богино мэдээ New

“Нарантуул”-ын 448 хохирогчын хохирлыг барагдуулж нэг ч төгрөг өгөөгүй гэв

Хорлон сүйтгэх ажиллагаа. Хаанаас ямар зорилгоор ийм зүйл хийж олон зуун жирийн иргэдийг хоолноос нь салгах санаа агуулав.

Сэтгүүлч Т.Гэрэл

     Одоогоос гурван жилийн өмнө Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний цэнхэр зах шатаж олон зуун түрээслэгч нар эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнээрээ хохирч байсан. 

Тухайн үед тус захыг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу “Хорлон сүйтгэх ажиллагаа. Хаанаас ямар зорилгоор ийм зүйл хийж олон зуун жирийн иргэдийг хоолноос нь салгах санаа агуулав. Тэр хүн хэн болохыг таамаглаж байгаа” гэдгээ хэвлэлээр мэдэгдэж байсан удаатай.

Мөн Манай захтай албан ёсоор гэрээ хийсэн түрээслэгч нарын хохирлыг л барагдуулна гэж хэлж байсан удаатай.

Тэгвэл шатсан захын буурин дээр таван давхар орчин үеийн технологийн шийдэлтэй, харуул хамгаалалт, дохиоллын систем сайтай төв сүндэрлэж үйл ажиллагаагаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.

Өмнөх хүнсний захад 450 түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо 1000 гаруй худалдаа эрхлэгч наймаа арилжаа хийх боломжтой болсон бөгөөд тус төвийн нэг давхарыг тэр чигт хуучин түрээслэгч нарт зориулсан гэнэ.

Өөрөөр хэлбэл, нэг давхарын павилионуудыг өмнөх захынхаа түрээслэгч худалдаа эрхлэгч нарт давуу эрхтэйгээр олгож түрээслүүлж байгаа юм байна. Одоогоор хуучин захад ажиллаж байсан хүмүүс бүгд тус төвийн нэг давхарт үйл ажиллагаа явуулж байгаа ч бүгд түрээс төлж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олон сая төгрөгөөр хохирсон хэрнээ нэг ч төгрөг аваагүй гэнэ.

Тиймээс бид энэ талаар тодруулахаар Нарантуул захад байрлах “Баялаг ундраа” худалдааны төвийг зорьсон юм.

Биднийг очиход, “Баялаг Ундраа” төв үйлчлүүлэгч олонтоо ёстой л түм түжигнэж бум бужигнаж байлаа. Бид аль болох хүн багатай лангуун дээр очиж та бүхний хохирлыг барагдуулаагүй гэсэн үнэн үү, Яагаад нэхэмжлэхгүй байгаа юм бэ гэж асуухад талаар асуухад, Дийлэнх нь “Энэ талаар ярьж болохгүй. Ярих юм бол эндээсээ хөөгдөх болно. Хоолноосоо салмааргүй байна”, “Бидэнд тэгээд явах цаг зав байхгүй”, “Бид хэнээсээ хохирлоо нэхэх вэ дээ, нэхлээ гээд аан за гээд өгчих хүмүүс биш шүү дээ” гээд бүгд энэ талаар ярихаас татгалзаж байсан юм.

Яг л бүх түрээслэгчдэд “Сэтгүүлчдэд яриа өгч болохгүй шүү” гэдэг каманд өгчихсөн юм шиг. Зарим нь бүр хөөх нь холгүй уурлаж байсан юм. 

Харин нэрээ нууцлахыг хүссэн нэгэн түрээслэгч бидэнд яриа өгөхийг зөвшөөрсөн юм.

-Та хүнсний зах шатахад хэдэн төгрөгөөр хохирсон бэ?

-20 сая төгрөгөөр хохирсон.

-Таны хохирлыг барагдуулсан уу?

-Одоогоор хохирлоо барагдуулаагүй.

-Та хохирол барагдуулж өг гэж хэлж үзсэн үү. Юу гэж байхын?

-Бид хэнээсээ хохирлоо нэхэх вэ дээ, нэхлээ гээд аан за гээд өгчих хүмүүс биш шүү дээ. Бидэнд тэгээд явах цаг зав ч байхгүй.

-Энд сарын хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэ?

- 220 мянган төгрөгийн түрээс төлдөг.

-Өмнө нь шатсан захад ажиллаж байхдаа хэдэн төгрөгийн түрээс төлдөг байсан бэ?

-Өмнө нь 270 мянган төгрөгийн түрээс төлдөг байсан.

-Энд орж ирснээр та бүхний өдрийн орлогод өөрчлөлт орсон уу?

-Оролгүй яахав. Хуучин хүнсний захад олдог байсан орлогын хаана нь ч хүрэхгүй шүү дээ. Зарим нь бүр түрээсийн өрөнд орчихсон байгаа. Учир байдлаа хэлээд түрээсээ багасга гэж хэлж үзсэн ч ямар ч боломжгүй гэсэн.

-Тэгээд яагаад өмнө нь  өчнөөн сая төгрөгөөр хохиорсон. Одоо ч мөн адил иймэрхүү байдлаар хохирч байж хэн ч юу ч дугарахыг хүсэхгүй байгаа юм бол?

-Бүх түрээслэгчид анх энд орохдоо бүгдээрээ хохиролгүй гэсэн гарын үсэг зураад орсон. Хэрэв гарын үсгээ зурахгүй бол оруулахгүй. Шүүх цагдаагаараа явж болно гэж хэлсэн.

-Гарын үсэг зураагүй хүн бий юу?

-Байхгүй байх аа. Бараг бүгд зурсан юм шиг байна лээ.

Нарантуул олон улсын худалдааны төвийн хүнсний зах шатсан хэрэгт нийт 448 хүн хохирогч, нийлбэр дүнгээрээ 16 тэрбум 371 сая гаруй төгрөгийн эд зүйл байсан гэж тогтоосон байдаг.  Үүнийг нь албан ёсны үнэлгээний комиссыг томилж шалгуулахад хол зөрөөгүй юм. Ийм их хэмжээний хохирол амссан хэрнээ нэг ч төгрөг буцааж авч чадаагүй байж яагаад энэ талаараа ярихаас зайлсхийж, биднээс зугтаад байгаа шалтгаан нь ажлын байртай болж амьдралаа залгуулахын тулд хйисэн сонголт буюу хохиролгүй гэж зурсан гарын үсгэнд байгаа бололтой.

www.zaluu.com