богино мэдээ New

"Тууштай бодлогын үр дүнд шинэ тэнцвэрийг хангах боломжтой"

Энэ оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засаг 2.5 хувийн өсөлттэй гарсан. Богино хугацаанд буюу оны эцэст 2.3 хувийн өсөлт үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна. .
-Макро эдийн засгийн цогц бодлогыг үргэлжлэн хэрэгжүүлэх нь зохистой-
 
сэтгүүлч Б.Баяртогтох
 
Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч Ш.Алтанцэцэгтэй эдийн засагт тулгарч буй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Төсвийн нэгдмэл байдлыг улам сайжруулж, бэхжүүлэх хэрэгтэй хэмээн тэрбээр үзэж байна. 
 
-Монголын эдийн засгийн талаарх ээлжит тоймоо Дэлхийн банк тун саяхан танилцуулсан. Шинэ тайлангаар дамжуулж Засгийн газар болон Монголбанкинд хандаж ямар бодлогын зөвлөмжийг санал болгосон бэ?
 
-Дэлхийн банкны эдийн засагчдын баг манай улсын макро эдийн засгийн бодлогын орчинд ямар өөрчлөлт гарч байгааг ажиглаж, өөрсдийн тооцоо судалгаанд тулгуурлан тодорхойлж байна. Ингэснээр судалгааны тоо баримт, түүний үр дагаварт дүн шинжилгээ хийж, шаардлагатай дүгнэлтийг гаргадаг. Тухайн дүгнэлтэд үндэслэн эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлбэл илүү зохистой, энэ чиглэлд хэрхэн ажиллах нь одоогийн байгаа түвшнээс давсан нааштай үр дүнд хүрэх боломжтойг зөвлөмж дотроо илүү нарийн тусгасаар ирсэн. Дэлхийн банкнаас өмнөх хоёр жилийн турш Засгийн газар болон Төв банкинд танилцуулж байсан макро эдийн засгийн бодлоготой холбоотой зөвлөмж шинэ тайланд дахин орж ирсэн. Өөрөөр хэлбэл, бидний өмнө нь хэлж, сануулж байсан дүгнэлт давтагдсан гэсэн үг. Тиймээс эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлж буй бодлогын арга хэмжээгээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, авч хэрэгжүүлж хараахан амжаагүйг нь эхлүүлэх хэрэгцээ шаардлага байна. 
 
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
 
-Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны төлөв байдал тун өөдрөг, нааштай хандлагатай байна. Уул уурхайн асар их нөөц баялаг нь эдийн засагт шинэ боломж, бололцоог олгох төдийгүй нөхцөл байдлыг хувиргах боломжтой.  Энэ утгаар нь авч үзвэл Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал урт хугацаанд эерэг хэвээр. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засаг 2.5 хувийн өсөлттэй гарсан. Богино хугацаанд буюу оны эцэст 2.3 хувийн өсөлт үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Өнөөгийн нөхцөл байдлаа харгалзаж үзээд ирэх оны эцэст эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцооллыг хийсэн. Үүгээр эдийн засаг 0.8 хувийн өсөлттэй гарахаар байгаа юм. Нэг зүйлийг цохож хэлэхэд, өнөөдрийн бид бүхний хийж буй эдийн засгийн тооцоолол одоо авч хэрэгжүүлж байгаа бодлого, гадаад, дотоодын эдийн засгийн орчны нөхцөлд байдалд үндэслэсэн гэдгийг тодруулъя. 
 
-Бодлогын өөрчлөлт гарлаа гэхэд дээрх өсөлтийн таамгийг шинээр зурахад хүрнэ гэж ойлгож болох уу?
 
-Тийм ээ, Дэлхийн банкны зүгээс жилд 2-3 удаа тооцооллоо шинэчилдэг. Тухайн улирлын дэлхийн болон бүс нутгийн  эдийн засгийн байдал, хандлага, цаашдын төлөв, Монгол Улсын эдийн засаг ямар байгаагаас шалтгаалан тооцооллоо тодотгож,  байнга шинэчилж байдаг. Миний хэлсэн дээр дурдсан тоонууд эдийн засгийн өсөлтийн тодорхой таамгуудад тулгуурласан. Энэ дотроо дунд хугацаанд эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байгаа боловч ирэх оны эхний хагас жилд гадаад эдийн засаг, ялангуяа энэ гадаад зах зээл дээрх голлох бараа бүтээгдэхүүний үнийн байдал өөдрөг бус байгаа нь дунд хугацааны төсөөлөлд голчлон нөлөөлж байна. Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байгааг онцлон авч үзсэн. 
 
-Өөр ямар хүчин зүйл дунд хугацааны эдийн засгийн нөхцөл байдалд нөлөөлж байна вэ?
 
-“Оюутолгой”-н далд уурхайгаас олборлох зэсийн хүдрийн баяжмалын агуулгын хэмжээ хүлээлтээс доогуур байх тооцоолол гарснаас үүдэж ирэх оны эдийн засгийн өсөлтийг зарим талаар бууруулж тооцсон. Манай байгууллага 2015 оны эдийн засгийн өсөлтийн таамгаа өмнө нь 3.3 хувиар тооцоолж байсан бол сүүлийн прогнокоор 2.3 хувь болгож бууруулсан. Үүнд байгаль цаг уурын нөлөөлөл, үүнээс үүдсэн ургацын хэмжээ буурсан зэрэг нь голлох шалтгаан болсон. Мөн гуравдугаар улирлын эцсийн байдлаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бидний хүлээж байснаас доогуур үзүүлэлттэй гарлаа. Эдгээр хүчин зүйлээс болж энэ оны өсөлтийг бууруулж тооцсон. 
 
-Эдийн засагт сайжрах шинж тэмдэг байна уу?
 
-Хэрэв ирэх оны хоёрдугаар хагасаас дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ сайжирвал тэр хэрээр Монгол Улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх талтай. Үүнийг дагаж уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тэр дундаа экспортын хэмжээ нэмэгдсэнээр манай эдийн засгийн өсөлт эргэж сэргэх боломж бий. Цаашилбал уул уурхайн салбарын сэргэлтийн нөлөөгөөр энэ салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж ирсэн уул уурхайн бус салбарын өсөлтөд томоохон өөрчлөлт гарах боломжтой. Тиймээс үүнийг ирэх оны хоёрдугаарт хагасаас манай эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх хүчин зүйл гэж харж байна. 
 
-Ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэх үед зээлийн хүүг бууруулах ёстой гэсэн байр суурь нэлээн түгээмэл байсан. Зээлийн хүүг бууруулах эдийн засгийн орчин бүрдсэн үү? 
 
-Засгийн газраас авч хэрэгжүүлж буй макро эдийн засгийн цогц бодлого чамлахааргүй амжилттай хэрэгжиж байна. Эдийн засагт эерэг нөлөө гарах, тэр дотроо төлбөрийн тэнцэл сайжрах, инфляцийн түвшинг тогтворжуулахад энэ бодлого ашиг тусаа өгч, ихээхэн дэмжлэг боллоо. Тиймээс ирж буй хугацаанд  ч гэсэн мөнгөний бодлогоо амжилттай хэрэгжүүлэхийн тулд дээрх макро эдийн засгийн цогц бодлогыг хөтөлбөрийнхөө дагуу тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөл байдлаа аваад үзэхэд Засгийн газар макро эдийн засгаа тогтворжуулах, төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж байгаа боловч биднээс үл шалтгаалах гадаад орчны эрсдэл хадгалагдаж байна. Түүнчлэн сонгуулийн мөчлөгтэй эдийн засгийн хүндрэл давхцсан. Энэ нөхцөлд манай байгууллагын зүгээс одоо хэрэгжүүлж буй мөнгөний бодлогоо гадаад, дотоод эрсдэлээс үл шалтгаалан  үргэлжлүүлэх нь чухал. Ингэснээр богино болон дунд хугацаанд макро эдийн засаг тогтворжих, улмаар эдийн засгийн өсөлт сэргэхэд гол суурь нь болж өгнө гэж үзэж байна. 
 
-Монголбанкны зүгээс эдийн засгийн шинэ тэнцвэрт хүрэх бодлогыг танилцуулсан. Төсөв алдагдалтай байгаа үед шинэ гараанаас бүхнийг эхлүүлэх боломжтой юу. Шинэ тэнцвэрийн бодлогыг Дэлхийн банк хэрхэн хүлээж авсан бэ?
 
-УИХ-аас баталсан ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд шинэ тэнцвэрийн бодлогыг Төв банк томъёолж гаргаж ирсэн. Дэлхийн банкны зүгээс макро эдийн засгийн тэнцвэрийг дунд болон урт хугацаанд хангах бодлого хэмээн ойлгож байгаа. Макро эдийн засгийн цогц бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа урсгал дансны алдагдлыг багасгах, алдагдлыг багасгаснаар төлбөрийн тэнцлээ сайжруулах, төсвийн нэгдмэл байдлаа хангах шаардлага бидэнд үүссэн. Эдгээрийг тууштай хэрэгжүүлж чадвал шинэ тэнцвэр хангагдах боломжтой. Үүнээс гадна анхаарлаас гадуур орхиж болохгүй зүйл бол гадаад нөхцөл байдал гэдгийг санах ёстой. Энэ байдалтайгаа уялдуулж, түүндээ тохируулж төсөв, мөнгөний бодлогыг өөрчлөх, тохиргоо хийх зайлшгүй шаардлагатай. 
 
-Төсвийн нэгдмэл байдал, зохистой бодлого гэж сүүлийн үед зарим судалгааны байгууллага, эдийн засагч нар онцлох болсон. Үүнийг хэрхэн ойлгож, ямар түвшинд авч хэрэгжүүлэх ёстой вэ?
 
-Монгол Улсын хэмжээнд улсын төсвөөс санхүүжилт авч хэрэгжиж буй бүхий л үйл ажиллагаа  нэгдсэн төсөв гэсэн томьёолол дор хамаарч хуулийн дагуу ил тод байх учиртай. Энэ үйл явцыг л төсвийн нэгдмэл байдал гэж хэлж байгаа юм. Бидний хувьд төсвийн нэгдмэл байдлыг улам сайжруулж, бэхжүүлэх, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа, төсвөөс эргэн төлөгдөх зээл, Засгийн газрын баталгаатай болон арилжааны шинжтэй зээлийг нэгдсэн төсөвт хамруулж тооцох ёстой гэсэн байр суурин дээрээ бат зогсож байгаа. Мөн Төв банкны зүгээс хэрэгжүүлж байгаа хагас төсвийн шинжтэй хөтөлбөр байна. Энэ бүхнийг төсөвт тусгаж, нийлүүлж хамтад нь авч явах шаардлага бий. Гэхдээ өнгөрсөн хугацаанд томоохон ахиц дэвшил гарсан. Энэ нь Хөгжлийн банкны төсвөөс эргэн төлөх хөнгөлөлттэй зээлүүдийг улсын төсөвт тусгадаг болсон явдал. Үүнийг Монгол Улсын төсвийн нэгдмэл байдлыг хангахад хийсэн гол арга хэмжээний нэг гэж харж байгаа. Тиймээс цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. 
 
-Тухайлбал, яаж...
 
-Мөнгөний бодлоготой холбож ярихад энэ онд Төв банкнаас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлж эхэлсэн нь томоохон алхам болсон. Үүнийг ирэх онд үргэлжлэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Үнэ тогторжуулах хөтөлбөр болон Хөгжлийн банкны зарим зээлийг төсөвт тусгаж тооцдог болсон нь макро эдийн засгийн цогц, нэгдмэл бодлогыг хэрэгжүүлэхэд төдийгүй дунд хугацааны эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ. Эдгээрээс гадна орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг Засгийн газарт шилжүүлэх, үүнийг Засгийн газар өөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй байна. 
 
-Мөнгөний бодлогын зөвлөл хамгийн сүүлд ээлжит хурлаа хийхдээ бодлогын хүүгээ бууруулах, хэвээр үлдээх асуудлыг хэлэлцэж, түр завсарласан. Хүүг бууруулснаар эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө илэрч болох вэ?
 
-Жилийн өмнө буюу өнгөрсөн оны эцэст чанаргүй зээлийн хэмжээ таван хувьтай байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар долоон хувь болж өсөх хандлага ажиглагдаж байна. Эдийн засгийн идэвхжил саарсан, тэрчлэн гадаад, дотоод эдийн засгийн байдалтай холбоотойгоор эрэлт буурсан. Гадаад зах зээлд экспортын бүтээгдэхүүний үнийн  байдал Монголын нөхцөлд тааламжтай биш байгаа. Манай худалдааны гол түнш урд хөршийн эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй байна. Гадаад орчин бол товчхондоо эрсдэлтэй хэвээр гэдгийг дээр тэмдэглэсэн. 
 
Хэдий дотоодын эдийн засагт эерэг үзүүлэлт гарч, урсгал дансны алдагдал буурч, инфляци мөнгөний бодлогын энэ оны баримт бичигт тусгаснаас хамаагүй доогуур байгаа боловч гадаад эрсдэлээ тооцохгүй бол болохгүй. Манай эдийн засаг, экспортын ихэнх хэсэг нь гадаад орчноос хамаарч байдаг. Тиймээс өнөөгийн нөхцөлд Төв банкны зүгээс хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогод өөрчлөлт оруулж болох, эсэх нь эргэлзээтэй. Бидний зүгээс байр сууриа маш тодорхой буюу дээр макро эдийн засгийн цогц чанга бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгээ илэрхийлсэн. 
 
-Эдийн засагт тулгарч буй өөр ямар эрсдэл байна вэ. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн сард харьцангуй тогтвортой байсан. Монголбанкны валютын ханшийн бодлогод ямар нэгэн алдаа байна уу?
 
-Төв банк монгол төгрөгийн америк доллартай харьцах ханшийн хэмжээг аль болох уян хатан тогтоох нь оновчтой. Цаашид Монголбанкнаас интервенцийн тоо, хэмжээг цөөлөх, бууруулах тал дээр түлхүү анхаарвал зохистой. Гадаад валютын дуудлага худалдаа нь богино хугацааны ханшийн эрсдэлээс хамгаалах зорилгоор авдаг түр зуурын л арга хэмжээ. Тиймээс үүнийг байнга биш, онцгой шаардлага гарсан үед нь зохион байгуулах зөвлөмжийг манайхаас санал болгосон. Үүнээс гадна чанаргүй зээлийн хэмжээ өсөх хандлагатай байгааг дурдсан. Энэ нөхцөлд арилжааны банкууд зах зээлийнхээ эрсдэлийг зохих ёсоор нь үнэлж, жигнэх хэрэгтэй. Төв банкны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 оноос олгосон зээлүүдэд үзүүлсэн зохистой харьцааны хөнгөлөлт буюу эрсдэлийн жинг тэгээр ногдуулсан байгааг нэн даруй цуцалж банкны системийн ил тод, найдвартай байдлыг сайжруулах нь зүйтэй байна.