээр огоот туулсан Бурхан болж, бодхисатва байх үедээ зүүдэлсэн зүүд нь дэс дараалан биелэлээ олохыг харжээ. Үнэхээр их гайхамшигт өлзий хутаг болох нь энэ билээ.