А.Цогцэцэг: Ирэх долоо хоногоос хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалт гарна


2017-01-04 11:23:15 3

Сэтгүүлч Ш.ЧИМЭГ /www.news.m/

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.


-Томуу, томуу төст өвчний дэгдэлдийн үед 0-5 насны хүүхдүүдэд 100 хувь хөнгөлөлттэй эм олгохоор болсон. Эмийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 145 гаруй эмийг хөнгөлөлттэй олгодог. Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан зарим антибиотик, эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх шийдвэр гарсан. Тодорхой нэр төрлийн эмүүдийг хөнгөлөхөд мөнгө төгрөгтэй холбоотой асуудал байгаа учраас зарим асуудал нь цаг хугацаа орж байна. Гэхдээ бид аль болох түргэн шуурхай ажиллаж, нэгдүгээр сарын 10 гэхэд эмийн жагсаалтаа тодорхой болгож, эмийн сангуудаар хөнгөлөлттэй олгоод эхэлнэ гэж тооцоолж байна. Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамд хамтраад шуурхай ажиллаж байгаа. Эмийн жагсаалтаа гаргаад саналаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн. Жагсаалтад орсон зарим эм нь хасагдах, нэмэгдэх боломжтой. Шууд ханиад хүрсэн тохиолдолд эм хөнгөлөх бус ханиад, томуу нь хүндрээд уушигны хатгалгаа, бронхит болсон ийм үед нь хөнгөлөлттэй антибиотик өгөх заалттай. Мөн цэр ховхлох, халуун бууруулах, дархлаа дэмжих үйлчилгээтэй эмүүдийг жагсаалтад оруулж байгаа. Сүүлийн үед томуу, томуу төст өвчний дэгдэлт нь давхар гэдэсний халдварт өвчинтэй хавсарч байгаа учраас гүйлгэлтийн эмийг жагсаалтад оруулсан.

-Хөнгөлөлтөд орж байгаа эмүүдийг ямар шалгуураар сонгож байгаа юм бэ?

-Ханиад томуугийн өвчлөл нь хүндэрсэн тохиолдолд түлхүү хэрэглэдэг антибиотикууд байдаг. Ханиад нь хүндэрсэн тохиолдолд өргөн хүрээнд хэрэглэдэг антибиотикуудийг сонгож авсан.

-Урьдчилсан байдлаар 11 нэр төрлийн эм гаргасан байна. Энэ эмийн жагсаалтад өөрчлөлт орох уу?

-Өөрчлөлт орж магадгүй. Цаг үетэйгээ холбоотой аль эмийг нь давамгайлах вэ гэдэг өөрчлөлт орж болно. Өөрөөр хэлбэл, цэр ховхлох эмийг нь түлхүү сонгох уу, халуун бууруулах эмийг нь сонгох уу гэдгийг бид ярилцаж байна.

-Иргэдийн зүгээс амбулаториор олгодог, эмч нарын бичиж өгдөг эмийг яагаад сонгоогүй юм бол гэсэн санал их гарч байна?

-Олон улсын хүүхдийн оношилгоо эмчилгээнд нэрлэдэг 10 төрлийн эм байдаг. Тэр эмийн жагсаалтад орсон эмүүд хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад явж байгаа. Гэхдээ эмийн жагсаалтад өөрчлөлт оруулах хугацаа байгаа учраас тодорхой хэмжээгээр нэг хоёр төрлийн эмүүдийг өөрчлөх боломжтой. Ялангуяа цэр ховхлох, халуун бууруулдаг эмүүдийг өөрчлөх боломжтой. Олон нийтийн сүлжээгээр явж байгаа эмийн жагсаалт бол албан ёсоор батлагдсан жагсаалт биш. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамдын хооронд санал аваад явж байна.

Хүүхдийн эмнэлэг ачаалал ихтэй байна гээд хүүхдийн эмнэлэг нэмж барих нь ач холбогдолтой биш. Байгаа нөхцөл байдалдаа яаж тулгуурлан ажиллах вэ, урьдчилан сэргийлэх ажлыг яаж зохион байгуулах вэ гэдэгт анхаарч ажиллана. Тухайлбал, хатгалгааны эсрэг вакцины цар хүрээ, хангамжийг нэмэгдүүлэх, ханиаднаас сэргийлэх вакцинжуулалтын хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Энэ мэт зүйл дээр зөв зохицуулалт хийж чадах юм бол бага эрсдэлтэй ажиллах боломжтой.

-0-5 настай хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол хэрэгжиж эхэлсэн нь эцэг эхчүүдэд их хэрэгтэй шийдвэр болсон байх?

-Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр аж ахуй нэгж, албан байгууллага, компаниудад зориулж нийгмийн хариуцлагаа хүлээж 0-5 настай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ханиад томуу их байгаа үед цалинтай чөлөө олгох уриалга гаргасан байсан. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад хүүхэд нь өвдсөн, эмнэлэгт хэвтэхгүйгээр гэрээр асрах боломжтой эцэг эхчүүдэд 3-5 хоногийн хугацаанд цалинтай чөлөө олгоё гэдэг шийдвэр батлагдсан. Амбулоторийн үзлэгийн найман хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Гэхдээ энэ жилийн хувьд агаарын бохирдол, утаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчин бронхит, астам, уушигны хатгалгаа болох гэх мэтээр хүндэрч байгаа. Хэдийгээр хүндэрсэн ч эрүүл мэндийн салбарын байгууллага эндэгдэлгүйгээр, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна.

-Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дүүргийн эмнэлгүүд болон эрүүл мэндийн салбарын байгууллагууд яаж ажиллах вэ?

-Нэгдүгээр сарын 2-оос гуравдугаар сарын 1-ний хооронд эрсдэлийн төлөвлөгөө гаргасан байгаа. Төлөвлөгөөний дагуу том хүмүүсийнхээ орыг хүүхдийн тасагт шилжүүлэх арга хэмжээ авч байна. Жишээлбэл, дүүрэгт хэвтэж байгаа элэгний архаг үрэвсэлтэй хүнийг Халдварт судлалын үндэсний төвийн элэгний тасагт шилжүүлэн хэвтүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Мөн зарим нэг шаардлагагүй хэвтэлтүүдийг багасгаж, амбулаториор түлхүү үйлчлүүлэх боломжийг нь олгоод хүүхдийн тасагт орыг нь шилжүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна эвхдэг 385 ор худалдан авч дүүргийн эмнэлгүүддээ тараагаад байна. Засгийн газрын хуралдаанаас Цэргийн төв эмнэлэг дээр 50 ортой хүүхдийн тасаг нээн ажиллуулж байгаа. Цаашдаа ч Цэргийн төв эмнэлэг дээр 50 ортой хүүхдийн тасаг нээж ажиллах боломжтой гэдгийг Батлан хамгаалах яам дэмжиж, хоёр талын яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байна.

-Иргэдийн зүгээс хүүхдийн эмнэлгүүдийг барих ёстой гэдэг санал их гардаг. Энэ онд эрүүл мэндийн яамнаас хүүхдийн эмнэлэг нэмж барих асуудлаар ямар арга хэмжээ авах вэ?

-Засгийн газраас Яармагт байрлах 300 ортой төрөх, хүүхдийн эмнэлгийг концессын гэрээгээр ашиглалтад оруулах тогтоол гаргасан. Бид боломжтой бол 2017 ондоо багтааж ашиглалтад оруулна. Цэргийн төв эмнэлэг дээр 50 ортой хүүхдийн эмнэлэг нээгдэнэ. Мөн Төрийн тусгай хамгаалалттай эмнэлэгт 50 ортой хүүхдийн тасаг нээхээр яригдаж байна. Нэгдсэн эмнэлэг бүр төрөх, хүүхдийн тасагтай байна гэсэн зарчмыг баримталж ажиллана. Ер нь бол зуны цагт хүүхдийн эмнэлгүүдийн орны ашиглалт 30-40 хувь байдаг. Өвлийн цагт буюу томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 3-4 дахин ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс үүнийг тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж яам үзэж байгаа. Хэт ачаалалтай үедээ том хүний тасаг, орыг хүүхдийн тасаг болгох, амбулоторийн тусламж үйлчилгээгээ том хүмүүстээ түлхүү үйлчлэх гэх мэтийн бодлогыг хэрэгжүүлэх нь зөв юм. Хүүхдийн эмнэлэг ачаалал ихтэй байна гээд хүүхдийн эмнэлэг нэмж барих нь ач холбогдолтой биш. Байгаа нөхцөл байдалдаа яаж тулгуурлан ажиллах вэ, урьдчилан сэргийлэх ажлыг яаж зохион байгуулах вэ гэдэг асуудал дээр ирэх онд анхаарч ажиллана. Тухайлбал, хатгааны эсрэг вакцины цар хүрээ, хангамжийг нэмэгдүүлэх, ханиаднаас сэргийлэх вакцинжуулалтын хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Энэ мэт зүйл дээр зөв зохицуулалт хийж чадах юм бол бага эрсдэлтэй ажиллах боломжтой.

 


Сэтгэгдлүүд

  • төмөрбаатар сэлэнгээс

    2017-01-04

    томуу, томуу туств өвчнүүдэд уух антибиотикийг хөнгөлнө гэдэг ёстой зөв шийдвэр. юм аа мэддэг хүн салбар удирдахаар ингээд ажлаад бгаам. манай оюунхорол бдаггүй ээ. дүлий дүмб царайлаад байгаль орчноо алуулж бна

  • намуун

    2017-01-04

    түлэнхийн төвийн барилга бариулахаар болсонд баярлаж бга шүшү

  • unshigch

    2017-01-04

    mergejliin hun salbar udirdana gj ene l dee. ene emegtei said bolsnoos hoish eruul mendiin salbar serj bh shig bna. heden ch jil saidgui yawbaa zailuul