Оскарын шагналт киноны гол дүрийг бүтээсэн монгол өвгөн Мунзук...


2018-05-05 18:11:06 5

Сэтгүүлч Л.Баатархүү

    Японы алдарт найруулагч Күросава Акирагийн Оскарын шагналт, 70мм-ийн хальсанд бичсэн анхны бөгөөд цорын ганц “Дерсу Узала” киноны гол дүр нь монгол /тагна тува урианхай/ өвгөн Мунзук гэж эгэлгүй нэгэн авъяастан байв. Энэ гайхалтай эрхмийн талаар товчхон мэдээллийг уншигч та бүхэнд хүргэх гэж байна. Магадгүй “Оскарын шагналт” киноны гол дүрийг бүтээсэн “монгол хүн” гэхээр эл мөрийг уншиж буй та төдийлөн итгэхгүй байх.

Уг киноны гол дүрийн талаар нэгэн үзэгч өөрийн блог хуудсандаа ийн үнэлж, дүрсэлсэн байдаг. “Зовлон жаргалын гэрч болсон атираа бүхий нар, салхинд гандсан бор царай, майга хөл, ноорхойдуу хувцас, намхавтар биетэй ази царайтай хүн. Энэ бол түүний гадаад төрх. Харин Дерсу Узалагийн дотоод сэтгэл нь булгийн ус шиг тунгалаг бас эхийн сүү шиг цагаан гэдэг нь киноны явцад улам бүр тод харагдаж байна” гэжээ. Гэхдээ тэр, та, би ч монгол хүн гэдгийг анзаараагүй, тоогоогүй бололтой.

Гэтэл амьдралын бодит дүрээс сэдэвлэн туурвисан уг киноны гол дүр Дерсуг бүтээсэн Мунзук Максим Монгужукович тухайн үеийн Зөвлөлт холбоот улсад “од” нь байжээ, одоо ч гэсэн түүний нэр хүнд хэвээрээ. Эхнэртэйгээ хоёулаа Оросын Ардын жүжигчид. Тэдний хоёр охин нь мөн л жүжигчин, гавьяатууд.

Он цагийн улираанд бидний монгол угсаатан дэлхийн хаа нэгтээ алдар нэрээ мөнхжүүлэн үлдээсэн хэдий ч эх орон дахь монголчууд бид нь тэр болгон мэддэггүй, анзаардаг ч үгүй. “Аа орос, хятадын л нэг биз” хэмээн үл тоосон царайг үзүүлдэг нь ч нууц биш.

Оросын аялагч Владимир Арсеньев 20-р зууны эхээр Сибирийн Сихотэ-Алинь бүс нутгаар хийсэн хэд хэдэн экспедицэд оролцсон тэмдэглэлээсээ дурдатгал болгож 1923 онд бодит дүрээс сэдэвлэсэн Дерсу Узала зохиолыг туурвисан байдаг. Харин үүнийг өнгөрсөн зууны 1975 онд Күросава Акира найруулагч Оросын уран бүтээлчидтэй хамтран зохиолын нэрээр кино туурвижээ. Кино судлаачид “Дүр сонголтыг дээд зэргээр хийсэн, маш оновчтой дүртэй” хэмээн онцолсон нь олонтаа.

Тус кино гарсан жилдээ “Москвагийн кино наадам”-ын тэргүүн мөн Оскарын шилдэг гадаад хэлний кино шагналыг хүртсэн аж. Тухайн үедээ киноны билет нь ЗХУ-д 20.4 сая хувь зарагдсан бол АНУ, Канадад 1,2 сая ам.долларын орлого олжээ. Нэг хэсэг дэлхийн хамгийн шилдэг киноны тэргүүн эгнээнд багтаж байсан Дерсу Узала хэмээх уг киноны гол дүр бидний монгол угсаатан тагна тува урианхай Максим Мунзукын хувийн мэдээллээс товчхон хүргье.

Оросын 20-р зууны хамгийн шилдэг 22 кинонд дүр бүтээсэн Мунзук

   Түүний хувьд 1912 оны есдүгээр сарын 15-д Тувагийн Тандан /тагна урианхайн газар нутаг/ районы Межегей гэдэг газар төрж 1999 онд насан эцэс болжээ. Зөвлөлт, Тувагийн нэрт жүжигчин, амьдралынхаа 60 гаруй жилийг урлагийн алтан тайзнаа өнгөрүүлсэн байдаг. Энэ дашрамд дурьдахад Тувагийн үндэсний театрыг үндэслэгчдийн нэг ч гэдэг. Амьд ахуй цагтаа Оросын ази гаралтай нүүдэлчдийн тухай кино болгонд тоглож байсныг судлаачид бүтээлүүддээ онцлон тэмдэглэжээ. Ингэж явсаар өнөөх дэлхийн хамгийн мундаг найруулагчдын нэг Японы Куросава Акиратай танилцаж удалгүй Дерсу Узалаг хамтдаа бүтээсэн түүхтэй.

Түүнчлэн Мунзук гуай ганцхан жүжигчин ч биш. Бүр найруулагч, дуучин, хөгжмийн онолч, үндэсний урлагийн цуглуулагч байсан гэдэг юм билээ. Мөн Тувагийн театрын нийгмийн олон салбарын дүр бүтээж тухайн үедээ Тува төдийгүй Оросын хамгийн шилдэг 22 кинонд тоглож байсан аж.

            Мунзук гуайн гэргий нь мөн л жүжигчин, тэд хамтдаа 20 гаруй уран сайхны кино, тайз дэлгэцийн олон бүтээлд хамтран тогложээ. Эхнэрийг нь Хара Кыс /Хар охин, тува урианхай/ гэдэг. ЗХУ-ын Ардын жүжигчин, 1918 оны 09 дүгээр сарын 15-нд /нөхөртэйгээ нэг өдөр төржээ/ Урианхайн хязгаарын Чал  Кежике гэдэг газар Номзат Хонековичийн гэрт мэндэлсэн гэж намтарт нь өгүүлсэн байна. Номзат гуайн амьдрал хэцүүхэн, тарчигдуу байсан учраас садангийндаа үрчлүүлжээ. Мөн л Тувагийн Драмын театрыг үндэслэлцэж, 50 жилийн турш Оросын түүхэнд дахь хамгийн чухал дүрүүдийг бүтээсэн байдаг. Тэрээр жүжиглэхээс гадна шүлэг бичдэг байв.

Энэ хоёр авъяастны дундаас хоёр охин, нэг хүү мэндэлсэн. Хоёр охин нь хоёулаа жүжигчин. ОХУ-ын гавъяатууд. Харин хүү нь нисгэгч. Охин Галина Мунзук нь жүжигчнээс гадна ОХУ-ын төрийн ДУМ-д Тува улсыг төлөөсөн төрийн гишүүнээр 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн ажиллаж байна.

 Галина Мунзук

Охин Светана Мунзук

Энэ авъяаслаг гэр бүлийн талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Дашрамд дурьдахад Дэлхийн эсгий туургатны язгуур өв соёл, ёс заншлын төвөөс Мунзукын ар гэрийнхэнтэй холбогдож хамтран ажиллахаар болжээ.

Туульч, соёл судлаач Э.Баатаржав, охиных нь хамт

Бодит дүр Дерсу Узала

Киног бүрэн эхээр нь хүргэж байна


Сэтгэгдлүүд

  • үзэгч

    2018-05-16

    бушуу туулай борвиндоо баастай гэж монголоор хэлж байдаг юмаа.

  • manduhai

    2018-05-15

    Delhiin kinoni tuuhend hovor saihan kinoni neg. Gaihmaar jujigchin, saihan ger bul

  • Цэгмид

    2018-05-08

    Сэтгэлд хоногшсон сайхан дүр бүтээсэн мундаг жүжигчин бна даа.Бид туургатнуудтайгаа ямагт холбоотой байж мэдээлэл солилцох ёстой

  • Хөхөө

    2018-05-07

    үнэхээр гоё гоё кино. дахин дахин үзээрэй. маш гайхалтай зүйлсийг ойлгох болно

  • unshigch

    2018-05-07

    bid hudlaa hoorood l yawaad l bdag. bidnii mongol tuurgatan dotroos gaihaltai humuus mash olon bii. ene huniig odoo l medej bna. uneheer anzaardaggui bje