богино мэдээ New

Х.Гүлназ: Надад хамгийн чухал зүйл бол уран бүтээл

Хөдөлмөрийнхөө үр дүнг бий болгосны үндсэн дээр 45 насандаа хүүхдийн асрамжийн газартай болох..

2016 оны 10 сарын 14

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

"25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” төслөөс төрөн гарсан "Mixx" хамтлагийн дуучин Х.Гүлназтай уран бүтээл болон, хувь хүнийх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

-Сайн  байна уу та. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин юу байна даа?

-Сайн байцгаана уу? Уран бүтээл бэлтгэл аятай явж байгаа. Хувцсаа индүүдээд бэлдэж шүүгээндээ хийдэг шиг уран бүтээлээ индүүдээд, оёож бэлдээд цуглуулж байна. Он гаргаад бүтээлүүдээсээ бага багаар цацаж эхэлнэ.

-Нууц биш бол ямар уран бүтээлүүд байгаа вэ?

-Миний дууны үгийг сайн сонсоод үзээрэй гэж хэлмээр байдаг. Арай өөр мэдрэмж төрүүлэх байх. Яагаад гэвэл дуунуудын үг тэр чигээрээ миний ертөнц байдаг юм. Сүүлийн үеийн чиг хандлагаас хоцрохгүй, залуучуудад өөрийнхөө сонирхлыг болон дэлхийд ийм урсгал илүү хөгжиж байгаа шүү гэдгийг харуулах үүднээс аль болох шинэлэг зүйлсийг л хийж байна.

-Дуунуудынхаа үгийг та өөрөө бичдэг үү ?

-Тийм ээ. Ихэвчлэн үг, ая дээрээ өөрөө ажилладаг. Уран бүтээлч хүн гоё мэдрэмж өгөхөөс гадна уран бүтээлээрээ  дамжуулан өөрийнхөө дотоод ертөнцийг хүмүүст таниулах ёстой юм болов уу гэж боддог.

-Таны цомог найман сард гарах ёстой байсан ч гараагүй. Энэ талаараа ярихгүй юу?

-Түрүүлж ам гарч болдоггүй юм байна гэдгийг ойлгосон. Албан ёсоор тайлбар хийх ёстой байсан хэдий ч хийгээгүй. Цомгийнхоо нээлтээр тайлбар хийнэ гэж бодож байгаа. Түүнээс биш хэн нэгэн үүнд буруутан болох шаардлага байхгүй.  Нэгэнт өнгөрсөн зүйл. Амьдрал яаж ч эргэж болно, таашгүй. Найман дуутай цомог гарах гэж байсан юм. Дахин дуунуудаа хийгээд явж байна. Одоогоор гурван дуу бэлэн болсон. Залуу нас, цаг хугацаа, хийх хүсэл, чадвар байгаа цагт санаа зовох юм байхгүй. Шинэ цомог 2017 онд гарна. Удахгүй нэг сар хөдөө техник, техенологи бүх юмнаас холдон амраад ирэх гэж байгаа.  Яагаад гэвэл цаашдаа зөвөөр харж, зөв сэтгэж, энэ байгаа зангаа алдахгүй байхын тулд тодорхой хэмжээний амралт хэрэгтэй байх. Надад хамгийн чухал зүйл бол уран бүтээл болохоор өөртөө амралт өгье гэж бодож байна. Ирээд уран бүтээлдээ орно доо.

-Хамтлагаараа уран бүтээл хийх талаар төлөвлөж байна уу?

-Хийнэ гэсэн төлөвлөгөөтөй байгаа.  Б.Төгсжаргал, О.Гүнчин-Иш хоёроо ирэхээр хоёр жилийн дараа юм уу, хоёр жил дотор багтаад дуу гаргана. Хамтлагийнхнаа маш их санж байна.

Хүмүүсийн хүлээж авах мэдрэхүй нимгэн болчихжээ

-Та олон нийтийн сүлжээгээр шууд  дамжуулах үйлдэл /live/ хийгээд байгаа. Энэ ямар учиртай вэ. Яагаад хийхээр болов ?

-Нийгэм тэр чигээрээ асуудал, харъя гэвэл саарал бараан өнгүүд, стресс ч байна. Хүмүүсийн  хүлээж авах мэдрэхүй нимгэн болцон юм шиг санагддаг. Бага ч гэсэн хормыг үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор мөн шууд явдаг учир оролцож байгаа уран бүтээлчийг байгаагаар нь ойлгоосой гэсэн үүднээс долоо хоног болгон хийдэг. Заавал олны танил хүн гэхгүй өнөөдөр хэнд юу хэрэгтэй байна түүнтэй  холбоотой мэргэжлийн хүмүүстэй ярилцаж оруулахоор болсон. Үзэж байгаа хүмүүсийн тоо баримтандаа биш мянган хүн үзсэн ч мэдээллээ авч чадсан хоёр хүн байвал миний зорилго тэр. Хүрэх хүндээ хүрээд хүрэхгүй хүн нь хийх юм аа олж ядсан хүн байна гэж ярьсан ч хамаагүй цаашдаа хийх болно.

-Таныг хувцас дизайнер чиглэлд сонирхолтой, Live-д оролцсон хүмүүст өөрийн хийсэн хувцсаа хийж өгдөг гэсэн энэ талаараа яриач ?

-Зочиндоо бэлэг өгөхдөө тэр хүнд хүртээмжтэй, миний зүгээс сэтгэл гаргасан дараа нь үнэхээр дурсгал болох зүйл юу байж болох вэ гэж бодсон. Тэгээд  хувцас бэлэглэе гэж шийдсэн. Оролцогчоо судлаад энэ хүнд ийм хувцас бэлэглэвэл зүгээр гэх мэтчилэн өгдөг.

-Хэзээнээс хувцас оёж, дизайнер чиглэлийг сонирхож эхлэв. Уран бүтээл гэхээс илүү хувцас дизайны талаар яваад байх шиг байна?

-Гол хийх ёстой дуртай зүйл маань дуу. Дуугүй бол амьдралыг төсөөлөхийн аргагүй. Үргэлж чихэвч хөгжимтэй явдаг. Уран бүтээлч хүн өөрийнхөө дотоод ертөнцийг үг аянаас гадна хувцас иммижээрээ илэрхийлэх ёстой гэдэг үүднээс хувцас, загварыг сонирхдог. Мөн З.Гүлээ найзынхаа La femme  урлан дээр очсоор байгаад хувцас оёхыг суралцаж, дизайнер байх гоё юм байна гэдгийг мэдсэн. Найзууддаа хувцас хийж өгссөнөөс хойш хувцас хийгээд өгөөч гэсэн саналууд ирсэн юм. Гэхдээ би ямар ч саналыг хүлээж аваагүй.  Загвар бол  миний хоолоо олж идэх  мэргэжил  биш. Яагаад гэвэл би албан ёсоор дизайнер биш. Дизайнер чиглэлээр дагнасан, мэргэжилийн мундаг оёдог маш олон хүнмүүс байгаа. Чаддаг хүмүүс нь л хийх хэрэгтэй. Харин манайд ийм үйл ажиллагаа болж байна та ирээд дуулаад өгөөч гэвэл би яваад л очно. Энэ чинь миний хийх ёстой ажил.

-Та өөрийнхөө хувцсыг өөрөө оёдог уу?

-Тийм ээ. Одоо өмссөн байгаа хувцсаа оёсон. Өөрийнхөө хэмжээнд тайзан дээр гарах зарим хувцаснуудынхаа санааг  гаргаад, өдөр тутмын хувцаснуудаа хийдэг.

-Хувцас оёхын хамгийн гоё зүйл нь юу вэ?

-Өөртөө юм хийж байна гэж бодохоор л гоё. Хамгийн гоё юм нь дууссаны дараа хөөх би чинь дуусчихлаа, өмсөж үзээд би ийм юм хийчихдэг юм байна гэж бодох тэр мэдрэмж хамгийн гоё. Гоёын хажуугаар муухай мэдрэмжүүд байдаг. Тэр нь юу вэ гэхлээр буруу оёод ханзлах.

-Та хэнээс үлгэр дуурайлал авдаг вэ?

-Дизайнеруудаас гэвэл Монголд мундаг дизайнерууд олон байдаг. Бүгд өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй. La femme урлангын З.Гүлээ найзаасаа үлгэр дуурайлал авдаг. Дуучдын хувьд Ука эгчид дуртай. Өөрийн гэсэн ертөнцтэй, түүндээ үнэнч.  Миний бодлоор Ука эгч Монголын урлагийн салбарт Ука гэдэг өнгө төрхөө буй болгосон хүн. Тэр нь залуучуудад үлгэр дуурайлал болж чаддаг. Илүү дутуу маяггүй санагддаг шүү.

Би жижиг зүйлээс ч аз жаргалыг хүсдэг. Хүн болгон тийм ч гэж боддог. Харах нүд хандлага зөв байвал аз жаргалыг жижиг зүйлээс ч авах, мэдрэх бүрэн боломжтой. Тэр боломжийг л алдахгүй байх хэрэгтэй.  Юунд дургүй вэ гэхээр хүн гэдэг том ертөнцийг үгүйсгэж ярьдаг хүнд  дургүй. Хүн бөмбөлөг шиг эргээд явж байдаг болохоор өнөөдөр маргааш хэн ч биш байж болно. Гаднах үзэмжээс нь болоод энэ нэг царай муутай юм, энэ нэг хачин юм гэж хүнд дургүй. Яагаад бүхэл бүтэн хүнийг юм гэж юм бэ. Тэр хүний туулсан амьдралыг амьгүй зүйлтэй зүйрлэдэгт харамсалтай. Бас хэтэрхий шүүмжилдэг хүмүүст дургүй би өөрөө шүүмж хэлээд байдаггүй. Яагаад гэхээр боловсролтой чадаж байгаа мэдэж буй хүн илүү нөхөрсөг зөвлөгөө өгдөг байх. Юм хийж үзээгүй юмны мөн чанарыг мэдрээгүй, аливаа зүйлд дурлаж төлөө хөлс, нулимсаа урсгаж, ирж үзээгүй хүн шүүмжилдэг байх. Харин ингэж үзсэн, дахин хийж хүрсэн хүн ч хэн нэгний хийх гэж зүтгэж байгаа зүйлийг шүүмжилдэггүй гэж боддог. Юмны өө хайдаг шүүмжилдэг хүмүүст таатай байдаггүй.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Тэр чигээрээ дуутай холбоотой. Дуу хоолойгоороо зөв зүйлрүү урайлах, хэрэгтэй хүнд нь хүргэх юмсан, чиглүүлэх юмсан гэж боддог. Ингэхийн  тулд би боловсрох ёстой. Бас нэг том мөрөөдөл байдаг. Хөдөлмөрийнхөө үр дүнг бий болгосны үндсэн дээр 45 насандаа хүүхдийн асрамжийн газартай болох.  Эмэгтэй хүн ухаан зарвал амьдралыг яаж ч өөрчилж болно. Хүүхдүүдэд амьдрал дээр хар, саарал хоёр өнгөөс өөр өнгө байдаг.  Амьдралийн сайхан зүйлийг харуулах, аав ээж нь хаясан ч хаягдсаар байгаад дуусдаг зүйл биш гэдгийг мэдрүүлэх ийм хүн байх юмсан гэж мөрөөддөг.

Та     залуучууддаа хандан уриалага хэлээч?

-Урайлах зүйл олон байдаг. Өөрийгөө эхлээд олоод, өөрийгөө битгий алдаарай. Хүн бүр цаанаас энэрэнгүй, хүнлэг, хүн чанартай тус ч байдаг. Түүнийгээ л алдахгүй тордох хэрэгтэй. Хэн нэгэнд битгий найд. Мөн бүх зүйлд өөриймсөг хандаарай. Хогоо, шүлсээ битгий хая. Гэртээ сууж байгаад шүлсээ, хогоо хаяад байдаггүй биз дээ. Бүх зүйл дээр шүүмжлэлтэй ханддаг хэрнээ нэгийг нь ч гэсэн биелүүлж чадаж байна уу үгүй юу гэдэгтээ анхаарах хэрэгтэй. Яагаад гэдэг асуултыг асууж байгаарай. Яагаад гэдэг асуултын цаана үл ойлголцол байхгүй, чи тэр хүнийг мэдэж авна, мэдрэмжээ сэргээнэ, бүх юм тодорхой болно. 

Багахан хугацаанд ярилцсанд баярлалаа. Таны ажил амьдралд амжилт хүсье.

-Баярлалаа