“Сэтгэлийн шаналал удах тусам амиа хорлох шалтгаан болдог”


2016-11-21 19:45:30 0

2016 оны 11 сарын 21

-Эцэг, эхчүүд завгүй гэснээс болж нууцаа найздаа л ярьдаг-

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

     Хүний  амьдрал жаргал, зовлон эрээн бараантай. Зарим нь зовлон багатай, зарим нь хэтэрхий их зовлонтой. Зовлонд урван амиа хорлох замыг сонгох хүмүүс олон. Монгол улс цөөхөн хүн амтай хэрнээ амиа хорлох үйлдэл сүүлийн үед ихсэх болжээ.

Амиа хорлолт нь үхлийн шалтгааны наймдугаарт бичигддэг аж. Дэлхий дээр 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож үхдэг гэсэн судалгаа бий.  Үүний гол шалтгаан нь сэтгэл зүйн байдал юм байна. Сэтгэлийн шаналал удах тусам амиа хорлох шалтгаан болдгийг судлаачид онцолсон. Хоёр төрлийн амиа хорлолт байдаг.   Санаатай болон хүмүүсийг айлгах зорилгоор хийсэн үйлдэл бөгөөд сэтгэл хөөрлөөр амиа хорлосон тохиолдол бага байдаг аж.

Хэзээ ч амиа хорлохгүй гэж ярьдаг хүн хүртэл амиа хорлочихдог. Боловсролтой, ухаантай хүн ч амиа хорлодог. Амиа хорлолтод тийм хүн амиа хорлоно гэсэн хязгаар байдаггүйг энэ төрлийн судалгааны бүтээлүүдэд дурьджээ. Товчхондоо нийгмийн үзэгдэл ч юм шиг. Судлаачид “Хүн амьдралын явцдаа нэг бус удаа амиа хорлох бодол төрдөг” гэсэн.

 Амиа хорлохыг завдаад  бүтэлгүйтсэн ч 1-2 долоо хоногийн дараа дахин оролдлого хийх магадлал өндөр гэнэ. Ийм байдлаар мөнх бусыг үзүүлсэн хүмүүсийн 80-90 хувь нь сэтгэл гутарлаар өвчилсөн байдаг бөгөөд 40-60 хувь нь өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан нь тогтоогдсон байна. Нас  тогтсон хүмүүсийн хувьд  эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүү амиа хорлодог. Яагаад гэвэл ажилгүй, ганцаардснаас болж эрсдэлээ нэмэгдүүлдэг аж.

Ямар хүмүүс амиа хорлож болзошгүй вэ?

         Сэтгэцийн эмгэг амиа хорлох гол шалтгаан болдог.

         Шизофреноор өвчилж байсан бол амиа хорлох магадлалтай. Энэ өвчин гутралын хам шинжтэй байдаг.

         Архинд донтсон хүмүүс.

         Сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан бол долоо хоногийн  дотор амиа хорлох оролдлого хийх нь элбэг байдаг байна.

         Ухаан алддаг, өвчин зовиуртай хүмүүс. Эдгээр эрсдэлийг тооцож үзсэн ч амиа хорлох үйлдлийг таслан зогсоож төдийлөн чаддаггүй. Яагаад гэвэл өөр өөр хүчин зүйлүүд ч нөлөөлдөг.

Хүн амиа хорлох үйлдэл хийснээрээ амь нас, санхүүгийн хувьд хохирдог төдийгүй эцэг эхчүүдээ хүнд байдалд оруулдаг. Сэтгэл судлаачид амиа хорлохыг завдсан хүмүүстэй заавал уулзах ёстой байдаг аж. Эмч нарын хувьд ч гэсэн амиа хорлохыг оролдсон даруйд нь сэтгэл судлаачдад мэдэгдэх учиртай гэнэ.

Өнгөрсөн 2012 оноос хойших судалгааг авч үзэхэд сүүлийн нэг жилд өсвөр насны хүүхэд амиа хорлохыг завдсан оролдлого хамгийн их бүртгэгджээ. Шалтгаан нь ихэвчлэн гэр бүлийн гишүүдтэйгээ үл ойлголцсноос болж тухайн үеийн сэтгэл хөдлөлөөс үүдсэн оролдлого байсан талаар судалгаанд дурьдсан. 

Өсвөр насны хүүхдүүд яагаад илүү их өртөөд байна вэ гэхээр энэ нас илүү онцлогтойг сэтгэл судлаачид хэлж байна. Эл үед сэтгэл санааны хувьд тогтворгүй, байгалийн хөгжлийн явцаар гардаг тэр өөрчлөлттэй холбоотой. Жишээлбэл, бага насандаа ээж аавтайгаа илүү ойр дотно байсан бол өсвөр насан дээрээ үе тэнгийнхэнтэйгээ харьцах сонирхолтой болдог. Хайр дурлалын асуудал гардаг. Гэр бүл гэхээс илүү нийгэмтэй харьцах сонирхолтой болно. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашигладагтай ч бас холбоотой. Насанд хүрэгчидтэй харьцуулахад өсвөр насны хүүхдүүд тухайн мэдээлэл буруу, зөв  гэдэг шүүмж, тунгааж бодох, дүгнэлт хийснийхээ дараа шийдвэр гаргах нь бага байдагтай ч холбон үзэхэд буруудахгүй. Нөгөөтэйгүүр уур бухимдал, сэтгэл хөдлөл гарч байгаа тэр өөрчлөлтийг хэрхэн хянаж удирдах вэ, гэдэг мэдлэг, боловсрол хараахан төлөвшөөгүйд байдаг.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл судлаач Э.Дэжид энэ талаар “Тухайн үеийн сэтгэл хөөрөлтэй холбоотой, мөн анхаарлыг нь татах гэсэн бас нэг оролдлогоор амиа хорлохыг завддаг. Энэ хоёр хоорондоо ялгаатай. Насны хувьд 14-16 насны өсвөр насны хүүхдүүд дийлэнхийг нь эзэлнэ л дээ. Манай хүлээн авахад хүргүүлж ирсэн хүмүүст нөхөн сэргээлт буюу тусламж зөвлөгөө өгдөг.

 Ганцхан хүүхэд ч биш эцэг, эхтэй ярилцах түүнчлэн хамтран ажиллах шаардлага гардаг. Тухайн хүүхдүүдийн ард эцэг эхчүүдээс шалтгаалсан маш их асуудал бий. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхэдтэйгээ харилцах, ойлголцох арга барил муу, өөрсдөө зан үйл, харилцааны хувьд доголдолтой байдаг нь харагдсан. Тэгэхээр бид нар ганцхан хүүхэдтэй биш эцэг эхчүүдтэй давхар ажиллах шаардлага гарна. Нэг хүүхэдтэй нэг удаа уулзаад болчих биш шат дараалсан нэлээн хугацаа ордог ажил.

Хүүхдэд ийм асуудал тулгарвал амиа хорлох сонголтоор бус эрүүлээр өөрт нь тулгарсан асуудлыг шийдвэрлэх, арга замыг ойлгуулах цаашлаад тэр арга замыг олж автал нь сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Мөн үе тэнгийнхэн бусаддаа нөлөөлөх, даган дуурайх гэдэг асуудал гарч ирдэг. 

Эцэг эхчүүд  завгүй гэснээс болж нууцаа найздаа л ярьдаг. Гэтэл тэр асуудлыг шийдвэрлэх, туслах хэмжээний мэдлэг байхгүй ижил төвшний хүүхэд байдагтай холбоотой. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцах тал дээр маш дутмаг. Тэгэхээр ганцхан  зааж зааварлах биш харилцан ярилцдаг байх. Болсон хойно нь биш урьдчилан сэргийлэхийн тулд хүүхэдтэйгээ яаж харилцах талаар суралцах хэрэгтэй.  Дахиад ийм нөхцөл байдал үүсгэхгүй байхад яаж анхаарах, сэргийлэх ёстой вэ гэдгийг мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, хамтран ажиллах байдлаар сэтгэл зүйн боловсрол дээр нь анхаарвал хүүхэд дахин ийм үйлдэл хийхгүй” гэлээ.

Хүүхэд сургууль дээрээ ихэнх цагаа өнгөрөөж,  бүх мэдээллийг авдаг нь мэдээж. Гэтэл Боловсролын яамнаас нь Эрүүл мэндийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан байна билээ.

Энэ мэтчилэн төр, эцэг, эхчүүд, нийгмийн байгууламжийн буруутай үйлдлээс болж хүүхдүүд ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр байх уу.