Монгол Улсын нэрийг барьж таван сая ам.доллар залилжээ


2017-05-23 14:09:17 1

Сэтгүүлч Т.Цолмонсайхан /www.tug.mn/

    Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа Хятад Улсын томоохон хөрөнгө оруулагч компаниас “…зам барьж өгнө…” хэмээн таван сая ам.доллар залилжээ. Тэрээр “ Монголд хоёрхон ерөнхийлөгч байдаг. Нэг нь Ц.Элбэгдорж, нөгөө нь би байна даа… Би МУ-д хэн зам тавих эсэхийг шийддэг. Ажил гэдгийг дор нь гялалзуулдаг хүн гэж намайг л хэлнэ…” гэх мэтээр өөрийгөө рекламдсаар их хэмжээний мөнгө авсан боловч өнөөдрийг хүртэл нэг сантиметр ч зам тавиагүй байна. Түүний уг үйлдэлтэй холбоотойгоор ХУД-ийн Цагдаагийн I хэлтсээс шалгасан боловч 2015 онд дүүргийн II прокурорын газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр өнөөдрийг хүртэл хохирогчид  нэг ч төгрөг өгөлгүй улсын нэр хүнд, төр засгаас итгэж олгосон эрх мэдэл, албан тушаалыг хувийн ашиг сонирхлын дагуу урвуулан ашиглажээ.

Т.Бямбаа мэт хүмүүсээс шалтгаалан Монгол Улсад итгэж, хамтарч ажиллах гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулсаар сайд дарга нар гадаад томилолт бүрээр зээл хүсэж “гуйлгачилж” байна. Улсын нэр хүндийг ашиглан луйвар хийсэн энэ мэт хүмүүст төр засаг, хууль шүүхийн байгууллагаас чангахан хариуцлага тооцож гадаадын хөрөнгө оруулалтыг буцаасан нөхдөд сануулахаар… Т.Бямбаа нь залилж авсан 5 сая ам.доллараараа “Зам тээврийн хөгжлийн яам болон тухайн үеийн эрх мэдэлтнийг авлигадаж Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг горилсон, тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт хийх эрхтэй болсон гэгддэг. Монгол Улс түүхэндаа анх удаа төрийн бус байгууллагад итгэж төрийн үйлчилгээг даатгасан боловч тэрээр зөвхөн амин хувийн ашгаа бодож гэмт хэрэг үйлдэх замаар улсынхаа хөгжлийн алхамыг чөдөрлөсөн юм.

Таван  сая ам.доллар залилсан гэгдэх Т.Бямбаа гэж хэн бэ?

  • Т.Бямбаа нь ШУТИС-ийг замын инженер мэргэжлээр төгссөн.
  •  2008 оноос Монголын авто замчдын холбооны тэргүүнээр ажиллаж эхэлжээ.
  • 2011 онд Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллах болсон.
  • 2015 оны 12 дугаар сараас эхлэн замын тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлтийг хийх эрхийг Зам тээврийн хөгжлийн яамнаас МАЗХ-нд олгосон нь гадаадын тэргүүлэгч компанийг залилсан мөнгөөр энэ их эрх мэдлийг гартаа оруулсан гэгдэг таамгийг төрүүлээд байгаа юм.
  • 2016 оны 9-р сарын 20-ныг хүртэлх жил хүрэхгүй хугацаанд тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт 170 хийж, эдгээр компаниуд тусгай зөвшөөрлөө авсан байдаг.

Т.Бямбаа хэргээ хүлээсэн ч ХУД-ийн прокуророос хэрэгсэхгүй болгожээ

“Берун майнинг” групп нь Т.Бямбаа гэгчид таван сая ам.доллар залилуулсан тухайгаа 2014 онд цагдаагийн байгууллагад хандсан аж. Гэтэл прокурорын байгууллагаас хэргийг 3 сар шалгасны эцэст учир битүүлэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ. Шалгагдаж байх хугацаанд Т.Бямбаа нь өөрийн өгсөн мэдүүлэг бүрт “ …залилсан мөнгөө эргүүлэн төлөх тухай дурьдаж, хэргээ хүлээн зөвшөөрсөн…” хэмээн тэмдэглэгджээ. Прокурорын уг шийдвэр нь “Берун майнинг” группын төлөөлөгчдөд монголын хууль хяналтынхан гэмт хэрэгтнүүддээ ял завшуулж, хөрөнгө оруулагчдыг хохироодог гэх ойлголтыг төрүүлж байсан ч Монголд шударга шүүх байдаг гэх итгэл нь дахин прокурорын байгууллагад хандахад хүргэжээ.

Үргэлжлэл бий…

 


Сэтгэгдлүүд

  • unshigch

    2017-05-23

    oo yadag malnuud ve. ene humuus toriin nereer ingej l idej bga shde. harmasmaar bna