богино мэдээ New

НӨАТ тооцох үнэлгээний заалтыг хүргэж байна

Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг дор дурдсан журмаар тодорхойлно.

2016 оны 07 сарын 27

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн есдүгээр зүйлд заасан энэ төрлийн татвар тооцох үнэлгээний заалтыг хүргэж байна.

9.1.Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг дор дурдсан журмаар тодорхойлно:

9.1.1.импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж; /Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн болон борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;

9.1.3.Энэ хуулийн 7.3.1, 7.3.2 -т заасан үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг тэдгээр бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;

9.1.4. эд мөнгөний хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг оролцогчдын төлсөн нийт мөнгөн дүнгээс хожлын төлбөрт төлсөн мөнгөний хэмжээг хасч;

9.1.5.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар барагдуулсан бол үнийнх нь дүнгээр.

9.2.Дараахь тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг харъяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно:

9.2.1.борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ тариф тодорхойгүй;

9.2.2.бараа ,ажил, үйлчилгээг харилцан солилцсон;

9.2.3.харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийнхээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн.

9.3.Нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол түүнийг энэ хуулийн 10.2-т зааснаар тогтоосон өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.