богино мэдээ New

...Жудо бариа засал одоогоос 1200 жилийн өмнө үүссэн...

Н.Куме: “Алтангагнуур” ясны борооллыг гайхалтай түргэсгэдэг юм билээ.

-Н.Куме: “Алтангагнуур” ясны борооллыг гайхалтай түргэсгэдэг юм билээ-

Сэтгүүлч Л.Баатархүү

   Японы Токиогийн анагаах ухааны их сургуулийн багш, дэд профессор М.Наказава, магистр, багш Н.Куме нартай жудо бариа засал, уламжлалт анагаах ухааны талаар ярилцснаа хүргэж байна. Дашрамд дурьдахад тэд энэ сарын 17-28-ны өдрүүдэд манай улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн багш, оюутнуудад өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, сургалт явуулж буй юм байна. Харин бид тэднийг Монгол анагаах ухааны клиник дээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байх үеэр нь энэхүү ярилцлагыг хийсэн юм.

Анагаах ухааны магистр Н.Куме: “Алтангагнуур” ясны борооллыг гайхалтай түргэсгэдэг юм билээ

-Та бүхэнд нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргье. Монголд хүрэлцэн ирж өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж байгаа багш нартаа баярлалаа. Ер нь жудо бэртэл, бариа засал гэж чухам юу юм бэ, дотор нь хэд хуваадаг, эртний уламжлал нь юу байна вэ гэсэн асуултаас яриагаа эхэлье гэж бодож байна?

-Баярлалаа. Жудо гэмтлийг эмчлэх арга, ухаан одоогоос 1200 жилийн өмнө үүссэн байдаг юм билээ. Өнөөг хүртэл тэртээд үүссэн арга, ухаан нь амжилттай хэрэгжиж, биеллээ олоод явж байна. Анхандаа жудо бариа засал гэдэггүй байжээ. “Ясыг эвлүүлэх” гэсэн нэртэй  байсан юм. Дотроо хоёр төрөл байдаг. Түүхэндээ мэдээж хэрэг уг арга, ухааныг маань зогсоох, мартагнуулах оролдлоготой олон саад, бэрхшээл тулгарч байв. Нэг хэсэг европ анагаах ухааныг шүтэх болж, уламжлалтаа орхигдуулах, хязгаарлах сөрөг үзэлдэл гарч байлаа. Бахархалтай нь энэ бүхнийг даван туулж жудо бариа засалчид одоо торох зүйлгүй үүнийгээ илүү хөгжүүлээд явж байна.

-Манай Монгол бариа засалд хугарсан яс тухайлбал, гарын шууг гэхэд бариач оруулсныхаа дараа тэмээний ноосонд улаан давсны шүүс шингээж дөрвөн талаас хатуу зүйлээр дарж, хөдөлгөөнгүй боодог. Мөн “Алтангагнуур” түрхэж, хоолигны мах зэргийг өгдөг. Харин жудо бариа засалд иймэрхүү уламжлал, өвөрмөц ямар арга байдаг вэ?

-Яс хугаралт, үе мултралт зэргийг ямар ч мэс хэрэглэхгүйгээр анагаадаг. Хэрэглэдэг аргууд нь хүртэл шинжлэх ухаанаар баталгаажсан байдаг юм. Ямар нэгэн нэмэлт дом байхгүй. Хугарлыг аль болох хурдан эдгээхэд жудо бариачдын үүрэг их. Эмчилгээ нь гурван төрлийн байна. Эхлээд гэмтсэн ясыг оруулна, дараа нь боолтоо хийж сүүлд нь сэргээн засдаг. Нэг ёсны өвчтнийг анхнаас нь бүрэн эдгэрэх хүртэл эмчилнэ гэсэн үг. Сэргээн засах нь гэхэд дотроо мөн гурван янз бий. Тухайлбал, хатуурсан булчинг зөөллөх бариа, орчин үетэйгээ хослоод татлага, физик эмчилгээ хийнэ. Түүнчлэн удаан хугацаагаар гипс тавьж хөдөлгөөн саарсан байдаг учраас тодорхой дасгал хийлгэдэг.

-Тэгвэл орчин үеийн физик эмчилгээ зэрэг байгаагүй дээрхэн үед эмчилгээний ямар уламжлал байв?

-Эрт цагт тоног төхөөрөмж юм байхгүй байхад үүнтэй адил төстэй эмчилгээ хийдэг байжээ.

-Монголын бариач нар ихэвчлэн удам дамждаг. Харин жудо бариа засалч нар ингэдэг үү. Гарын домтой хүмүүс байдаг юм болов уу?

-Дээрхэн үед удам дамждаг байсан. Харин өдгөө ингэдэггүй, их сургууль, бусад сургалтуудаар бариа засалч болдог.

-Харин таны хувьд бариа засалч удам байв уу, яагаад жудо бариа заслын ухааныг сонгох болсон бэ?

-Надад тийм удам байхгүй ээ. Манай аав Итали ресторанд тогооч хийдэг байсан юм. Миний хувьд спортоор хичээллэдэг байсан. Японы Кайндогоор. Мөн боксоор хичээллэдэг байлаа. Аав маань тогооч хийхийнхээ хажуугаар жудо бөхөөр хичээллэдэг байсан л даа. Миний эргэн тойронд жудо бариа засалчид олон байв. Ямарваа гэмтэл авахад аавын найз нар ч юм уу энэ төрлийн бариа хийдэг хүмүүсээр эмчлүүлээд л зүгээр болчихно.

-Жудо бариа засалч болохын тулд ямар шалгуурыг давах ёстой вэ?

-Японд жудо бариа засалч болох хүн Ерөнхий боловсролын сургууль төгссөн байх ёстой. Үүний дараа тодорхой шалгалтууд өгч их сургуульд орох юм уу, мэргэжлийн сургалтад ордог. Мөн сүүлд нь улсын шалгалт өгч жудо бариа засалчын мэргэжлийн эрх авдаг.

-Таны хувьд Монголд өмнө нь ирж байв уу. Манай уламжлалт анагаах ухаанаас суралцаж, сонирхон судалж буй ямар зүйл байна вэ?

-Би 16 жилийн өмнөөс Монголд ирж байна. Би ирэх болгондоо маш олон өвчтөн үздэг. Миний эмчилсэн хүмүүсээс эдгэрээгүй нэг ч хүн үгүй. Чадах ядахаараа л өөрийнхөө мэдлэг, чадвараар анагаахыг хичээдэг.  Монголын “Алтангагнуур” ясны хугаралд үнэхээр сайн. Хаван маш хурдан бууруулдаг юм билээ. Би одоо энэ ургамлыг судалж байна. Хэдэн жилийн өмнө монгол эмч нар бэртэл авсан бөхчүүдэд энэ зүйлийг өгөөд байсан. Би сонирхоод авч явж туршиж үзсэн юм. Гэтэл ясны бороолыг түргэсгэдэг нь гайхалтай байсан л даа.

Дэд профессор М.Наказава: Японд одоо 68000 орчим жудо бариа засалч бий

-Танд мөн энэ өдрийн мэнд хүргье. Монголд хүрэлцэн ирж жудо бариа заслын эрдмээсээ хуваалцаж буйд нийт уншигчдынхаа өмнөөс баярлалаа. Таны хувьд энэ мэргэжлийг чухам яаж өвлөв өө?

-Баярлалаа. Миний удамд ямар нэгэн жудо бариа засалч удам байхгүй. Яагаад жудо бариа засалч болов оо гэхээр дөрөвдүгээр ангид байхдаа турникаас унаад гараа гэмтээчихсэн. Тухайн үед хугарсан гэдгийг нь өөрөө мэдсэн л дээ. Ингээд сургууль руугаа ортол тэр үед жудо бариа засалч байсан юм. Тэр хүн л миний хугарсан гарыг буцааж хэвэнд нь оруулж, боож өгсөн. Ингээд л би жудо бариа засалч болох эхлэл тавигдсан гэх үү дээ .

-Японд өнөөдөр хэчнээн жудо бариа засалч байдаг юм бэ. Их сургуулиудаас гадна мэргэжлийн сургуулиуд байдаг гэж Куми багш хэлсэн?

-Энэ чиглэлийн бариа засалч одоогийн байдлаар 68 мянга орчим бий. Бариа засалч бэлтгэдэг 130 сургууль байна. Үүний 15 орчим нь их сургуулиуд. Үлдсэн нь мэргэжлийн сургуулиуд байдаг. Олгож байгаа мэргэжлийн үнэмлэх үйлчлэх хүчин чадлын хувьд ч юм уу адилхан л даа.

-Японд хүзүү, нурууны шохойжилт, суулт зэрэг энэ чиглэлийн өвчин хэр байна вэ. Монголд хэтрүүлбэл бараг 10 хүн тутмын найм нь ийм төрлийн өвчтэй болчихоод байна. Мэдээж 68 мянган жудо бариа засалчтай улсад ийм өвчтэй хүн цөөхөн байх?

-Энэ төрлийн өвчтэй хүмүүс их байдаг. Гэхдээ эмчлэгчид нь бид. Ялангуяа нурууны өвдөлтийг анагаах тал дээр бид мэргэшсэн хүмүүс. Эмчилгээний хувьд мөн л физик эмчилгээ зэрэг орчин үеийн багаж тоног төхөөрөмжийг давхар ашиглана. Ид өвдөлттэй хүмүүст эмчилгээ хийхэд бас хэцүү. Өвдөлтийг нь намдаасны дараа гол эмчилгээндээ ордог юм.

-Нурууны зөөлөн эд нь байхгүй болчихсон ийм хүмүүсийг бүрэн эмчилж чадах уу. Мэс ажилбар хийх үү?

-Дискний мултрал, бяцрал зэргийг 90 хувийн нөлөөтэйгээр эмчилж чадна. Харин бүр хүндэрсэн хүн мэс ажилбар хийхээс өөр арга байхгүй л дээ.

-Япончууд уламжлалт анагаах ухааныг илүү сонгож байна уу эвсэл европ эмчилгээг илүүд үздэг үү?

-Аль алиныг нь сонгон үйлчлүүлж байна.

-Та бүхэн манай АШУҮИС-тай нэлээд нягт хамтын ажиллагаатай болж байх шиг байна. Цаашид ер нь хамтарч юу хийхээр төлөвлөөд байна вэ?

-АШУҮИС-тай хамтарч байгаагийн гол илрэл нь энэ оноос эхлээд Уламжлалт бариа засалч гэсэн шинэ анги нээгдсныг нэрлэж болно. Тус их сургуулийн салбар болох Монгол анагаах олон улсын их сургуульд дөрвөн жилээр, бакалавр зэрэгтэй төгсөх ийм анги. Уг ангид Монголын уламжлалт анагаах ухаан, Японы жудо бариа засал, европ эмчилгээ заадаг шинэ анги нээгдсэн. Энэ ангид бид жилд хоёр удаа ирж жудо бариа заслынхаа хичээлийг заах юм.

-Нөгөөтэйгүүр манай Монгол уламжлалт анагаах ухаанд дотор эрхтний үйл ажиллагааг судас барих, царай, биений байдлаас нь мэдэх зэрэг аргууд байдаг. Харин Японд ийм уламжлал бий юу?

-Жудо бариа заслын хувьд эрт дээр үед багш нараасаа уламжилж заалгасан аргуудаараа мэддэг байж. Мөн гарны мэдрэмж зэргээрээ. Гэхдээ энэ бол зөвхөн ясны хугарал, мултрал зэрэгт. Түүнчлэн шинж тэмдгүүдийг нь хослуулдаг байсан юм. Японы уламжлалт сайн жудо бариа засалч болохын тулд долоо орчим жил багшаа дагаж туршлага, чадвар хуримтлуулна.

-Та бүхэн Монгол анагаах ухааны клиникийг сонгон, үйлчлүүлэгчдийг нь үзэж, оношилж байна. Уг эмнэлгийг яагаад сонгох болов. Цаашид эдний эмнэлэгтэй хэрхэн, яаж хамтарч ажиллах гэж байгаа вэ?

-Монгол анагаах ухааны клиникт мэдлэг, туршлагатай мундаг эмч, багш нар байгаа учраас нэг талаараа бидний сургалтын гол бааз болох учиртай. Бид цаашдаа маш нягт, гүнзгий хамтран ажиллана. Зөвхөн монгол эмч нартаа туршлагаасаа хуваалцаад байх биш Монголын уламжлалт анагаах ухааны эмч нараас илүү туршлага, мэдлэгийг суралцана. Нэг ёсондоо эдний эмнэлгийг сонгож буй нэг шалтгаан ч үүнтэй холбоотой. Европ, уламжлалт анагаах ухаан хосолсон энэ эмнэлэгт тоног төхөөрөмж, эмч нарын ур чадвар гээд дутуу юм алга. Өвчтнүүд нь ч сэтгэл өндөр байна. /Монгол ангахаах ухааны клиниктэй холбогдох утас 95621471/

Цаг зав гарган ярилцсан та бүхэнд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

Энэ үеэр АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны сургуулийн Уламжлалт бариа засалчийн шинэ ангийн оюутнууд Монгол анагаах ухааны клиник дээр бариа заслын ямар эмчилгээ, оношилгоо хийдэг вэ, өвчтнүүдтэйгээ хэрхэн харилцах вэ гээд багш нараасаа сургалт авч байлаа.

Тус ангийн оюутан Намуунаа “Миний хувьд хотын унаган хүүхэд. Уламжлалт анагаах ухааны чиглэлийг их сонирхдог учраас энэ ангийг сонгосон. Бид дөрвөн жил сураад уламжлалт бариа засалч гэдэг мэргэжлээр төгсөнө. Би Японд зургаан жил сурч байсан. Манай анги гурав, дөрөвдүгээр курстаа Японд очиж дадлага хийнэ. Одоо Япон хэл анхнаас нь орж байна. Дараа нь төвд хэл орно гэсэн”