богино мэдээ New

М.Энхсайхан: Нүүрсний үнэ тэнгэрт хадахгүй ээ

Тавантолгой төсөл урагш ахиж байгаа шинж тэмдэг надад харагдахгүй байгаа. Өнөөх л хуучин хэрүүл уруулын шинжтэй явган яриаг л хэвлэл мэдээллээс харах юм.

-Сонгуулиар ирдэг сонгуулиар явдаг хүмүүс мегатөсөлд хариуцлагатай ханддаггүй юм билээ-

Тоймч Ж.Нямсүрэн /www.news.mn/

Шинэ оны өмнө Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг томилсон. Уг томилгооны дараа тэрбээр МҮАН-ын даргын албан тушаалаа өгсөн. Ийнхүү Монголын улс төрөөс түр завсарлага авч, Швед нисэхээр бэлтгэж буй түүнтэй уулзаж ярилцсанаа уншигч та бүхэндээ хүргэе.

-Швед рүү хэзээ мөдгүй нисэх гээд бэлтгэлээ базааж байна уу. Явахаас чинь өмнө уулзаж танаас ярилцлага авахыг хүссэн юм?

-Ямар сэдвээр?

-Та Монголын Улсын 18 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан улстөрч, эдийн засагч хүн. Тавантолгойн төсөл, нүүрсний үнэ, дэлхийн хөгжлийн чиг хандлага, хоёр хөршийн эдийн засаг, Монголын бодлогын талаар гээд асуух асуулт олон л байна?

-Асуу, асуу.

-Өнөөдрийн улс төрийн халуун сэдэв дахиад л Тавантолгой болж байна. Шинэ засаг Тавантолгойг хөдөлгөх сонирхолтой байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг, мэдээлэл нь нууц байна. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байсан хүний хувьд Тавантолгой ойрын хугацаанд хөдлөх шинж байна уу. Та бол Тавантолгойн төслийн талаарх мэдээллийг байнга өгдөг байсан. Тэр чинь алдаа дагуулсан гэж боддог уу ?

-Тавантолгой төсөл урагш ахиж байгаа шинж тэмдэг надад харагдахгүй байгаа. Өнөөх л хуучин хэрүүл уруулын шинжтэй явган яриаг л хэвлэл мэдээллээс харах юм. Тавантолгой болон бусад мегатөсөлд хандахдаа “ил тод байх”-ыг ажил хариуцаж байгаа хүмүүст зөвлөмөөр байна. “Ил тод бусаар хийгдэж байгаа аливаа мегатөсөл унах тавилантай” гэдгийг хатуу ойлгомоор байна. Энэ бол миний зөвлөгөө бишээ. Мегатөслийн шинжлэх ухаан ингэж зөвлөөд байгаа юм. Том төсөл мега гэж хэлэгдэхийн учир нь улстөржилт заавал дагуулдаг, хардлага, сэрдлэг дагуулдаг, хүний ааш араншинтай сүлэлдэж байдаг, олон сонирхлын уулзвар дээр оршдогт байгаа. Мегатөслийг амжилтанд хүргэх арга зүйд нь “ил тод байх” явдал заавал ордог. Үл тоовол мегатөсөл дэмий цаг, хөдөлмөр, мөнгөний гарз болох аюултай.

-Та нэгэнтээ мегатөслийг хүн хийдэг, байгууллага хийдэггүй юм гэж байсан. Тавантолгой ч улс төрийн хэрүүл болоод дууслаа. Цаашдаа монголчууд мегатөслийг хэрэгжүүлэхдээ юуг анхаарах ёстой юм бэ?

-Мегатөсөл бол хөгжлийн загвар модель юм. Дараа дараачийн мегатөсөлд Засгийн газар сэтгэлээ чилээгээсэй гэж бодож байна. Тухайлбал, УБТЗ-ыг хос болгох чиглэлээр нэлээд ажил хийж болохоор байгаа. Орос, Хятад, Монгол талд аль алинд нь бизнесийн ашигтай байхаар төслийг бүрэн боловсруулж болох юм. Гурван орны төрийн тэргүүн нарын тохиролцсон Эдийн засгийн корридор стратегид хамгийн нийцэмжтэй санагдаж байгаа. Монголоор дамжих газрын тосны транзит хоолой ч ашигтай төсөл болгож болох юм. Энэ бүгдийг хийхийн тулд Засгийн газар хөрөнгө гаргаж, эзэн бие бүхий хүнд хариуцуулж, хариуцлага нэхэж ажиллавал зүгээр санагдаж байна. Ингэж хэлэхийн учир нь “мегатөслийг хүн хийдэг, байгууллага хийдэггүй” гэдэг алтан дүрмийг баримталсан хэрэг. Сонгуулиар ирдэг сонгуулиар явдаг хүмүүс мегатөсөлд хариуцлагатай ханддаггүй юм билээ.

Мегатөсөл асар их хөрөнгө мөнгө шаардана. Их мөнгө олохын тулд эхлээд их мөнгө зардал болгон гаргах шаардлагатай. Үүнийг манайхан ойлгодоггүй. Их хэмжээгээр нүүрсээ олборлохын тулд их том хэмжээний хэрэглэгчидтэй байх ёстой. Үүнийг бас манайхан ойлгодоггүй. Нүүрсийг нь гаргангуут гадныхан булаалдаад авах шахуу юм бодоод байж байдаг. Тогтвортой зах зээлээ олж баталгаажуулахгүйгээр том олборлолт хийхийн арга байхгүй.

-Тэгвэл Тавантолгойн цахилгаан станцын төсөл юу болж байгаа бол, та сонирхож үзсэн үү. Ажлыг нь эхлүүлж, багагүй нугалж өгсөн хүний хувьд асууж байна л даа?

-Тавантолгойн цахилгаан станцын төсөлд Японы "Марубени" компани хөрөнгө оруулагчаар тодорсон. Төслийн санхүүжилтийг бүрэн босгох их ажлыг банкуудтай амжилттай хийж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Мөдхөн шаваа тавих байх гэсэн итгэлтэй байгаа. Энэхүү төсөл энэ цаг үед манай эдийн засагт тун тус болохоос гадна гадаадын хөрөнгө оруулалтад монголчууд хэрхэн хандах вэ гэдгийг харуулах жишиг төсөл болоосой гэж бодож байгаа. Улстөрчид яаруулах, төслийг түргэвчлэхийг шаардаж элдэв араншин гаргах явдал байлгүй яахав л гэж бодож байгаа. Японы хөрөнгө оруулалтыг битүүхэндээ эсэргүүцэх улс төртэй битгий хутгаасай гэж заримдаа санаа зовж байгаагаа шуудхан хэлчихье.

-Тавантолгой төслийг төр өөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг улстөрч олон. Монголын төр өөрөө ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна уу?

-Жижигхэн хэмжээнд довоо шарлуулах хэмжээнд төр өөрөө бүгдийг хийнэ гээд байж болно оо. Дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд гэвэл үнэндээ манай төр дангаараа чадахгүй. Мегатөсөл асар их хөрөнгө мөнгө шаардана. Их мөнгө олохын тулд эхлээд их мөнгө зардал болгон гаргах шаардлагатай. Үүнийг манайхан ойлгодоггүй. Их хэмжээгээр нүүрсээ олборлохын тулд их том хэмжээний хэрэглэгчидтэй байх ёстой. Үүнийг бас манайхан ойлгодоггүй. Нүүрсийг нь гаргангуут гадныхан булаалдаад авах шахуу юм бодоод байж байдаг. Тогтвортой зах зээлээ олж баталгаажуулахгүйгээр том олборлолт хийхийн арга байхгүй. Монголчууд өөрсдөө мегатөсөл хэрэгжүүлж үзээгүй байна. Эрдэнэтийг оросуудаар, Оюутолгойг гадныхнаар хийлгэсэн, бидэнд мэдлэг, туршлага дутагдана. Гол нь санхүүгийн хувьд манай төр мегатөсөл хийх их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж чадахгүй. Өр зээлийн дарамтанд байгаа Монгол Улсад банкуудаас төрийн нэр дээр зээл босгоно гэдэг бол худлаа гэдгийг ойлгох цаг болсон байхаа.

-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсөөд байгаа. Энэ нь Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөж чадах болов уу?

-Нүүрсний үнийн өсөлт өмнөх уналттайгаа харьцуулбал сэргэж байна гэж хэлж болохоор. Гэвч, зах зээлийн ерөнхий төлөв байдлыг харвал түр зуурын шинжтэй байж мэдэхээр байгаа. Үнэ дахин унахад ер нь гайхаад байх зүйл байхгүй. Нүүрс болон уул уурхайн түүхий эдийн үнэ өнгөрсөн суперциклийн үе шиг тэгтлээ тэнгэрт хадахгүй байх хоёр шалтгаан байгаа юм. Суперциклд 1990-ээд онд ЗХУ задарч шинэ зах зээл бий болсон, 2000-аад онд Хятад улс ДХБ-д элсэж зах зээлээ нээсэн том үйл явдлууд түлхэц болсон. Дахин ийм үйл явдал тохиохгүй тулд ердийн циклийг супер болгох хүчин зүйл байхгүй байж магадгүй.

-Тэгэхээр нүүрсний салбарт дахин супер өсөлт бий болохгүй гэсэн үг үү?

-Ганц нүүрсний салбарт биш ер нь уул уурхайн салбарт түүхий эдийн үнэ огцом өснө гэдэгт хэн ч итгэхгүй байгаа. Газрын тос, байгалийн хий л стратегийн түүхий эд юм шиг байна. Үүний төлөө л энд тэнд дайны гал дүрэлзэж байгаа. Уул уурхайн бусад түүхий эдийн хувьд тэр тусмаа нүүрсний хувьд бараг л түгээмэл тархацтай, өрсөлдөн байж зардаг, асуудлын гол нь ямар зардлаар гаргаж ашиглах уу л гэсэн асуудал байдаг.

-АНУ-ын шинэ Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт тангаргаа өргөсөн. Энэ үйл явдал бидэнд чухал биш байж болох ч, нэг дэлхийн хувьд их гүрний удирдагчийн цаашдын бодлого Монголд яаж нөлөөлөх бол. АНУ бол Монголын гуравдагч түнш. Энэ утгаараа АНУ-ын шинэ бодлого хоёр хөршөөс гадна бидэнд ч бас хамаатай байх болов уу?

-Юуны өмнө монголчууд бидэнд Трамп, тэртээ холын АНУ-д болж байгаа үйл явдал яагаад хамаатай гэдгийг зөв ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Дэлхийг бүхэлд нь нэг л эдийн засаг гэвэл түүний 42 хувь нь дангаараа АНУ-ын эдийн засаг байдаг. АНУ-ын эдийн засаг 70 гаруй триллион доллараар хэмжигдэнэ. Дэлхийн хамгийн том 100 эдийн засгийн 50 гаруй нь АНУ-ын том том үндэстэн дамнасан компаниуд байдаг. Өр, зээлийг тооцохгүйгээр Хятад улс дэлхийн эдийн засгийн 13 орчим хувийг, ОХУ нь 0.6 хувийг эзэлдэг. Иймээс АНУ яалт ч үгүй дэлхийн бодлогыг тодорхойлогч бөгөөд АНУ-аас дэлхий онцгой хамааралтай ийм л цаг үед бид амьдарч байна. Чухам ийм учраас Трамп, АНУ-ын сонгууль, сонгуулийн дараахь нөхцөл байдал олон улс оронд сонирхолтой сэдэв юм. Трампын тангараг өргөхдөө хэлсэн үгээс харвал түүний тэргүүлэх Засгийн газрын бодлого нь юуны өмнө америкчуудад ажлын байр бий болгох, өөрийн эдийн засгаа онцгойлон анхаарна хэмээсэн байгаа. АНУ триллион триллион доллар гаргаж бусдыг баяжуулсан, америкчуудад наалдсан юмгүй гэж Трамп хэлж байгаа нь түүний гадаад бодлогын үндэс болох юм болов уу гэж бодож болохоор байгаа. Эхний алхам болгож Номхон далайн пактаас АНУ гарахаар болж байгаа нь Хятадад ашигтай гэж шинжээчид дүгнэж байгаа. Тэгсэн хэрнээ “нэг Хятад”-ын бодлогыг таашаахгүй байгаа гэдгээ хэлж байгаа. Ер нь бол алсуураа АНУ-Хятадын эдийн засгийн өрсөлдөөн ширүүсэх өнгөтэй юм.

Аль аль нь Монголыг өөрийн сонирхлоор хөдөлгөхийг оролдох нь гарцаагүй. Бид “салхи хаашаа хамхуул тийшээ” болчихгүйн тулд төрөө бэхжүүлж, бодлоо чангалах хэрэгтэй болж байна.

-АНУ-Хятадын эдийн засгийн өрсөлдөөн ширүүсэх өнгөтэй байна гэж та хэллээ. Энэ нөхцөл байдал Монгол Улсад яаж нөлөөлөх бол?

-Аль аль нь Монголыг өөрийн сонирхлоор хөдөлгөхийг оролдох нь гарцаагүй. Бид “салхи хаашаа хамхуул тийшээ” болчихгүйн тулд төрөө бэхжүүлж, бодлоо чангалах хэрэгтэй болж байна.

-Монголчууд дотроо л өрсөлдөөд байгаа болохоос дэлхийтэй өрсөлдөж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Дэлхийтэй өрсөлдөхийн тулд Монгол юу хийх ёстой юм бэ?

-Хоёр гурван жилийн өмнө шиг санаж байна. “Дөрөв дэх хувьсгал ба төрөө шинээр урлах дэлхийн өрсөлдөөн” (4th revolution: the global race to reinvent the state) гэсэн ном гарч бестселлер болж байсан. Энэ асуудал бол дэлхийн хандлага болчихоод байна. Хөгжилд төрийн үүрэг роль асар их бөгөөд дээрх номыг уншихад төрөө урлах дэлхийн уралдаанаас хоцорвол Монгол хоцрогдох болно гэсэн сэтгэгдэл төрж байна билээ. Тухайлбал, эдийн засгийн хөгжилд улс төрөөс ангид төрийн тогтвортой хөтөч байгууллагууд чухал үүрэг рольтой байдаг. Жишээ нь, Японд MITI, Сингапур, Малайзид Ерөнхий сайдын дэргэдэх төлөвлөлтийн байгууллагууд, Хятадад Хөгжил, шинэтгэлийн хороо гээд авмаар жишгүүд бий.

Мэдлэгт тулгуурласан эдийн засаг гээд ярих дуртай, гэтэл төрийн албан хаагчдад мэдлэг системтэй олгох, тэднийг мэдлэг боловсролоо дээшлүүлэх, давтан сургахтай холбоотой шахалт шаардлагын систем тогтолцоо алга. Манийг залуу байхад хагас сайн өдөр болгон сонсгол яриатай, эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн ажилд ихээр дайчилдаг байж билээ. Болохгүй бол хуучин аргаа сэргээмээр. Ингэж чадвал өрсөлдөж чадах төр, эдийн засагтай болох буйзаа.

-Саяхан зохиогдсон Давосын чуулганаар дэлхийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн Энэ үеэр дэлхий нийтээр өнөөдөр том өөрчлөлтийн өмнө байгааг хөндсөн байна лээ. Монгол энэ өөрчлөлтөд бэлтгэлтэй байна уу?

-Давосын энэ удаагийн уулзалтыг “ худлаа яригчдын цугларалт” гэж шоглосон байсан. Учир нь, жилийн өмнө ихэнх нь Трампыг ерөнхийлөгч болохгүй , Англи улс Европын холбооноос гарахгүй гэж байсан юм билээ. Бүх юм эсрэгээр эргэсэн байгаа тул энэхүү нэр хүндтэй уулзалт шоглуулахдаа тулсан бизээ. Нөгөө талаас цаг үе үйл явдал урдчилан харахын аргагүй өөрчлөгдөж байна гэж харж болох юм. Давосын уулзалтан дээр глобалчлал эцэс боллоо, гадаадын хөрөнгө оруулалт зогслоо гэж хэлэх хүн байна. Мексикийн ерөнхийлөгч асан өөрийн твиттерт “Мексикт хэр их ажлын байрыг устгана, тэр хэмжээгээр цагаач иргэдийг АНУ-ын ард түмэн авах болно” гэж бичих жишээтэй. Нэг үгээр хэлбэл, дэлхийн эдийн засаг тун хэцүү байхаар харагдаж байгаа.

-Дэлхийд эдийн засгийн хямрал нүүрлэсэн хэвээр байх нь гэж үү. Тэгвэл бид хямралын эсрэг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм бэ?

-Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд бүх арга ажиллагаагаа, авах арга хэмжээгээ нягталж хөдөлдөг болох хэрэгтэй. Огцом бодолгүй хөдөлгөөн хэвтэрт байгаа эдийн засгийн хойтыг унших аюултай. Миний бодоход ОУВС-аас туслалцаа дэмжлэг авах ажлаа хурдавчлах хэрэгтэй санагдаж байна.

-Ярилцлага өгсөнд танд баярлалаа.