Хөл хорионы дараах аялал, жуулчлал: Хятадын жишээ


2020-05-01 04:58:40 0

Сэтгүүлч Б.Анхтуяа 

   Коронавирусийн халдварын эсрэг хөл хорио, тусгаарлалт дууссаны дараа аялал ямар байх нь сонирхол татаж байна. Дэлхийн тал нь хаалттай энэ үед халдварын голомт Хятад улсад өвчний тархалтыг зогсоож чадсанаар дотоодын хөл хориогоо цуцалж эхэлжээ. Халдварын эсрэг авч буй арга хэмжээ, эмчилгээ болон өвчний дараа эдийн засгаа хэрхэн сэргээж буйгаараа Хятад улс бусад орнуудад жишээ болж буй. “Hotelmize” аяллын платформын статистик мэдээллээр Хятадад хориог цуцалж эхэлмэгц сүүлийн хэдэн сар бараг зогссон байсан аяллын захиалга огцом нэмэгджээ. Бүтэн хоёр сар гэртээ хоригдсон хүмүүс “өс авах” аялалд гарч, тавдугаар сард дотоодын жуулчдын урсгал дээд хэмжээндээ хүрэх тооцоо гарсан байна.

“Hotelmize” сайтын мэдээллээр зочид буудлуудын захиалга нийтдээ хоёр тэрбум гаруй ам.долларт хүрчээ. Хятадын аялал жуулчлалын агентлагуудын  судалгаагаар коронавирусийн халдварыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зогсоож чадвал санал асуулгад оролцогчдын 60 хувь нь аялна гэж хариулжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 32 хувь нь аль хэдийнэ долоо, наймдугаар сард аялахаар төлөвлөсөн аж. Нөгөө талд Хятад руу аялах хүмүүсийн тоо ирэх зургадугаар сараас өсч, тавдугаар сартай харьцуулахад 47 хувиар нэмэгдэнэ гэж “Hotelmize” мэдээлжээ.

Хятадын зочид буудлын захиалга халдвар тархаж эхэлсэн үе буюу өнгөрсөн нэг, хоёрдугаар сард Засгийн газраас хөл хорио тогтоосноос 300 хувиар буурсан бол өдгөө тэд үйл ажиллагаагаа сэргээж эхэлжээ. Хятадын эх газрын зочид буудлын өрөө захиалга өнгөрсөн хоёрдугаар сард дөнгөж 7,4 хувьтай байсан бол өнгөрсөн гуравдугаар сарп 31,8 хувь болж өсчээ. Зочид буудлуудын зүгээс ч үйлчлүүлэгчдэдээ хямдрал, урамшуулал олгож байна. Хятадын 23 сая зочид буудлын статистик мэдээллээр захиалга хамгийн бага байхад орлого нь 30 хувьтай байжээ.

Халдварын тархалт саарснаар Хятадын Засгийн газраас Бээжин хот, Хубэй муж, Тьянжинд тогтоосон онц байдлыг сулруулж, хүмүүсийн хөл хөдөлгөөнийг зөвшөөрч эхэлжээ. Халдварын эрсдэл багатай бүс нутгаас ирсэн иргэд Бээжинд заавал 14 хоног тусгаарлагдах шаардлагагүй болсноор хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Ингэснээр Хятадад энэ тавдугаар сард болдог тав хоногийн амралттай “Ажилчдын баяр”-аар дотоодын аялал, жуулчидтай холбоотой захиалга огцом нэмэгдэх төлөвтэй байна.

Хятадын тээврийн сайдын мэдээлснээр тав хоногийн амралтын өдрүүдээр 117 сая хүн аялж, хөдөлгөөнд орох хүлээлттэй байна. Бээжин хотын хөл хорионы дэглэмийг сулруулсныг зарласнаас 30 минутын дараа л гэхэд “Qunar” аялал захиалгын аппликейшнд Ченьду, Чунцинь, Шанхай, Ханжоу, Чангша зэрэг хотууд руу аялах нисэх онгоцны тийзийн захиалга 15 хувиар, цагийн дараа 500 хувиар огцом нэмэгджээ. Түүнчлэн Бээжин хотын хориотой хотыг нээж, өдөрт үйлчлэх хүний тоог 5000 болгож бууруулсан ч тав хоногийн амралтын өдрүүдийн тасалбар 12 цагийн дотор зарагдаж дууссан аж.

Гадаадын олон оронд халдварын тархалт өндөр, хөл хориотой байгаа учраас Хятадын иргэд эхний ээлжинд дотооддоо аялж байна. “Trip.com” сайтаас өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Хятадын 100 хотод 15 мянган хүний дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 16 хувь нь тавдугаар сарын амралтын тав хоногоороо аялахаар төлөвлөсөн гэсэн бол 61 хувь нь наймдугаар сараас аялна гэжээ. Судалгаанд оролцогчдын 90 хувь нь дотооддоо буюу  Юньнань муж, Хайнань арал, Шанхай зэрэг чиглэлд аялах нь эрсдэл багатай гэж үзсэн байна.

Хэдийгээр халдварын нөхцөл байдлаас шалтгаалан гадагшаа аялах нь эрсдэлтэй боловч олонх хятадуудын хувьд гадаад аялал хүслийн жагсаалтын хамгийн дээр байрладаг аж. Гэхдээ коронавирусийн халдвараас болж хятадуудын эсрэг арьс өнгөөр ялгаварлах үзэл тэднийг аяллын маршрутаа сонгоход нөлөөлнө гэж харж байна. Коронавирусийн цар тахлаас болж аяллаа цуцалсан хүмүүсийн 55 хувь нь өвчин зогссоны дараа заавал аялна гэж “Fliggy” платформын санал асуулгад хариулжээ.

Түүнчлэн “COVID-19” өвчний дараа аялахад тохиромжтой орнуудын жагсаалд өөрчлөлт орох төлөвтэй байна. Судалгаагаар Япон руу аялагчдын тоо 18 хувь, Тайланд 14 хувь, Европ 14 хувиар нэмэгдэх бол Малдив арлууд, Сингапур, Шинэ-Зеланд, Австрали, Өмнөд Солонгос, Шри-Ланка, Малайзыг зорих урсгал мөн өсөх гэнэ. Гэхдээ одоогоор эдгээр орнуудын олонх нь хөл хорио, тусгаарлалтын дэглэмтэй хэвээр байна