богино мэдээ New

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын урамшуулалыг нэмэгдүүллээ

2017 оны Төсвийн төсөл хоёр дахь шатны хэлэлцүүлэгт шилжээд байгаа. .

Сэтгүүлч А.Өлзийцэцэг

Ирэх оны Төсвийн төсөл хоёр дахь шатны хэлэлцүүлэгт шилжээд байгаа. Тэгвэл нэгдсэн төсвийн нийт зарлагыг найман их наяд 564 тэрбум төгрөг байхаар тооцож байна. Ирэх оны төсөвт 8.5 их наяд гаруй төгрөг зардалд тооцсон нь тодотголоор батлагдсан түвшинтэй харьцуулахад 13.2 хувиар бууруулжээ.

Төсвийн алдагдлыг зорилтот түвшинд хүргэх зорилгоор нийт зарлагыг бууруулах, өсөлтийг хязгаарлах бодлого баримталж байгаа нь төслөөс харагдаж байна. Харин Нэгдсэн төсвийн урсгал зардлыг нийт 6.9 их наяд төгрөг байхаар тооцсон. Урсгал зардлыг тооцохдоо хэд, хэдэн зарчим баримталжээ. Тэр дундаа бүх шатны төсвийн байгууллага хэмнэлтийн зарчмаар ажиллах аж. Төсвийн орлогын бууралттай уялдуулан бараа үйлчилгээний зардлыг бууруулах замаар урсгал зардлын өсөлтийг хязгаарлах бодлого баримталж байна. Тухайлбал, тавилга худалдан авалтад мөнгө төсөвлөөгүй байгаа юм. Өмнөх онуудад түр хугацаанд хэрэгжсэн буюу нэг удаагийн шинжтэй зарим арга хэмжээний зардлыг 259.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцжээ.

Мөн Хөрөнгийн зардлыг 2016 оны тодотголоос 57.3 хувиар бууруулж хоёр их наяд 350 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. Түүнчлэн ХАА-н салбарт малын гаралтай түүхий эд ашиглан дотоодод эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилго тавьж буй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олгох урамшуулалд 2016 оны төсвийн тодотголоор нийт 49.3 тэрбум төгрөг байсан бол 2017 оны төсвийн төсөлд нийт 54 тэрбум төгрөг байхаар нэмж тооцжээ. Үүнээс хүнсний улаанбуудайн урамшуулалд 16 тэрбум төгрөг, ноосны урамшуулалд 22.3 тэрбум төгрөг, арьс ширний урамшуулалд 15.7 тэрбум төгрөг байхаар тусгасан байна.