богино мэдээ New

“ТТ-н төлөө MCS дайралт хийж байна”

МSC” ХХК ард түмнээс асуух хэрэггүй, хувьчилах зэрэг олон буруу мэдээллийг явуулж байгаа. Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу Монгол Улсад газар түүний хэвлий дэхь ойн сан болон байгалийн бусад баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтд байна гэж заасан байдаг..

Мэдээллийн эх сурвалж www.news.mn

Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.12.28/ Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр, Тавантолгойн орд бол ард түмний өмч. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал МАН-ын Засгийн газар Тавантолгойн шинэ гэрээг оруулж ирэхээр төлөвлөж байгаа ч энэ хувилбар нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн гэрээнээс муу гэрээ болсон гэж дүгнэж байгаагаа илэрхийллээ. Мөн өнөөдрийн энэ мэдээлэл  З.Энхболдын биш АН-ын байр суурь гэдгийг тодотголоо.

АН-ын дарга З.Энхболд:

-Ардчилсан нам Монголын ард түмний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж ирсэн. Тэр ч утгаараа хоёр жилийн өмнө 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын дагуу тухайн үеийн УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Тавантолгой орд ард түмний мэдэлд үлдсэн. Сүүлийн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар шинэ жилийн өмнө хамгийн муу хувилбараар Тавантолгойн гэрээг хийх гэж байна гэж үзэж байна. Засгийн газраас шинэ төсөл оруулж ирж байгаагаа МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн ч зарим гишүүд нь энэ төслийг дэмжээгүй учраас Засгийн газартаа буцсан байна. Одоогийн УИХ-ын гишүүдийн 50-иас дээшхи нь шинэ гишүүд байгаа. Тиймээс өнгөрсөн хугацаанд гаргасан УИХ-ын шийдвэрүүд, 40 гишүүний гарын үсэгтэй ажлын хэсгийн дүгнэлт,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрүүдийг эргэж харж, уншиж танилцаж байж шийдвэрээ гаргахыг хүсч байна. Тухайн үед МАН, АН, “Шударга ёс” эвслийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдаж, дүгнэлтээ гаргаж байсан.  Тавантолгойн гэрээ дөрвөн хувилбартай орж ирж байсан. Тэр нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай, монголын талд ашигтай гэсэн хувилбарууд байсан. Зарим төсөл дээр нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах хувилбар ч байсан. Ийм гэрээнүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөх  ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийн дүгнэлт 2015 оны зургадугаар сард гарсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Л.Эрдэнэчимэг, Д.Ганхуяг, Б.Наранхүү, О.Баасанхүү, М.Сономпил, Су.Батболд, Б.Чойжилсүрэн, Д.Сумъяабазар, С.Ганбаатар нараас бүрдсэн. Хэрэв Тавантолгойг шийдэх гэж байгаа бол ажын хэсгийн дүгнэлтийг уншиж танилцаж байж шийдвэрээ гаргахыг УИХ-ын гишүүдээс хүсч байна. Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын оруулж ирсэн санал УИХ-ын босгыг давж чадаагүй гэдгийг ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой тусгасан. Энэ ажлын хэсгийн саналыг үндэслэн УИХ-ын нэр бүхий 40 гишүүн саналаа УИХ-д өргөн барьсан боловч сонгууль таараад энэ асуудлыг хэлэлцэж амжаагүй. Ж.Эрдэнэбатын оруулж ирж байгаа гэрээний хувилбар нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын оруулж ирсэн хувилбараас бүр дордуулсан гэж үзэж байна. Тиймээс тухайн үед Санхүүгийн зохицуулах хороо, Монголын төмөр зам, УИХ-ын удирдлагуудын шийдвэр, АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тавантолгойн ажлын хэсгийн гаргасан дүгнэлтүүдийг харгалзаж, шийдвэрээ гаргаарай гэж хүсч байгаа юм. Тавантолгой ордыг хувьдаа авах зорилготой “МSC” ХХК ард түмнээс асуух хэрэггүй, хувьчилах зэрэг олон буруу мэдээллийг явуулж байгаа. Үндсэн хуулийн 6.1-т заасны дагуу Монгол Улсад газар түүний хэвлий дэхь ойн сан болон байгалийн бусад баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтд байна гэж заасан байдаг. Тавантолгой бол ард түмний мэдэлд байдаг баялаг. Тиймээс Засгийн газар Тавантолгой орд дээр 80 хувь нь Засгийн газар, 20 хувь нь ард түмний мэдэлд байхаар компани байгуулж байсан. Тиймээс Тавантолгойн ордыг ард түмнээс асууж, зөвшөөрөл авдаг журмыг дагаж мөрдөх ёстой. Гэтэл одоо 49 хувийг 400 сая ам.доллараар зарах гээд яригдаж байгаа нь нийт үнэлгээний маш бага үнэлгээ гэж бодож байна. Тавантолгойг гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр явуулах боломж байгаа, ганцхан төмөр замын салбарт хөрөнгө оруулалт авах ёстой. Миний компанийн хувьцааг авах гэж байгаа бол надаас асуух ёстой. Яг над шиг хувьцаатай хоёр сая гаруй иргэн байгаа.  Хэрэв миний эрх ашгийг хүндэтгэхгүй бол би шүүхэд хандана гэдгээ МАН-ын Засгийн газарт албан ёсоор хэлж байна, хэвлэлээр дамжуулан. Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээсээ асуух үүрэг нь Компанийн тухай хуульд тусгагдсан байгаа гэдгийг АН сануулж байна.


Хэвлэлийн хурлын дараа АН-ын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-АН олонх байхдаа Тавантолгойн асуудлыг шийдвэрлэж болоогүй юм уу?

-Манай нам дотор ард түмний  өмчийг үнэгүйгээр авч, өрөө төлөх гэсэн “МSC”-ийн төлөөлөл олон байсан. Жишээ нь, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар. Тавантолгойн ажлын хэсгийн дүгнэлтийн дараа гарсан Тавантолгойг ингэж явуулах ёстой гэсэн хувилбарыг 40 гишүүн гаргасан. Энэ 40 гишүүний хувилбараар явуулах байсан  боловч МАН-д  ч, АН-д ч эсэргүүцэгчид байсан. Тиймээс одоогийн УИХ өмнөх парламентийн 40 гишүүний гаргасан хувилбараар явж болно эсвэл өөрсдөө Тавантолгойтой холбоотой өмнөх шийдвэрүүдийг эргэж харж  шийдвэр гаргах ёстой гэж үзэж байгаа юм. УИХ-ын тухай хуулиар дээрхи 40 гишүүний 50 хувь нь одоогийн парламентад байгаа бол хэрэгжүүлээд явах боломжтой. Үгүй бол МАН өөрсдөө шинэ хувилбар гаргах ёстой. Энэ бүх зүйлийг МАН нууж хийж байна. Тавантолгойн бүх асуудал ил тод байх ёстой.

-Засгийн газраас Тавантолгойн гэрээг зөвхөн МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Олон нийтэд ил болоогүй байгаа. Та оруулж ирсэн төсөлтэй танилцсан юм уу. Яагаад энэ гэрээг ашиггүй гэж үзэж байгаа юм бэ?

-Одоогийн төслийг МАН-ын бүлэг дээр хэлэлцсэнээс ил болоогүй. МАН-ын бүлгийн өмнөх парламентад байсан гишүүд надруу ярьсан. Өмнөх хувилбарыг бүр дордуулаад оруулаад ирсэн болохоор нь Засгийн газарт нь буцаасан  гэж утсаар ярьсан. МАН-ын бүлэг дотор Засгийн газрын төслийг буцааж, дахин оруулж ирэхдээ хоёр хувилбартай оруулж ирээд, шинэ жилийн дараа хэлэлцэхээр болсон гэсэн.

-Эдийн засаг хүндэрсэн энэ үед Тавантолгойг ямар хувилбараар явуулж байж ашгаа өгөх ёстой гэж та бодож байна?

-40 хүнээс бүрдсэн УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан асуудлыг тусгаж байж гэрээ ашигтай болно.  Ер нь бол “MSC” ээлжит дайралтаа хийж эхэллээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар сул байгааг далимдуулан ард түмний өмчийг үнэгүйдүүлэх гэсэн санаатай байна. Тэд дайралт хийхийнхээ өмнө төсөв мөнгөгүй боллоо, цалин тавьж чадахгүй байна, Тавантолгойгоо өгөхөөс өөр аргагүй байна гэдэг бэлтгэлийг сүүлийн зургаан сараас хийж эхэлсэн. Хамгийн зөв шийдвэр бол нүүрсээ зарж ашиг олох ёстой.